Улсын хэмжээнд энэ сарын 4-ний байдлаар Covid-19-ийн улмаас 40641 хүн гэртээ өөрийгөө эмчилж байна. Гэрээр хяналтад байгаа хүмүүс өрхийн эмнэлэгтээ хандаж эмийн багц авах боломжтой ч хүн бүр түүнийг нь хүртэж чадахгүй байгаа юм. Тиймээс иргэд вирусийн эсрэг эм болон шаардлагатай тариаг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах хүсэлтэй буй аж. Зайлшгүй хэрэгцээт өндөр үнэтэй эмийг хөнгөлж болох эсэхийг иргэд сонирхож байна. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн жагсаалтад Covid-19-ийн эсрэг эмүүдийг оруулах боломжтойг тодрууллаа.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ НЭМЭХ НЬ ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ ЭРСДЭЛТЭЙ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өгсөн мэдээллээр одоогоор Covid-19-ийн эсрэг вирусийн эмийн үнийг даатгалаар хөнгөлүүлэх талаар хүсэлт ирээгүй байна. 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр 33 худалдааны нэршлийн эмийг нэмсэн. Түүнээс хойш жагсаалтад эм нэмээгүй. Тухайн үед уналт, таталтын эсрэг, тархины эд эсийг хамгаалах, гепатит В-гийн эсрэг, цусны даралт бууруулах, нянгийн эсрэг антибиотик, өвдөлт намдаах зэрэг эмүүдийг шинээр оруулсан байгаа. Хөнгөлөлттэй эмүүдийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой бөгөөд цусны даралт буруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70 хувь хүртэлх үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Суурь өвчтэй хүмүүс Covid-19-өөр өвдсөн тохиолдолд хөнгөлөлтөд багтсан эмээ хориглох заалт гарч байгаа. Мөн Covid-19-өөр өвдсөн учир тухайн эмчийн жороор бичсэн эмийг хөнгөлж өгөхийг ч эмч нараас хүсч буй тохиолдол бий. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт эмийн үнэтэй холбоотой хүсэлт ирээгүй.
Учир нь Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой тусгай агентлагт санал, хүсэлт төвлөрч байгаа. Covid-19-ийн эсрэг эмийн үнийг хөнгөлөх тал дээр зөвхөн иргэдийн байр суурьнаас хандахаас илүүтэй аль аль талын асуудлыг авч үзэх нь зөв. Иргэд даатгуулагчдын тухайд халдвар авсан л бол хөнгөлөлттэй эм авна гэвэл зайлшгүй хэрэгцээт эмийн нөөц болоод эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зэрэг олон зүйлс нөлөөлнө. Тиймээс одоогоор хөнгөлөлтөд багтаах эсэх нь тодорхойгүй байна гэсэн юм. Хөнгөлөлттэй эмийг нэмэх нь нөгөө талаар эмийн зохисгүй хэрэглээг бий болгох эрсдэлтэйг ч албаны хүмүүс онцолсон юм.