“Ааваа, ээжээ битгий их гуниглаарай. Бүх өрөөний цонхоороо намайг доош хараарай” гэсэн захиа бичээд дөнгөж 13 настай хүү амиа хорлов. Өнгөрсөн аравдугаар сарын 9-нд ийм харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж буй. Тэгвэл прокурорын байгууллагаас холбогдох албаны хүн “Амиа хорлолт бол хүний тэвчээрийн эцсийн цэг. Дөнгөж 13-хан настай хүүхэд яагаад амиа хорлох болов. Магадгүй гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл байхыг үгүйсгэх аргагүй” гэх мэдээллийг өгч байв. Энэ мэтчилэн хүүхэд амь насаа хорлосон, санамсаргүй байдлаар амь насаа алдсан, сураггүй болсон, бэртэж гэмтсэн тохиолдол маш их.
- Сэлэнгэ аймагт 12 настай айлын ганц хүү амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны зун гарч байв. Өдрийн цагаар ганцаараа үлддэг байсан хүү сураггүй болж, илүү гэртээ амиа хорлосон байдалтай олдсон байдаг. Ээж нь удаан хугацаагаар Улаанбаатарт байрлаж ажилладаг ч байнга хүүтэйгээ утсаар ярьдаг байсан гэх. Ээж нь мэдүүлэгтээ “Би хүүгээ юугаар ч дутаадаггүй байсан. Хүүгийнхээ захисан бүхнийг авч өгдөг байсан”, мөн л эгч, хүргэн ах хоёр нь “Бид хоёр маргалддаг байсан ч дүүд ямар ч хамааралгүй байсан. Дүүгээ юугаар ч дутаагаагүй” гэжээ. Талийгаач хүү эгч, хүргэн ах хоёртойгоо хамт амьдардаг байж. Гэрчүүд гэр бүлийн уур амьсгал байнгын хэрүүл маргаантай байсныг мэдүүлжээ.
- Сүхбаатар аймагт 2017 онд долоон настай охин дөрвөн настай дүүгээ цэцэрлэгээс нь авч харих замдаа мотоцикльд дайруулж хүүхдүүд хүнд гэмтэж байв. Эцэг эх нь охиноо дүүгээ цэцэрлэгээс нь ав гэсэн “даалгавар” өгснөөс үүдэн хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн ч золоор эсэн мэнд үлдсэн. Тухайн үед цэцэрлэгийн анги хариуцсан багш нь ч бас долоон настай эгчид нь харгалзах хүнгүйгээр дүүг нь хүлээлгэн өгсөн болох нь шалгалтын явцад тогтоогджээ.
- Сүхбаатар аймагт хөлд орж байсан хүүхэд халуун тогоонд түлэгдэж амь насаа алдсан. Хүүхдийн ээжид санамсар болгоомжгүйгээр хүний амь насанд хүрсэн тохиолдлоор шийтгэл ногдуулжээ.
- Сүхбаатар аймагт хурдан морь уралдсан бага насны хүүхэд унаж амь насаа алдсан хэрэг 2017 онд гарч байв. Аав нь хамгаалах хэрэгслийн хувцасгүй морь уралдуулснаас хүүхэд нь энджээ.
- Гэрийн хананаас уяатай бага насны хүүхэд орноосоо унаж хоолой нь боогдож амь насаа алдсан харамсалтай хэрэг 2019 онд Сэлэнгэ аймагт гарч байв.
Үл хайхрах хүчирхийллийн улмаас өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон статистик мэдээлэл өнөөдрийг хүртэл алга. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн ард “нуугддаг”-тай холбоотой. Гэтэл эцэг эхчүүд өөрсдөө ч үл хайхрах хүчирхийлэл үйлдсэнээ мэдэхгүй тохиолдол маш их. Энэ тухай Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор Н.Эрдэмбилэг хэлэхдээ “Бид хүүхдээ хамгийн их хайрладаг мөртлөө өөрсдөө ч анзаарахгүй үл хайхарч хүчирхийлдэг. Хүүхдээ уйлбал гар утас өгч, зурагтын өмнө суулгаж саатуулдаг, дургүй хоолыг нь хүчээр өгөх, гоёж байна гээд улиралд нь таарахгүй хүйтэнд нимгэн хувцаслах, зургийг нь фэйсбүүктээ нийтлэх зэрэг нь үл хайхрах хүчирхийлэл. Үүнээс болж хүүхдийн сэтгэл зүй гэмтэх, улмаар эрүүл мэнд, амь нас хохирох ч эрсдэлтэй.
Хамгийн хортой нь, тухайн хүүхэд үл хайхрах хүчирхийллийн улмаас ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ л гэдэг нь асуудал. Энэ төрлийн хүчирхийллийг үйлдэж байгаагаа хүмүүс мэддэггүй атал өдөр тутамд нүдэнд дасал болсон гэдэг шиг байна.
Хананы цаана хүүхэд уйлна. Хэн нэгний чанга дуугарч загнах сонстоно. Хөрш нь“хэнд ч хамаатай юм билээ, ээждээ турсагаа хуулуулж байна даа” гэж бодно. Харин хүүхэд яагаад уйлсныг хэн ч тоохгүй, байдаг л үзэгдэл мэт хандсаар бид бүр дөжирчээ. Үл ойшоосон ийм л хандлага хүчирхийлэгчийг даврааж хүүхдийн эрх томчуудын уланд гишгэгдээд удлаа. Гэр бүлийн хүчирхийллийн цаана нуугдсан үл хайхрах хүчирхийлэл айл гэрийн “чимээгүй аюул”. Бас нийгмийн өвчин болжээ. Олон арван жил бугласан энэ асуудлыг өнөөдөр мэддэг юм шиг атал хэн ч мэдэхгүй. Бүр анзаарахыг ч хүсдэггүй. Гэсэн ч ирээдүй болсон багачууд, өсвөр үеийнхэн харгис нийгмийн золиос болсоор байгааг хайхрахгүй өнгөрч болохгүй.
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ 82 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Хэрэв үл хайхрах хүчирхийллийн улмаас хүүхэд нас амь насаа алдсан бол эцэг эхийн болгоомжгүй үйлдэлтэй холбоотой гэлээ. Улсын ерөнхий прокуророос гаргасан судалгаагаар хүүхдийн эрхийн зөрчил 2020 онд 3215 бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 1804 зөрчлөөр буюу 2.2 дахин их үзүүлэлт аж. Мөн энэ оны нэгдүгээр улиралд 1162 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 540 буюу 82 хувиар өссөн байна.
Нийт бүртгэгдсэн 1162 зөрчлийн 1199 буюу 96.2 хувь нь Зөрчлийн иухай хуулийн 6.20.7 дахь хэсэгт заасан зөрчил аж. Уг заалтад “Хүүхдийн бие махбодод халдсан, үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил дийлэнх хувийг эзэлжээ. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн гэр бүлийн орчинд эрх нь зөрчигдөж байна.
Энэ нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэж ойлгох нь өрөөсгөл. Өсвөр насны хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл “Хүүгээ шөнөжин хайлаа, байр тойрч гүйлээ. Давтлагатай гэж хэлсэн хүүхэд орой нь пиво үнэртүүлчихсэн гэртээ ирэхээр нь загнатал хаалга саваад гарч явсан. Эргэж ирдэггүй. Санаа зовсондоо хайтал олддоггүй, золоор харанхуй газарт толгойгоо гудайлган сууж байхыг нь хараад аргадаад гэрт орууллаа. Хүүгээ олохоос өмнө дээвэр дээр байсан хүнийг хүүгээ гэж бодоод амиа хорлох гэж байна л гэж сандардаг юм байна. Одооны хүүхдүүд үг даахгүй юм” гэж 40 орчим насны залуухан аав хэлсэн.
Түүний ярьснаар, хүүхэд нь ангийнхаа хүүхдийг зодож, сургуулиасаа хөөгдөх дээр тулсан учраас эцэг эхдээ хэлэлгүй өөрөө тухайн хэргээ “аргалах”-аар шийдсэн нь пиво уух байжээ. Мөн хүүгээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй гэж сэрдэнэ. Гэхдээ хүүхэд нь цагдаагийн байгууллагад шинжилгээ өгөхөөс татгалзсан учраас арга буюу “буулт” хийсэн гэнэ.
Түүнтэй адил олон эцэг эхэд хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй асуудал их. Зарим нь аргаа барахдаа тэсэлгүй гар хүрдэг нь ч нууц биш. Дийлэнх нь “манай энэ л том толгойтой болчихлоо” “Манай хүүхдийн ааш зан эвдрээд эцэг эхтэйгээ ч ярилцдаггүй боллоо” гэж хүүхдээсээ бурууг хайх нь нийтлэг. Энэ бүх асуудлын цаад шалтгаан нь үл хайхрах хүчирхийлэлтэй салшгүй холбоотой.
Улмаар хүүхэд нь гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч цөөнгүй. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь эрс буурчээ. Гэсэн ч эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хяналт тавих хэрэгтэй гэдгийг сануулж буй. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ихэнх нь өсвөр үеийнхэн. Тэд санамсар болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт оролцож, хамсаатан болох, бусдын нөлөөнд автдаг байна. Харин хүүхдээ гэмт хэрэгт холбогдсоныг мэдсэн эцэг эхчүүд “Манай хүүхэд даруухан, ноомой. Гэмт хэрэг хийх хүүхэд биш. Хаагуур юу хийж явсныг нь мэдсэнгүй” гэсэн хожимдсон харуусалтай.
Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюун “Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахгүй байна. Хамт байгаа мөртлөө тулгамдсан асуудлыг нь нэг бүрчлэн ярилцдаггүй. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргадаггүй боловч ярилцдаггүйгээс л найз нөхдийнхөө зөвлөмжийг дагах, амар хялбар аргаар асуудлыг шийдэх зэргээр гэмт хэрэгт холбогддог. Хүүхдүүдийн хувьд санаатай, төлөвлөсөн гэмт хэрэгт холбогдсон нь маш бага. Санамсар болгоомжгүй байдлаас л гэмт хэрэгт холбогдож байна.
Хэрэв үл хайхрах хүчирхийллээс болж хүүхэд хохирсон бол асран хамгаалагчид нь Зөрчлийн тухай хуулиар хамгийн багадаа 300 мянган төгрөгийн торгууль ногдуулахаас эхлээд Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу цагдан хорих хүртэл ял шийтгэл оноодог. Хэрэв санамсар болгоомжгүй байдлаар хүүхдийн амь нас хохирсон бол хорих ял онооно” гэсэн хуулийн зохицуулалттай.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ огт анхаардаггүй гэвэл өрөөсгөл. Хэдийгээр хүүхэдтэйгээ ярилцах гэж хичээдэг ч хэтэрхий оройтсон байдаг аж. Учир нь бага насанд нь нээлттэй ярилцах цаг гаргаж байгаагүй нь эргээд хүүхэд хаалт үүсгэдэг байна. Ийм хандлага сүүлийн үед нийтлэг. Эцэг эхчүүдийн хувьд сэтгэлзүйчээс хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай “жор” асуух нь нийтлэг болсон. Гэвч өсвөр үеийнхэн "Аав, ээж өөрсдөө намайг сонсоогүй, ярилцаагүй мөртлөө гэнэт л нэг өдөр ярилцъя"гэдэг.
Тэд намайг сонсоогүй болохоор би нээлттэй ярилцаж чадахгүй. Найз шиг мөртлөө найз байж чаддаггүй.
Ер нь хааяа л ярилцвал ярилцана. Ажил ихтэй тоодоггүй мөртлөө гэнэт л ярилцъя гэхээр нь ярилцах ч зүйл олддоггүй. Зүгээр л асуусанд нь хариулаад өнгөрдөг” гэж ярих нь нийтлэг байлаа.
Хүүхдийг сонсохгүй байх, цаашаа гэж түлхэх, фэйсбүүкт зургийг нь нийтлэх, өөрийн мэргэжлээ хүчээр эзэмшүүлэх, авъяасыг нь хөгжүүлнэ гэж олон төрлийн дугуйланд хүчээр хамруулах, загнах, хамт байхгүй хол ажиллах нь хүртэл үл хайхрах хүчирхийлэлд ордог.
Энэ тухай Сэтгэл зүйч Б.Сайнзаяа “Хүүхэд нас бие гүйцсэн хүнээс илүү сул дорой, нялх балчир байхдаа эмзэг мэдрэмтгий байдаг. Гэтэл үл хайхрах хүчирхийлэл нь харилцаа хандлагаараа тухайн хүүхдийг идэвхгүй байлгахыг хэлдэг. Эргэн тойрны хүмүүс тухайн хүүхдийг тоохгүй, сурлагадаа муудсан, сэтгэл санааг нь анхаарахгүй, тухайн хүүхдийг сонсохгүй байхыг л хэлж байгаа юм.
Энэ тухай эцэг эхчүүдэд “Та хүүхдээ үл хайхарч хүчирхийлдэг юм байна” гэж хэлэхээр “Би сайн хандсан шүү дээ. Хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ л зориулдаг. Өглөөнөөс шөнө хүртэл ажиллаж өмсөх хувцас идэх хоолоор юугаар ч дутаагаагүй гэж хэлдэг. Бодит амьдрал дээр хүүхэд юуг хүсч байна вэ, ирээдүйн зорилго, хүүхдийнхээ тухай юу ч мэддэггүй.
Үл хайхрах байдлаар хүчирхийлж байна уу үгүй юу гэдгээ эцэг эхчүүд оношлох хэрэгтэй. Товчхондоо, та хүүхдээ ажигладаг уу, харцыг нь хардаг уу, шууд ойлгож мэдэх үү гэдэг нь чухал. Хүүхдээ уурлаж бухимдах үед нь буруу аргаар шийтгэл оноодог уу гэдгээ бодож үзээрэй” гэж зөвлөв.