Чуулган: Бүх даатгалын салбарт төр бүдүүлгээр халдаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Бүх даатгалын салбарт төр бүдүүлгээр халдаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн /2021.11.04/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна.

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 15 саналтай
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 1 саналтай
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 8 саналтай
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 1 саналтай

 

 

 

 

18 : 09
2021-11-4

Албадлагын аргаар авсан мөнгө хэн нэгэнд ашиг орлого болж болохгүй

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Австрали, Голланд, Норвегид хувийн байгууллага нь даатгалын үйлчилгээ эрхэлдэг. Төр нь үүн рүү довтлоод эхэлсэн улс орнууд дандаа бурууддаг. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээл рүү бүдүүлгээр дайраад байвал улам дордоно. Төр оролцсоноор ямар өөрчлөлт авчрах юм бэ. Төр хэрвээ тусгай зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааг эрхэлнэ гэвэл тусгай зөвшөөрлөөр олгож буй үйл ажиллагаагаа бүгдийг нь авчихсан нь дээр шүү дээ. Зах зээл, хувийн хэвшил рүү довтолсон байдал хэрээс хэтэрлээ. Бид ардчилсан оронд амьдарч байгаа биз дээ. Даатгалын санг аваад төр удирдах юм бол Капитал банкны жишээ шиг байдалд хүрнэ.

Эцэстээ улстөржөөд, засаг солигдохоор хариуцах эзэнгүй үлддэг. Салбар болгонд төр оролцож байгаа бол нэг мөр тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйл ажиллагааг бүгдийг нь ав л даа. Жолоочийн даатгалын хууль бол нэгхэн жишээ. Төр бүх салбарт оролцоод байхаар хувийн хэвшлийнхэн нуруугаа авахууллаа. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

-Жолоочийн хариуцлагын даатгалд баталгаат сан гэж байдаг. Уг сан нь гэрээний хугацаа дууссан хүмүүс, эсвэл даатгалгүй хүмүүс, эсвэл согтуугаар жолоо бариад осолдсон хүмүүс осол гаргавал буруутай этгээдээр хохирлыг төлүүлдэг. Энэ баталгаат сангийн хэмжээгээр төрийн оролцоо байх нь зүйтэй юм байна хэмээн хэлэлцүүлэг явуулж, Засгийн газрын санал бусад мэргэжилтнүүдийн саналыг аваад төрийн оролцоо байх ёсгүй юм байна. Нийтийн эрх зүйн ашгийн бус хэлбэрээр байх юм хэмээн томъёолоод хууль санаачлагчид хүргүүлсэн. Хоёрдугаарт, төр даатгалын салбарыг бүтнээр нь авах гээгүй. Албан журмын даатгалыг татвар шиг, төр албадлагын аргаар иргэдээс мөнгө авч байгаа. Албадлагын аргаар авсан мөнгө хэн нэгэнд ашиг орлого болж болохгүй л дээ.

 

15 : 06
2021-11-4

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хийлээ.

Гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Орон нутгийн санхүүжилтийг аймгуудад хуваарилах, үүнтэй холбоотой өөрчлөлт орох тухай хөндөгдөж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй байлгаж, тухайн орон нутагт зарцуулах нь чухал байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө юунд зарцуулагдаад байна вэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Улсын төсөв орон нутгийн төсвийг хоорондын харилцааг зохицуулсан зарим өөрчлөлтүүд орсон. Аймгуудын хувьд авдаг мөнгөн дээр өөрчлөлт орсон. Ялангуяа ашигт малтмал, олборлолт хийдэг аймгуудад илүү их мөнгө боломжийг гаргаж өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангаас ямар төслүүд хэрэгждэг вэ гэж асууж байна. Орон нутгийн хөгжлийн санг хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийг ард иргэд өөрсдөө гаргадаг. Хамгийн их санал авсан төслийг санхүүжүүлдэг.

