Төв банкнаас мэдээлснээр, Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр байгаа тул гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй. Гадаад өрийн тогтвортой байдлын шинжилгээгээр Монгол Улсын нийт гадаад өр энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 220 хувьд хүрэхээр байгаа юм.
Улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилд 33 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (7 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 471.1 (1.5 хувь) сая ам.доллараар нэмэгджээ. Нийт гадаад өрийн 36.4 хувь буюу 12 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.4 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна. Харин 25.6 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 6.7 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Монголбанкных, 4.9 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.
Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 972.1 (8.8 хувь) сая, бусад салбарынх 588.3 (7.3 хувь) сая, Засгийн газрынх 556 (7 хувь) сая, төв банкных 110.8 (5.3 хувь) сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (4.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлынхаас 237.6 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Ийн багасахад дотоод өр 90.5 (8 хувь) тэрбум, барих шилжүүлэх төрлийн концесс 79.4 (9.4 хувь) тэрбум, гадаад өр 58.8 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
2022-2023 онд “Чингис” бондын үлдэгдэл 140 орчим сая, “Гэрэгэ” бондын үлдэгдэл 540 орчим сая зэрэг нийт дөрвөн тэрбум ам.долларын өр төлбөр хүлээгдэж буй.
Гадаад валютын албан нөөц (ГВАН) есдүгээр сарын эцэст 4.2 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 5.7 хувиар буурчээ. ГВАН өнгөрсөн дөрөвдүгээр сард 4.9 тэрбум ам.доллар буюу дээд түвшинд хүрснээс хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.
Нөгөө талаас Олон улсын валютын сангаас авсан зээл болон мөнгөжсөн алтны нөөц нэмэгдсэнээр ГВАН-ийн хэмжээ энэ оны эцэст 4.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Энэ нь импортын найм орчим сарын хэрэгцээг хангах түвшин болж буй юм. Мөн богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц хэмжээ гэж Монголбанк тодотгов.
Ирэх гурван жилд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь буурч, Засгийн газрын гадаадаас зээл авах хэрэгцээ 2020 онд төсөөлж байсантай харьцуулахад буурахаар байгаа аж. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр засгийн газрын гадаад өрийн дарамт 2021 онд ДНБ-ий 70% орчимд хүрэхээр байгааг шинжээчид урьдчилан хэлж байсан билээ.
Төв банкнаас мэдээлснээр, урсгал дансны алдагдал буурч, гадаад зээл, санхүүжилтийг амжилттай татсанаар гадаад валютын нөөц нэмэгджээ. Монголбанк 2020 онд БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлцлийг амжилттай сунгаснаар валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулсан. Мөн гадаад валютын албан нөөц 2021 оны эцэст өсч, урсгал дансны төлбөрийн 5.6 сарын хэрэгцээг хангах, 2022-2024 оны засгийн газрын гадаад өрийн дарамтыг бууруулж чадахуйц түвшинд хүрнэ гэж төсөөлж буй юм.
“Мүүдиз”, “Фитч”, “Эс энд Пи” зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын тооцооллоор энэ онд улсын төсөв, засгийн газрын өр, гадаад сектортой холбоотой үзүүлэлтүүд сайжирчээ.
Covid-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ч эдгээр агентлагуудын 2021 оны үнэлгээгээр манай улсын зээлжих зэрэглэлийг цар тахлын өмнөх үетэй ижил түвшинд хэвээр үлдээж, нэг агентлаг төлөвийг сайжруулсан. Нэг хүнд ногдох орлого бусад ижил үнэлгээтэй улсуудтай харьцуулахад сайн байгаа бөгөөд 2021 онд 5.0-6.7 хувьд хүрч, цаашид сэргэх төсөөлөлтэй байна.
Цаашид Тавантолгой, Оюутолгой болон бусад уул уурхайн төслүүд дэх гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтвортой байх төлөвтэй байна.
Улсын төсөв, засгийн газрын өр, гадаад сектор, эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд нь үнэлгээний байгууллагуудын төсөөллөөс илүү хурдтайгаар сайжирсан тохиолдолд манай улсын зээлжих зэрэглэл сайжрах боломжтой. Харин эдийн засгийн сэргэлт удааширч, улсын төсвийн болон гадаад өрийн үзүүлэлтүүд муудсан тохиолдолд зээлжих зэрэглэл буурах магадлалтай юм.