“Төр муу менежер” гэж үг байдаг. Энэ үгийн бодит биеллийг одоогийн Төрийн өмчит хувьцаат компаниуд /ТӨХК/ харуулж байна.
2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай гэсэн үг. Энэ жил гэхэд төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
“Төрийн” гэх тодотголтой аж ахуйн нэгж ийм олон ч ашигтай ажилладаг нь цөөхөн. Мэргэжилтнүүд үүнийг төрийн өмчийн компаниудын данхар бүтэц, компанийн засаглал, удирдлага менежментийн алдаатай бодлого, цаг үетэйгээ нийцэхгүй хууль эрх зүйн орчинтой холбон тайлбарладаг. Тиймээс Засгийн газраас газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан ТӨХК-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхээр болсон. Өөрөөр хэлбэл:
- Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх,
- Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх,
- Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох асуудал яригдаж буй.
Ингэснээр 2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцжээ.
МОНГОЛЫН ТӨХК-ИУДЫН УДИРДЛАГЫН ОЛОНХ НЬ ЦҮНХ БАРИГЧ НАР
Энэ талаар эдийн засагч Д.Ангараас лавлахад "Төр хамгийн муу менежер гэдэгтэй би санал нийлдэг. ТӨХК байгаа цагт авлига хээл, хахууль хэзээ ч буурахгүй. Тэд зардлаа бууруулж ашиг орлогоо нэмэгдүүлэх үр ашгийн төлөө хэзээ ч явахгүй. Харин ч худалдан авалтаар далимдуулж зарлагаа нэмж, хувьдаа мөнгө шамшигдуулах нь тасрахгүй. Цөмийн энерги, эрчим хүчтэй холбоотой ТӨХК байхыг үгүйсгэхгүй. Бусад улс оронд ч ийм жишгээр явдаг. Харин Монголын ТӨХК-иуд бизнесийн бүх салбарт явж байна.
Хамгийн сүүлд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг төр авах талаар яригдсан. Даатгалын компаниуд ажлаа дутуу хийж байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл дутуу хийгээд байгаа зүйлийг гүйцээх хэлбэрээр хуульд өөрчлөлт оруулж болно. Үүнд заавал төр оролцох албагүй. Хувийн хэвшлийнхэн хөл дээрээ жаахан тогтоод ирэхээр дээрээс нь намнах бус, харин дэмжээд өгөх хэрэгтэй.
Энэ жишгээр явах юм бол бүх бизнесийг төр авч, 1990 онд улсаараа татгалзсан коммунизм руу буцаж орох нь. ТӨХК-иудын удирдлагыг аль нэг намын шахалтаар бус нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, урамшуулалд суурилсан системээр томилох ёстой. Монголын ТӨХК-иудын удирдлагыг хар л даа. Өмнө нь ямар ч бизнес эрхэлж байгаагүй, олон жил намд ажиллаж байсан цүнх баригч нар байна. Төр том, том үйлдвэрүүдийг эзэмшиж болно. Харин түүнийг удирдах менежерүүдээ нээлттэй сонгон шалгаруулах хэрэгтэй. Дотоодоос сайн хүн олдохгүй бол гадны шилдэг менежерүүдийг авч тавь. Тэр хүмүүстэй үр дүнд суурилсан удирдлагын гэрээ хийх хэрэгтэй. Үнэхээр сайн ажилласан бол гэрээгээ сунгаж алдагдалтай ажилласан бол гэрээг нь цуцалдаг байх нь зөв жишиг" гэдгийг онцоллоо.