Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилт нь Монгол Улсад хурцаар тулгамдсан асуудал болоод буйг тодотгож, үүнтэй тэмцэх, сааруулах зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах зэрэг санаачилга, шийдвэр гаргаад буйг хэллээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц, түүний механизмууд Монгол Улсын санаачилгыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна гэв.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн цөлжилт бол зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхий дахины асуудал гэдгийг тодотгож, цөлжилттэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцид 1996 онд нэгдэн орж, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2010 онд, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг 2012 онд тус тус баталсан билээ. Энэ чиглэлээр Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна.
Эх сурвалж: president.mn