Аз жаргал, эрч хүчээр дүүрэн “Happy art” | News.MN

Аз жаргал, эрч хүчээр дүүрэн “Happy art”

Аз жаргал, эрч хүчээр дүүрэн “Happy art”

Сүүлийн жилүүдэд урлагийн ач тус, хүний биед үзүүлэх эерэг нөлөөллийн талаарх судалгаанууд хийгдэж, эерэг үр дүнгүүд ч гарсаар байна. Жишээ нь Лондонгийн их сургуулийн нейробиологич, профессор Семир Зеки сонгодог уран зураг ширтэх үед хүний тархинд дурласантай ижил мэдрэмж төрж, аз жаргалтай болдгийг судалгаагаар нотолсон байдаг. Мөн Австралийн Квинслендийн их сургуулийн судалгаагаар уран зургийн галерей, музейгээр зочлох нь байгальд аялал хийсэнтэй дүйцэхүйц мэдрэлийн ядаргаа тайлдаг болохыг баталсан байдаг. Орчин үеийн анагаах ухаанд  урлагаар дамжуулан сэтгэл засал хийх "Арт терапи" гэх ойлголт ч хөгжөөд буй.

Үүний нэг том төлөөлөгч бол хүмүүст баяр хөөр, аз жаргалыг өгөхөөр амьдралынхаа турш зорьж яваа Ромеро Бритто зураач юм. 1963 онд Бразилд төрсөн энэхүү уран бүтээлч “Поп Арт” болон “Кюбизм”-ээс санаа авч “Happy Art” гэх шинэ урсгалын үндэслэгч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг. Энэхүү урсгалын онцлог нь тод өнгө, өвөрмөц дүрслэл, хөгжилтэй хэв маягт оршино. Уран зураг сонирхогчоос эхлээд, дэлхийн баячууд, Hollywood-н одод хүртэл Romero Britto-н бүтээлийг авах хүсэлтээ ар араасаа илэрхийлцгээнэ. Америкийн алдарт жүжигчин, продюсер мөн Britto-н уран бүтээлийг цуглуулагч David Caruso нэгэнтээ “Ихэнх уран бүтээлчид хар бараан ертөнцөөс сэдэлжсэн бүтээлээр дамжуулан илэрхийлэмжээ гаргадаг. Харин Ромеро Бритто тэс эсрэг ертөнцөд эрэл хайгуулаа хийдэг” хэмээн онцолсон байдаг. Гэхдээ түүний уран бүтээлийн шүтэн бишрэгчид нь зөвхөн хувь хүнээр зогсолгүй Coca-Cola, Walt-Disney,  Audi, Bentley, Universal Pictures зэрэг үндэстэн дамнасан корпорацууд ч багтана.

Магадгүй зураачийн гэгээлэг хүсэл зорилго, шинэ урсгалын нь хэв маяг нь олонд таашаагдах шалтгаан байж болох ч нөгөө талаас шинжлэх ухааны үндэслэгч байх талтай. Учир нь сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хэлбэр дүрс тэр ч байтугай босоо болон хэвтээ зураас хүртэл хүний далд ухамсарт хүчтэйгээр нөлөөлж аливаа утга агууламжийг илэрхийлж байдаг. Харин “Happy Art” төрлийн зургууд нь хүчирхэг байдлыг илтгэх гурвалжин дүрс, нөхөрсөг тайван байдлыг мэдрүүлэх дугуй, бат бэх, тэнцвэртэй мэдрэмжийг төрүүлэх дөрвөлжин болон тэгш өнцөгтүүдээр дүүрэн болохыг харж болно. Мөн олон төрлийн завсрын болон үндсэн өнгөнүүдийг хольсон тохиолдолд хүний сэтгэл санаанд аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг гэх ойлголт ч буй.

Ямартаа ч итгэл найдвар, аз жаргалын дүр зургийг бүтээж, урам зориг авах бүтээл туурвихыг зорин 1988 онд Маямид ирж байсан залуугийн зорилго биелж өдгөө дэлхий даяар сая сая хүмүүст аз жаргал, баяр хөөрийг бэлэглэсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж