Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 10 жилийн өмнө Түлэнхийн төвийн барилгыг акталсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяанд 1957 онд баригдсан барилгыг цаашид ашиглах боломжгүй гэх шалтгаанаар хаасан ч өнөөг хүртэл шинэ барилга нь үүдээ нээсэнгүй. Угтаа бол энэ оны есдүгээр сард 95 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байсан гурван блок үйл ажиллагаагаа явуулж эхлэх бүрэн боломжтой.
Улсын хэмжээнд жилд дунджаар 18-20 мянган хүн ахуйн болон гэнэтийн байдлаар түлэгддэг. Эдгээрээс эмнэлгийн тусламж огт авч чадаагүй хүмүүс их байдаг аж.
ГССҮТ-д хандах яаралтай түргэн тусламжийн дуудлагын ихэнх хувийг өвлийн улиралд ахуйн хүрээний гал түймэр, халуун тогоо зэргээс болж түлэгдсэн дуудлага эзэлдэг байна. Тиймээс энэ статистик Түлэнхийн төв зайлшгүй байх шаардлагатайг баталж буй юм. Түлэнхийн төвийг 2011 онд акталж, нурааснаар 2012 онд "Алтантулга" гэх компанид 4024 м.кв газрыг хууль бусаар шилжүүлсэн болохыг удаа дараагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв. Үүнээс өмнө 2004 онд А/445 дугаартай тогтоолоор Түлэнхийн төвд зөвлөх эмчээр ажиллаж байсан эмч мэргэжилтнүүд 1200 м.кв газрыг мөн л хууль бусаар авсан гэдэг.
Анх актанд гарах үеэр эмнэлгийн газар 16400 метр квадрат талбайтай байсан бол жил ирэх бүрд ийн агшсан. Одоо бол 7300 метр квадрат хүрэх үгүйтэй зайд хоёр блок нь баригдсан.
Улсын төсвөөс гадна 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг ч зарцуулсан. Гэсэн ч гүйцэтгэл нь хөсөр хаягдсаар олон жил үйл ажиллагаагаа эхэлсэнгүй.
Сууриа тавьснаас хойш 10 дахь жилийн нүүр үзэж буй барилгын ажил нь адармаатай. А блокын ажлыг нь “Цаст констракшн” компани, Б блокыг “Нутгийн зам” групп барьсан. Харин гурав дахь блок нь цогцос хадгалах байрны зориулалттай байсан ч орон сууцны барилга болон хувирсан.
Засгийн газраас нийт 9.6 тэрбум төгрөгийг энэ барилгад зарцуулсан атал гүйцэтгэл нь маш бага төсөвтэй байгааг иргэд гайхаж сууна. Үе, үеийн Эрүүл мэндийн сайд "Энэ ондоо багтаж ашиглалтад оруулна" гэсээр өдийг хүрэв.
Түлэнхийн төвийн нэг барилга 12 давхар орон сууцны барилга болсон учрыг Авлигатай тэмцэх газраас шалгаад ч тоймтой шийд гарсангүй. Үүнээс болж төвийн барилгын ажил ч ахисангүй. Өнөөдөр тус төвийн хоёр блокод Түлэнхийн төв ажиллаж болохоор байтал нээх эзэн олддоггүй. Цар тахлын хүнд хэцүү үед бүх шатлалын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Энэ үед Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад оруулж, эрүүл мэндийн салбарын ачаанаас үүрэх шаардлагатай байна.
Холбоотой мэдээ