Монгол коины нүүр царай "РИНГИЙН МАНГАС"

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Монгол коины нүүр царай "РИНГИЙН МАНГАС"

Монгол коины нүүр царай "РИНГИЙН МАНГАС"

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа мэргэжлийн боксын алдарт тамирчин Деонтей Уайлдерыг онцолж байна. 19 насандаа аав болж, охиныхоо төлөө бүхнээ зориулж явсан тэрбээр өдгөө дэлхийн хамгийн шилдэг боксчдын нэг болжээ. Саяхан шилдэг боксчин монгол залуусын гаргасан "IHC" коиныг дэлхий дахинд сурталчилсан билээ.


АЛАБАМАГИЙН ЖУЛДРАЙ

Алабама мужийн Таскалуза хотоос гаралтай Деонтэй Уайлдер эхээс тавуулаа. Тэрбээр багаасаа л бусад өнгөт арьст хүүхдүүдийн адил америк хөлбөмбөг, сагсан бөмбөгт хорхойтой, боксыг зөвхөн зурагтаар л үздэг хүүхэд байжээ. Үеийнхнээсээ биеэр том, чийрэг биетэй хүү ахлах сургуульдаа “муу” залуу байхыг хүсээгүй гэнэ.

Деонтэй Уайлдер нэгэн ярилцлагадаа “Би 17 нас хүртлээ эцэг эхээрээ тэжээлгэсэн. Манайх дундаж давхаргын, зөв хүрээлэлтэй, долоо хоног бүр сүмд явдаг сайхан гэр бүл байсан. Надад гурван охин дүү, нэг ах бий. Би айлын хоёр дахь том нь. Хөршүүд маань ч бие биенээ мэддэг сайхан хүмүүс байсан. Гудамжинд хар тамхины наймаачид байдаг байсан ч хөршүүд дунд байгаагүй ээ. Аав минь нэг удаа хэлэхдээ “Муу хүмүүсийг хэзээ ч битгий гэртээ оруулаарай. Өөрийнхөөрөө бай, өөрийгөө бусдад таниулах гэсний хэрэггүй” гэдэг байсан тухайгаа ярьжээ.

Деонтэйг зургадугаар ангид байхад нь хичээл тарсан хойно гурван хүү түүнийг дээрэлхжээ. Аав нь бусадтай битгий зодолдоорой гэж захисан учир тэр юу ч хийж чадаагүй гэнэ. Гэртээ ирж, юу болсон талаараа хэлэхэд аав нь түүнийг дагуулж, өнөөх гурван хүү дээр очжээ. Гари ч хүүдээ юу гэж хэлснээ санаж, хатуухан шиг хэдэн үг хэлчихээд хүүгээ дагуулан гэртээ ирэн “Дахиж ийм байдалтай гэрт ирэхгүй шүү. Хэрэв саяных шиг ирвэл чи надаас зугтаах хэрэгтэй болно. Тиймээс дахиж хэзээ ч хэнээс ч битгий зугтаагаарай” гэж эцэг нь түүнд захижээ.

ОХИНЫХОО ТӨЛӨӨ КОЛЛЕЖОО ХАЯЖ, БОКСЧИН БОЛОВ

Централь ахлах сургуулийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн од тамирчин Деонтэй сургуулиа төгсмөгц Шелтон Стэйт гэх хоёр жилийн сургалттай орон нутгийн коллежид элсэв. Энэ үед түүний зорилго Алабамагийн их сургуульд орох байв. Гэвч ердөө зургаахан сарын дараа амьдралынхаа хамгийн нандин, гайхалтай бэлэгтэй учирч, коллежоо хаяхаас өөр сонголтгүй болжээ.

20 нас хүрдэг жилээ Деонтэй Уайлдер болон түүний найз бүсгүй Найеяа нар охинтой болов. Харамсалтай нь, охин нь нуруу нугасны төрөлхийн гажигтэй төржээ. Уайлдер ч охиныхоо эмчилгээний зардлыг олохын тулд коллежоо орхиж, мөнгө олох бүхий л ажлыг хийж үзсэн гэнэ.

Хоёр ресторанд ажиллаж, шар айраг тээвэрлэдэг ачааны тэрэг жолоодож, хийж болох бүхнийг л хийжээ. Энэ үед Найеяа найз залуугаа бокст хүч үзэхийг санал болгож, урамшуулсан гэнэ. Ийнхүү 20 настай Уайлдер охиныхоо төлөө зурагтаар л үздэг байсан боксын спортдоо хөл тавив.

Энэ талаараа тэрбээр ярихдаа “Би Алабамагийн их сургуульд элсэхийг хүссэн. Гэвч голч оноогоо дээшлүүлэхийн тулд коллежид явах хэрэгтэй болсон. Хагас жилийн дараа л би коллежоо орхиж, охинтойгоо учирсан. Коллежид эргэн очих боломж хэзээд байна. Харин охинд минь миний тусламж хэрэгтэй байсан. Би түүнийхээ өмнө бууж өгсөн. Бокс миний хийдэг зүйл биш. Энэ спортыг зөвхөн зурагтаар үзэх л сайхан. Би мэргэжлийн тамирчин ялангуяа хөлбөмбөгийн тамирчин болох хүсэлтэй байв. Боксын заал хаана байдгийг ч мэдэхгүй би бокст хөл тавих болсон” гэжээ.

Залуухан аав нэг хэсэг депресст орж, амиа хорлох гэж байсан ч түүний үхэл гэр бүл, охинд нь муугаар нөлөөлөх учир ийм амиа бодсон шийдвэр гаргахгүй гэж шийджээ.

Дасгалжуулагч Жэй Дистай учирч, олимпоос медаль хүртсэн нь

Боксын заал хаана байдгийг ч мэдэхгүй Деонтэй Уайлдер төөрч будилж явсаар "Скай" боксын клубд 2005 оны аравдугаар сард элсч, дасгалжуулагч Жэйс Дисийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж эхэлжээ.

Боксоор анх хичээллэсэн талаараа Деонтэй “Би хийхийг хүсээгүй маш олон зүйлсээ хийсэн. Гэр бүл, хүүхдийнхээ төлөө олон зүйл золиослосон. Миний амьдралд хийхийг хүсээгүй олон зүйлс байсан. Гэхдээ амьдралаа өөрчлөхийн тулд өөртөө “Би амьдралаа аварч чадна” гэж хэлж байлаа. Олон жил бусдын төлөө ажиллаж, тэднийг халаасыг түнтийлгэсэн. Хүссэндээ биш тэгэх ёстой байсан учраас хийсэн юм. Надад сонголт байгаагүй. Миний хийсэн бүхэн өвчтэй охиноо эмчлүүлэх гэсэн аавын хайраас эхлэлтэй. Би охиныхоо төлөө  бокст хөл тавьсан” тухайгаа ярьж байв.

Деонтэй, Дис хоёр

Ийнхүү ирээдүйн аварга маань Жэй Дис дасгалжуулагчийн удирдлага дор хурдан сайжирч, 2007 он гэхэд сонирхогчийн боксын үндэсний аварга шалгаруулах тэмцээн, үндэсний алтан бээлий тэмцээнд тус тус түрүүлж, 2008 оны Бээжингийн олимпийн сорилго тэмцээнд оролцох эрх авчээ.

Сорилго тэмцээнд ч түрүүлж, олимпийн эрх олгох тэмцээний үеэр Колумби, Экуадор, Бразилын шилдэг тамирчдыг ялж, Бээжинг зорих эрхээ авчээ.

Италийн Клемент Руссод ялагдсаныг нь эс тооцвол залуухан Деонтэй Уайлдер Бээжингийн олимпод “гал” асааж, хүрэл медаль хүртэв. Үүнийхээ дараа тэрбээр бусад аваргуудын адил сонирхогчийн боксоос зодог тайлж, мэргэжлийн бокст орохоор шийджээ. Түүний хувьд сонирхогчийн бокст 30 ялж, тав ялагдсан амжилттай.

МЭРГЭЖЛИЙН БОКСЫН АВАРГА БОЛЖ, МОНГОЛ КОИНЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАВ

2008 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр. Олимпийн медальтан 23 настай Деонтэй Уайлдер мэргэжлийн боксын анхны тулаанаа Этан Кокс хэмээх боксчинтой хийж, дэвжээн дээр өрсөлдөгчөө гурван удаа хүнд цохилтоор унагааж, ялж байв. 2009 он гэхэд тэрбээр мэргэжлийн боксын рингэнээ долоон тулаан хийж, бүх өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялчихсан түүхтэй. 2012 оны арванхоёрдугаар сар гэхэд Деонтэй нийт 25 тулаан дараалан ялчихсан амжилттай "WBC" холбооны тивийн Америкийн аваргын түр бүсний төлөө Келвин Прайстэй тулалдан ялж, анхны бүсээ хүртжээ.

Харин 2015 онд "WBC" холбооны дэлхийн аваргын бүсний төлөө Канадын Берман Стивернийг ялж, анхны дэлхийн аваргын бүсээ зүүжээ. Тэрбээр мэргэжлийн боксын замналдаа 42 ялж, хоёр ялагдаж, нэг тэнцсэн үзүүлэлттэй яваа.

Деонтэй Уайлдер 2020 онд "WBC" холбооны аваргын бүсээ хамгаалах тулаанаа Их Британийн Тайсон Фюритэй хийж, ялагдсан. Энэ нь түүний мэргэжлийн бокст амссан анхны ялагдал байв. Бараг 12 жилийн дараа анх удаа ялагдсан нь энэ байсан. Өнгөрөгч аравдугаар сард алдсан бүсээ эргүүлэн авахаар Тайсон Фюритэй тулалдсан ч дахин ялагдав.

Энэ үеэрээ тэрбээр Монгол залуусын гаргасан  IHC /Inflation Hedging Coin/ коины элч төлөөлөгчөөр ажиллаж, богино өмдөн дээрээ логог нь залав.

Деонтэй Уайлдерын улаан богино өмдний зүүн талд "IHC" хэмээх лого харагдаж байна

Түүний охины өдгөө эрүүл саруул бусдын адил аж төрж байна. Деонтэй том охины талаар ярихдаа “Миний охин шиг өвчтэй ихэнхи хүүхэд насаараа тэргэнцэр дээр амьдралаа өнгөрүүлдэг. Харин одоо та нар түүнийг минь хараад тийм өвчтэй байсан гэж хэлж чадахааргүй болсон. Би охиндоо бурхан түүнийг ивээсэн гэж хэлдэг. Эмч нар юу гэж хэлж байсан нь огт сонин биш. Тэр одоо гүйж, алхаж, гимнастик хийж байна” гэжээ.

Өдгөө 36 настай түүний нийт хөрөнгө 46.5 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Одоо тэр найман хүүхдийн эцэг. Хэдийгээр тэр үнэнч нөхөр байж чадаагүй ч сайн аав байж чаддаг. Деонтэй Уайлдер одоо ч анх эхэлсэн газартаа буюу Алабамагийн жижигхэн боксын клубт бэлтгэлээ хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж