Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европ тив даяар Covid-19 цар тахлын халдвар нэмэгдсээр байгаад анхаарлаа хандуулж, дахин голомт болохоос сэрэмжлүүлжээ. ДЭМБ-ын Европ дахь салбарын дарга Ханс Клуге мэдэгдэхдээ тус тивд цар тахлын улмаас нас барагсдын тоо ирэх хоёрдугаар сар гэхэд хагас саяд хүрэх тооцооллыг танилцуулжээ.
Европ тивд нас баралт, халдварын тархалт нэмэгдэж байгаа нь вакцинжуулалт удаашралтай байгаатай холбоотой хэмээн тэрбээр онцлов. Европын зарим орон, тухайлбал, Испани иргэдийнхээ 80 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан бол дархлаажуулалт Францад 68 хувь, Германд 66 хувьтай байна. Түүнчлэн зүүн болон төв Европын орнуудад цар тахлын эсрэг вакцинжуулалт 50 хувьд хүрэхгүй байгаа нь санаа зовоож байгаа аж. Тухайлбал, ОХУ-ын нийт иргэдийн дөнгөж 32 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.
Европын бүс нутагт Төв Азийн зарим хэсгийг оролцуулаад 53 орон хамаардаг бөгөөд нийт 1.4 сая хүн цар тахлын улмаас нас барсан аж.
Германд өнгөрсөн хоногт 34 мянга орчим тохиолдол шинээр илэрсэн нь аюулын харанга дэлджээ. Түүнчлэн Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хэмжээнд хоногт 37 мянга давсан халдвар шинээр бүртгэгдэж байгаа нь цар тахлын шинэ давалгаа эхэлсэн гэж хардаж байна. Мөн ОХУ-д цар тахлын халдварын тоо өнгөрсөн долоо хоногт огцом нэмэгдэж, 8100 гаруй нас баралт бүртгэгдсэн бол Украинд 3800 хүн нас баржээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