Ирээдүйн өв санг ашиглаж, хүүхдүүдэд хуримтлал бий болгох асуудал яригдсан. Ингээд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгээс Ирээдүйн өв санд гар хүрэхгүйгээр явах ёстой. 2022 оны хувьд цар тахлын хүндрэл байгаа учир зөвхөн нэг жилийн хугацаанд Ирээдүйн өв сангийн мөнгийг ашиглая гэсэн байр сууриар холбогдох өөрчлөлтийг оруулсан. Цаашид 2030 он хүртэл хуулийн дагуу хуримтлагдаад явна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:  Б.Жавхлан сайдаа та бол төв банкинд олон жил ажилласан хүн. Яагаад санхүүгийн тогтолцоогоо эвдээд байгаа юм бэ. Ирээдүйн өв сангаа ашиглах үндсэн санаа нь юу гэхээр хадгаламж юм. Тиймээс хүүхдийн мөнгийг хадгалъя гэсэн зориулалтаар орж ирсэн. Гэтэл өнөөдөр нэг удаа ашиглая гэсэн байдлаар орж ирж байна. Ийм зарчимгүй байж болохгүй. Ирээдүйн өв сан гэдэг чинь өв хоорондын балансыг хангадаг өнөөдрийн байгаа эх үүсвэрийг аваад маргааш хадгалаад үржүүлдэг сан. Гэтэл өнөөдөр энийг хүүхдийн мөнгөнд зориулъя гэж болохгүй. Энэ хуулийг батлах гээд таван жил ноцолдсон. Үе үеийн Засгийн газар дээрх сангийн мөнгийг хэрэглэхийг боддог. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан сайд энийг хамгаалах ёстой. Харамсалтай ичгэвтэр байна.

Ирээдүйн өв сангаа ашиглахгүй байж болохгүй юм уу. Тойрог бүрт олгодог мөнгөө болчихъё. Жилийн өмнө уриалж байсан. Энийгээ зоригтой хийчих л дээ Б.Жавхлан сайд аа.

Төсөв дагуулж хууль үйлчилдэг байдал 11 жил явж байгаа юм байна

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганнибал: УИХ-ын бүрэн эрхэд Засгийн газар шууд халдаж байна гэсэн үг. УИХ баталсан хуулиар төсвөө хийгээд Засгийн газар оруулж ирэх ёстой. Баахан хуулиуд хийчхээд тэрэндээ тааруулж төсвөө оруулж ирээд байх юм. Судалж үзлээ. Төсөв дагуулж хууль үйлчилдэг байдал 11 жил явж байгаа юм байна. Гишүүддээ уриалмаар байна. Хэдүүлээ УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлмээр байна. Засгийн газар асуудлаа шийдүүлэхдээ хуулийг өөрчлөөд ороод ирнэ. Бидний хийсэн болгон үнэ цэнэгүй болоод байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Сүүлийн 10 гаруй жил ийм байдалтай явж байна. Ингэхийг амьдрал шаардаж байгаа юм. Бодитой жишээ хэлье.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Ирэх оны төсөвт урсгал зардал нэмэгдүүлэх саналыг хүргэж байна.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын урсгал зардлыг 300 сая төгрөгөөр нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан улсын бага хурлын зарим гишүүнд нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгоход зориулж 840 сая төгрөг,
  • Ардын их хурлын депотатуудад буцалтгүй тусламж олгоход зориулж 2 тэрбум 350 сая төгрөг,
  • Үндсэн хуулийн 30 жилийн ойн арга хэмжээнд зориулж зохион байгуулагдах арга хэмжээнд 200 сая төгрөг,
  • УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдахтай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах 1 тэрбум 568.2 сая төгрөг, нийт дөрвөн тэрбум 952 сая 800 мянган төгрөгийг УИХ-ын даргын урсгал даргын зардалд нэмж тусгах,
  • ХЭҮК-ийн урсгал зардлыг нэг тэрбум 664.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын түүх соёл үндэсний урлагыг гадаад дотоод түгээн суртачилхад 400 сая төгрөг,
  • Аймаг, сум нийслэл, дүүрэгт номын баярыг уламжлал болгон хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт нэг тэрбум төгрөг, нийт нэг тэрбум 400 сая төгрөгийг Соёлын сайдын урсгал зардалд нэмж тусгах,
  • Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардлыг нэг тэрбум 427.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийнг даргын багцад тусгагдсан шүүхийн сахилгын хорооны зардал болох нэг тэрбум 475 сая төгрөгийн санхүүжилтээс нэг тэрбум төгрөгийг ШЕЗ-ийн урсгал зардлыг нэмэгдүүлэх, 475.5 сая төгрөгийг шүүхийн сахилгын хорооны урсгал зардалд шилжүүлэх, мөн хорооны урсгал зардалд 1 тэрбум 262 сая төгрөгийг нэмж тусган нийт дүнгээр Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг нэг тэрбум 738 сая төгрөгөөр тооцож төсөлд тусгах,

Гишүүдийн олонх нь дээрх урсгал зардлыг нэмэгдүүлэхийг дэмжив. Хуралдаан үргэлжилж байна.

 

14 : 52
2021-11-4

Г.Занданшатар: Виртуал хөрөнгийн хууль эцэслэн гартал шинэ коин гаргахыг хязгаарламаар байна

Занданшатар

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Төрөөс мөнгөний бодлого баримтлах үндсэн чиглэлд 3.1-д нь болохоор төв банк цахим мөнгө гаргах асуудлыг судална гэсэн. Энэ хэр бодитой зорилт вэ. Энэ сэдэв дээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк чанга дуугарах ёстой. Гаргаж буй коины аль нь блокчейнд үндэслэсэн юм, хоосон хөөсрөл байгаа эсэхэд мэдээлэл өгөх ёстой. Ч.Хүрэлбаатар гишүүн Хаан банкны асуудлыг хөндлөө. Хаан банк манай улсын хамгийн том банк. Дангаараа зах зээлийн 40-өөс илүү хувийг эзэмшдэг. Иргэдийн банкны зах зээлийн 70 хувийг эзэмшдэг. Тэгэхээр энэ бол том ач холбогдолтой банк. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь Хаан банкны хувьцааг худалдан авсан бол энэ том асуудал. Банкны тухай хуулийг зөрчөөд байгаа юм биш үү. Өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны асуудал гарч байсан. Өмнө банкны хувьцаа эзэмшигчид маргалдаж, банкны нэр хүнд унасан нөхцөл үүссэн. Манай улсын хамгийн том банкинд ийм нөхцөл үүсвэл ганхаж эхэлнэ шүү. Сошиалаар яваад байгаа мэдээлэл үндэслэлтэй юу.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Манай улсад таван нөлөө бүхий арилжааны банк бий. Үүний нэг нь Хаан банк. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлдог бичиг баримтуудыг Монголбанк аваад эцсийн зөвшөөрөл өгч байгаа. Хаан банкны хувьд 2003 онд хувьчлагдсан. Тус банкны 60 хувийг нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. Тухайн компани хувьцаагаа том, жижиг янз бүрээр өнөөдрийг хүртэл арилжаалж байна. Банкны тухай хуулийг сайжруулснаас хойш тухайн банкны асуудалд Монголбанк оролцож байгаа.

Ялангуяа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банкны холбогдох хүн байна гэсэн мэдээллийг тодруулахад энэ талаар оролцоо, гэрээ байхгүй гэдгийг хэлсэн. Эцсийн зөвшөөрөл олгогдоогүй. Хууль бусаар арилжаанд ороод хувьцаа эзэмших юм бол банкны тухай хуулиар саналыг нь түдгэлзүүлэх, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулахгүй байх бүхий л хязгаарлалтуудыг авах эрх нь төв банканд бий. Тиймээс ийм эрсдэлтэй зүйл гарахгүй гэж бодож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Коины асуудалд Монголбанк, СЗХ нь “Бид хариуцлага хүлээхгүй” гэж хэлэх нь хангалтгүй. Хүмүүс цалингаа урьдчилж аваад коин болгож байна гэх мэтчилэн асуултууд их ирж байна. Тиймээс мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ цаг үед холбогдох заалтыг хэлэлцэх үед Виртуал хөрөнгийн хууль эцэслэн гартал шинэ коин гаргахыг хязгаарламаар байна. Одоо гарчихсан шинэ коин, биржийг эрсдэлийг удирдах ажилд илүү анхаарахгүй бол сүүлийн үед хавтгайрч, нэг их наяд орчим гүйлгээ хийсэн гэж яригдаад байна. 

14 : 14
2021-11-4

Н.Учрал: Коинд зохицуулалт хэрэгтэй

Н.Учрал

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Цар тахалтай холбоотой Монгол Улсын эдийн засаг 2019 оны түвшинд очиж байна. Монгол Улсын эдийн засаг 2019 онд 5.6 хувиар өсч байсан бол 2020 онд 4.3 хувиар агшсан. 2021 онд 5.1 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байсан. Хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Тэгэхээр энэ нь өөрөө хоёр жилийн дараа буюу 2019 оны анхны байдалд буцаж очно.

Өрхийн орлого худалдан авах чадвар, тээвэр ложистик, хорио цээрийн асуудлаас болоод инфляц өсөлттэй байна. Мах 18 хувь, хүнсний ногоо 33 хувь, жимс 25 хувиар, нийт хүнсний бүлэг 15 хувиар, хүнсний бус бүлэг долоон хувийн өсөлттэй, дунджаар Улаанбаатар хотод инфляц 9.9 хувьтай гарсан. Оны төгсгөл хүртэл үүнийг хадгалах болов уу гэсэн төсөөлөл бий. Гэхдээ хил хаагдсан, тээврийн асуудал нь түр зуурны нөлөө үзүүлнэ. Ирэх оны эхээр инфляц хоёр оронтой тоонд орох магадлал байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нэг хэсэг нь хүүхдийн мөнгө аваад гэртээ ажилгүй хэвтэж байх, нөгөө хэсэг нь коин аваад хэдэн зуу нугалаад баяжина гэсэн ойлголттой болчихлоо. Блокчейн, криптовалют буюу цахим мөнгө чинь өөрөө технологид суурилдаг. Тэнд баталгаа байхгүй байх шиг юм. Үүнийг та бүхэн цааш нь хэлмээр байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Коиноор хөрөнгө мөнгө босгож буй компаниудын сурталчилгаа нь технологио сайжруулна гэхээс биш цаанаа нь юу агуулж байгааг ярьдаггүй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтарсан мэдээлэл хийж коин бол хоосон зүйл гэдгийг хэлсэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн үед ч ард түмний хүнсий хэмжээ нэмэгдэж байгаагүй. Нэг ёсондоо макро эдийн засгийн өсөлт микро түвшинд очдоггүй. Энэ юутай холбоотой вэ гэвэл технологийн агууламж шингээсэн бүтээгдэхүүнийг Монгол Улс үйлдвэрлэхгүй байна. Нэмүү өртөг нь гурван хувьд хүрэхгүй байна. Тэгэхээр макро өсөлт ярина гэдэг нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ яаж өсөх бол хэмээн залбираад суугаа ийм л бодлоготой байна.

Аливаа зүйлийг огт үгүйсгэж болохгүй. “Моод” монголоор дуусна гэдэг үг хоцрогдсон. NRFT коин буюу зураг, оюуны өмчөөр баталгаажсан виртуал ертөнц бий болчихлоо. Цаашдаа хоёр ертөнцөд амьдрах нь байна. Гэтэл бид үүнийг нь хориглож болохгүй. Технологитой холбоотой асуудлыг дутуугийн комплексоор харж, хандаж ярьж болмооргүй. Залуусын дунд технологийн “моод” эхэлж байгаа. Эдгээр боломжийг шууд хааж болохгүй. Цаана нь олон хүн коин авчхаад байна.

Харин хүмүүсийн арилжаа хийгээд буй биржүүдэд шалгуурыг тавьж өгөхгүй бол хүний мөнгийг арилжаалаад байна шүү дээ. Эргээд бирж хариуцлага хүлээх ёстойг хуульд тодорхой тусгах хэрэгтэйг ФАТФ-аас зөвлөж байгаа. Шууд коиныг хорих юм бол 700 мянган хүний эрх ашиг яригдана. Цаашдаа гадаад руу валютын урсгал явна. Зохицуулалт хийх хэрэгтэй байна.

12 : 52
2021-11-4

Б.Энхбаяр: Коиныг хуульчлаагүй учраас иргэн та араа өөрөө даана шүү

Б.Энхбаяр

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав. Гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Энхбаяр: 2002 онд Хоршооны тухай хууль баталж байсан. Ингээд 2006 онд хадгаламж зээлийн хоршоо гарч их хэмжээний хохирол учирсан. Хохирлыг барагдуулах чиглэлээр төрөөс нэг удаагийн хууль гаргаж байсан. Яагаад гаргасан гэхээр пирамид тогтолцооны луйврыг төр гаргаж өгсөн алдаагаа хуваалцсан байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг төлж байсан.

Коинтой холбоотой асуудал байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж буй дүн мэдээллийг харахад Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид 10 дахин их хүн мөнгөө эргэлдүүлж байна. Энэ нь нэгэнт дэлбэрвэл дарьтай торх биш, цөмийн бөмбөг болох нь тодорхой ажиглагдаж байна. Миний хувьд санхүүгийн чиглэлийн эксперт биш ч гэсэн хуулийн хувьд үнэр, мэдрэмж байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа ард иргэдэд анхааруулж байгаа. Өөрөөр хэлбэл төрийг төлөөлж буй эрх бүхий байгууллагаас сэрэмжлүүлэг гаргаж байгаа нь зөв. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин зохицуулалтгүй байна. Хуулиар зохицуулахад төвөгтэй харилцаа. Ард иргэддээ төрийн байгууллагаас өгч буй анхааруулгыг дэмжиж бас дахин хэлмээр байна.

Өөрөөр хэлбэл, эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ шүү. Төр үүрэхгүй. Яагаад гэвэл УИХ-аас хууль гаргаагүй, төр бүртгээгүй. Иргэн та араа өөрөө даана гэдгийг шуудхан хэлмээр байна. Үнэгүй бяслаг хавханд байдсыг хэлье. 

"2021 онд түүхэн дээд хэмжээ буюу  861 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон"

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Монголбанк 2020 оны аравдугаар сараас хойш орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-6 хувь болгон бууруулсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ бол нэг жилийн хугацаанд хамгийн өндөр олгосон зээл юм. Гэтэл нөгөө талдаа үл хөдлөхийн үнийн өсөлт байна. 2021 оны есдүгээр сарын байдлаар метр кв тутамдаа 15.8 хувиар үнэ өссөн. Олон улстай харьцуулаад харвал дээд өсөлт нь зургаан хувьдаа хүрэхгүй байна. Тэгэхээр байрны үнэ 15 хувиар өсөөд байхад зээлийн хүүгээ зургаа болгоод ямар ч нэмэргүй. Энэ дээр ямар бодолтой байна аа Б.Лхагвасүрэн дарга аа. Хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн хэмжээ 10.1 хувь байна. Банкууд зээлээ гаргаж чадах юм уу. Ийм дүр зураг харагдаж байна. 2022 онд нэг хүнд оногдох Үндэсний нийт орлого хэд гэж төсөөлж байна вэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээл энэ онд түүхэнд дээд хэмжээгээр гарсан. 2013 оноос хойш Монгол Улс ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Нийт өссөн дүнгээр зургаан их наяадын хэмжээнд хүрсэн. Ипотекийн зээлийн зорилго дундаж давхаргыг бий болгох, байгаль орчны бохирдол гэх мэт олон асуудлыг шийддэг стандарт зээл юм. Энэ жилийн хувьд 861 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, 11400 иргэн орон сууцтай болжээ. Дийлэнх эх үүсвэр нь арилжааны банкнаас гарч байгаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хүрээнд энэ зээл энэ жил түүхэн дээд хэмжээгээр олгогдсон. Орон сууцны үнэ өссөн нь материал, түүхий эд, тээвэр ложистикийн үнэ өссөнтэйгөөр холбоотойгоор зардал өссөн гэж үнийн өссөн гэж харж байгаа. 2021 он гарсаар нийт орон сууны үнэ 11 хувиар өссөн гэсэн судалгааг Монголбанкнаас гаргасан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 2020 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад яг л ингээд сууж байсан. Тэр үед эдийн засаг 2021 онд V хэлбэрийн сэргэлтийг авчих боломжтой байна гэж тооцоолсноо ярьж байсан. Гэтэл одоо юу болсон бэ. Иргэдийн худалдан авах чадвар ямар байна вэ. Банк санхүүгийн байгууллагатай нөхдүүд Монголбанк санхүүгийн зохицуулах хороонд байна гэж ярьж байсан. 20 гаруй хүн байсан байх. Та нарын дунд энэ асуудал шийдэгдсэн үү.

Коины хохирлын асуудал байгаа. Хохирогчид одоогоор тодорхойгүй байна. Эхнээсээ хохирол амсаад эхэллээ. Зохицуулалтгүй байлгаж байгаа нь төрийн буруу болох вэ. Эрсдэлийг иргэд үүрч буй. Коин гаргаж байгаа нөхдүүдэд үүрэг болгож хэлмээр байна. Цаад агуулга нь казино хэлбэрийн юм байна лээ.  

 

 
10 : 05
2021-11-4

Чуулган: Эдийн засгийн хөгжлийн яамыг 87 хүнтэй байхаар төлөвлөсөн

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хийв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Уг хуулийн төслийг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдыг Шадар сайдын  “ранкинд” оруулж ирэхгүй байна. Эдийн засгийн хөгжлийн сайд дан дээлтэй сайд байвал ажил явуулахад хүндрэлтэй байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд нэг агентлаг баймаар байна. Төрийн захиргааны байгууллага, агентлаг байх зайлшгүй шаардлагатай. Ийм санал оруулж ирэх боломжгүй байсан уу.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүтцийн асуудал Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзэх шаардлагатай.

Ажлын хэсэг дээр ярилцаад Эдийн засгийн хөгжлийн яам дангаараа, агентлагтай холбоотой олон санал байдаг. Засгийн газрын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа юм билээ. Цаашдаа энэ хүрээнд гадаад худалдаатай холбоотой хэрэгжүүлэгч агентлаг асуудал байх юм билээ. Агентлаг яам байгуулах эрх нь Ерөнхий сайдад байдаг. Тиймээс Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Яам байгуулж болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн сайд гэдэг өнөө цагт байхгүй болчихсон. Манай улс төрчид мэдэхгүй чадахгүйгээ мэддэггүй. Сайд дарга болно гээд гүйдэг. Энэнээс болоод яамдууд бүтэлгүйтдэг. Өмнө нь бид Хөгжлийн яам байгуулсан. Нөгөөх нь барилга байгууламж, зам бариад л дууссан. Бодлого төлөвлөлтийг аваад явах хүн хэн байх вэ. Тэнд салбарын шилдгүүд байдаг байсан.

Эдийн засгийн яам 200 хүнээс доош байвал явахгүй. Хоёрын хооронд юм болно. Энэ яамыг жинхэнэ мэргэжлийн хүнээр удирдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол өмнөх түүх давтагдана. Өнөөдөр бид бусад орнуудтай хөгжлөө харьцуулбал, хөөрхийлөлтэй байгаа. Тиймээс үүнээс гарахын тулд Эдийн засгийн яамны хажууд хөгжлийн төв байх ёстой. Хийвэл иж бүрнээр нь шийд. Сайд болохын тулд энэ яамыг байгуулж болохгүй. Энэ яам амар яам биш.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сайд нарыг мэргэжлийн болгохын үүднээс 2019 онд үндсэн хуулийн шинэчлэл хийсэн. Сайд нарт тавих шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Энэ яам үндсэндээ бодлогын яам байна. Салбар дундын зохицуулалт хийдэг, үндсэн чиг үүргийн яам байна. Энэ яам дэргэдээ хүрээлэнтэй байхаар заагдсан. Тиймээс эрдэмтдээс бүрдсэн хүрээлэнгээ байгуулах чиглэлд нэн тэргүүнд анхаарах болов уу.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эдийн засгийн яамыг судалгааны төв, боловсон хүчинтэй, цогцоор нь байгуулах хэрэгтэй. Яамд бодлого төлөвлөлт хийдэг хүн байхгүй болчихсон. Хүний нөөцийн асуудал яригдах байх.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хоёр яам байгуулахыг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад байнгын хороонд хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлого гэдэг юм уу ерөнхий бодлогын асуудал орж ирж байна. Яг энэ эрх мэдлийн хүрээнд ажиллуулъя гэвэл бүтэц санхүүг, цогцоор нь өгөх ёстой шүү. Тэгэхгүй бол эргээд хүн хүчгүй, гоё нэртэй том толгойтой, турьхан бүтэц яам байж болохгүй. Яамдын эрх үүргийг давхардуулж өгч болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Тогтсохсүрэн: 2022 оны улсын төсөвт Эдийн засгийн хөгжлийн яамыг 87 хүнтэй байхаар төлөвлөсөн байна лээ. Энэ яам бол бодлогын яам байна. Мөн бид Засгийн газрын тухай хуулиар чиг үүргийг бүгдийг тодорхойлоод өгчихсөн. Энэ яамыг бэхжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Гэхдээ энэ яамд төсөв бага тавигдсан. Тухайлбал, уг яамны төсөв таван тэрбум төгрөг байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засгийн хөгжлийн яамыг олон жил ярьсан. Түүнийг дагаад хүлээлт их байна. Яам байгуулна гэж байгаа нь сайшаалтай. Хүлээлт юу байна гээд бодохоор экспортод чиглэсэн томоохон үйлдвэрүүдийг энэ яам төлөвлөөд хэрэгжүүлэх ёстой гэж ойлгож байна. Гэтэл өнөөдрийн ажлын хэсгийн гаргаж буй хуулиар бол урт, дунд хугацааны асуудлыг уг яам урт хугацаанд төлөвлөөд хэрэгжүүлээд явах боломж байна уу. Бидэнд хангалттай хөгжлийн бичиг баримт байгаа. Яам байгуулагдсанаар төлөвлөөд хаана хэнд даалгавар өгөх юм. Биелүүлээгүй бол яах юм. Зарим нэг нь дотроосоо сайд гарах гэж байгаа юм шиг юм бодоод байна. Юу мөрөөдөөд яриад байгааг ойлгохгүй байна. Өнөөдрийн хуулиараа болохгүй биз дээ. Сайд нь гаднаас тавигдах байх. Ажлаа хийгээд дуусгадаг хүн байх ёстой. Түүнээс ярьдаг хүн нэмэгдчих вий.

УИХ-ын гишүүн Д.Тогтсохсүрэн: Энэ яамны үндсэн чиг үүрэг хөгжлийг урт, богино хугацаанд төлөвлөх. Ажлын хэсэг дээр ярьсан. Өөрөөр хэлбэл, урт болон дунд хугацаанд зээл авахдаа ямар зээл авах уу. Юуг санхүүжүүлэх вэ гэдгийг энэ яам тодорхойлох бол Сангийн яам тэр зээлийг дараа нь хэрхэн зээлийг барагдуулах вэ гэдэг асуудал нь байх юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Хоёр яам байгуулах саналыг дэмжиж байна. Эдийн засаг гэдэг томьёо дээр тогтсон онолтой шинжлэх ухаан юм. Яг л цөмийн энергитэй адил. Засгийн газар бонд гаргавал бодит сектор дээр ямар нөлөө өгөх вэ гэх мэт янз янзын нөлөө байдаг. Энэ бүгдийг том зургаар нь харах зүйтэй. Макро түвшинд урьдчилж төлөвлөгөө боловсруулах нь маш чухал. Жишээ нь өнөөдөр Хятадын хил хааснаар аж ахуйн нэгжүүдээ яаж хамгаалах уу гэх мэтчилэн. Хоёр асуулт байна. Төв банкны хараат бус байдлаар хангаж байж яаж яам төв банктай харьцаа уялдаагаа нийлэх вэ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд сайд нь орох уу. Орвол хэн даргалах вэ. Цахим хөгжлийн яам хэрэгтэй. Дэлхий цахим хөгжилтэй, технологитой хөл нийлүүлж алхах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Гэхдээ хөгжлийн бодлогод оролцоно. Засгийн газрын тухай хууль, Монголбанкны тухай хуулиар харилцааг тодорхойлж өгсөн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Бодвол хуульдаа өөрчлөлт орох байх. УИХ-аас шийдэл нь гарах болов уу. Яам байгуулагдсаны дараа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Миний хувьд хоёр яамыг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яамд Макро эдийн засгийн бодлогын судалгаа төлөвлөлтийг хийнэ гэж буй. Энэ бол чухал. Гэхдээ яам, сайд нь ранк дээгүүр байж бусад яамдаа нөлөөлөх юм биш үү. Ижил түвшний сайд байхаар эдний боловсруулсан судалгаа төлөвлөгөөг нэг зүг рүү харж ажиллана гэсэн баталгаа байгаа юу.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Гарааны цэгийг зөв тодорхойлсоор бүх юм эхэлнэ. Ер нь Монгол Улсын нөхцөл ямар байна. Маш сайн дүгнэлт гаргах ёстой. Цар тахалтай яаж тэмцэх вэ. Нэн ялангуяа дүгнэлт гарахгүй бол Монгол улс уналт сэргэлтийн мөчлөгөөс гарч чадахгүй байх эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй. Хэрэв үүсвэл нийгэм эдийн засагт их хэмжээний хохирол үүсч болзошгүй. 30 жилд болж буй онцгой үеийг онцгой бодлогоор давах ёстой. Цар тахлын нөхцөл байдал биднийг илүү бодит прагматик байхыг шаардаж байна. Олон улсын туршлага харахад эдийн засгийн худалдааны бодлогод суурилж хэрэгжүүлж байна. Экспортыг хөгжүүлэхгүйгээр эдийн засгийг хөгжүүлнэ гэж ярих нь учир дутагдалтай. Аж үйлдвэрийг хөгжүүлж чадсан улс цар тахлыг төвөггүй давж байна. Төсөл дээр орж ирсэн эдийн засгийн хөгжлийн бодлого нь ямар судалгаанд үндэслэж хөгжлийн бодлого болгож оруулж ирж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:  Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа гол салбар бол гадаад худалдааны салбар. Тиймээс энэ яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг байх хэрэгтэйг ажлын хэсэг дээр ярьсан. Засгийн газар мөдхөн санаачилж орж ирэх болов уу. Үйлдвэр, худалдааны нэгдсэн бодлого шинэ яамд байх юм. Хэрэгжүүлэх нь салбарын яамд явагдана. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой асуудал. Ирэх жилээс эдийн засгийн хөгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтын бодлого оруулж ирэх болов уу гэж бид бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эдийн засгийн хөгжлийн асуудал гэхээр манайхан нөгөө л уламжлалаараа үйлдвэр байгуулах, төмөр зам барих ийм л юм яриад байна. Хөгжлийн асуудал эцсийн дүндээ хүндээ чиглэх ёстой. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг иргэдэд тэгш шударгаар хүргэх ийм л бодлого. Сайдын асуудлыг харахаар өмнөх бодлого жишгээр үйлдвэр байгуулах гэх мэт асуудал байна. Эдийн засгийн яамны гол асуудал нь хүний хөгжлийг хангах асуудал, эдийн засгийн хөгжлийг хүртээмжтэй болгох, баялгийн тэгш бус байдлыг арилгах, хүн амынхаа өсөлтийг дэмжиж, гол бодлогоо хүндээ наалдуулсан байх ёстой.

УИХ-ын Ц.Даваасүрэн: Та нар дараагийн хэлэлцүүлэгтээ нарийн харахгүй бол наад яам чинь сонин яам болно. Бид хүний хөгжлийн асуудлыг орхисон нь үнэн. 2010 онд бид олимпиадад байр эзэлсэн хүүхдүүдийг гадагшаа сургахаар явуулсан. Гэтэл одоо 80 хувь нь гаднын хүнтэй суусан. Тэдний ихэнх нь програмистууд болж, АНУ-д ажиллаж байх жишээтэй.

Гишүүдийн ярьж буй шиг боловсон хүчнээ бодох, ямар загвараар хөгжих ёстой гэдгийг шийдэх ёстой. Эхлээд бидний шийдэх асуудал бол хөгжлийн загвараа шийдэх хэрэгтэй. Тиймээс хийж чадах юм аа тодорхойлоод явна уу гэхээс яам байгуулаад хийж чадахгүй бол явахгүй. Яамдын үндсэн чиг үүрэгт орж буй асуудлыг эргэж хар гэж хэлье.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Эдийн засгийн хөгжлийн сайд, цахим харилцааны сайд бол ер нь Шадар сайдын зиндааны яамд дундын зохицуулалт хийдэг болчихлоо. Хүний хувийн мэдээллийг цахим орчны сайд хариуцна гэвэл хэр уялдах уу. Гол зүйл цахимд явагдаж байгаа. Энэ дээр уялдуулж ярих хэрэгтэй. Үүнийг тодруулж өгөхгүй бол Цахим хөгжлийн сайд олон зүйл рүү орж болохоор байна. Чиг үүргээ бодмоор байна. Эдийн засгийн хөгжлийн сайд ямар юмаараа хүн ам зүйн өсөлтийг дэмжих вэ дээ. Миний бодож буйгаар бол эдийн засгийн хөгжлийн асуудал, амьдралын чанар сайжруулна гэвэл заавал хүн амын өсөлт дэмжинэ гэдэг агуулга руу явахгүй байх.

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
 
10: 00
2021-11-4

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Рио Тинтогийн хэлэлцээртэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж