Уушгины тасгуудын ачаалал нэмэгдэж, рентгений цаг олдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Уушгины тасгуудын ачаалал нэмэгдэж, рентгений цаг олдохгүй байна

Уушгины тасгуудын ачаалал нэмэгдэж, рентгений цаг олдохгүй байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү залгав.

-Байна уу, маргаашийн цаг авах гэсэн юм?

-Маргаашийн цаг дууссан. Хоёр долоо хоногийн дараа цаг авч болно.

Ийн Covid-19-өөс хамаарч шат, шатны улсын бүх эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Тодруулбал, шалтгаант өвчлөлийн жагсаалтыг Covid-19-ийн дараах уушгины хатгалгаа тэргүүлж байгаа юм. Үүнээс болж улсын эмнэлгийн уушгины тасагт үзүүлэх хүмүүсийн ачаалал 2-3 дахин өссөн байна. Зөвхөн улсынх ч гэлтгүй хувийн эмнэлгийг зорих хүмүүс ч ихэсчээ.

-Эдгэрсэн ч гэсэн уушгины нарийн мэргэжлийн эмчид заавал хандаарай.

-Эмнэлгээс гараад нэг сарын дараа уушгиа харуулахаа мартав

-14 хоног эмчлүүлээд эдгэсэн гээд тоохгүй орхиж болохгүй шүү!

Гам сайн барьж уушги хамгаалах цай ууж, рентгенд харуулаарай гэсэн зөвлөгөөг  цар тахлаар өвчилсөн иргэдэд гэр бүл, найз нөхөд, эмчээс зөвлөх нь ихэссэн. Халдварын тархалт тэлж, вирус мутацид орохын хэрээр суурь өвчтэй, өвчингүй гэлтгүй бүх хүнд үлдэцтэй айхтар тахал гэдгийг сонссон иргэд халаглаж, хүмүүс хоорондоо ярилцана.  Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг нь бодож уушгиа рентгенд хөнгөлөлттэй үзүүлэх иргэд улсын эмнэлгүүдээр "дүүрэн". Дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх цаг 14-30 хоногийн дараа олдож байга бол Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гэхэд хоёр долоо хоногийн дугаарыг урьдчилж олгосон байна. Гэхдээ энэ бол ерөнхий үзлэгийн дугаар. Харин яаралтай болон нэмэлтээр үзүүлэх хүмүүст цаг олгодог аж. Цахим бүртгэл нэвтэрснээр цаг авахад өмнөхөөс илүү хүндрэлтэй санагдаж байгааг зарим иргэн шүүмжилж байлаа.

Рентген зургийг ЭМД-аар төлбөргүй авдаг хувийн эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учир иргэдэд бас цаг олдохгүй байгаа аж. Харин төлбөрөө төлөөд үзүүлэх хувийн эмнэлгүүдэд уушгины рентген зургийг 25-32 мянган төгрөгийн үнэтэй авч байна. Харин зургаа уншуулах эмчийн үзлэгийн төлбөр нь 28 мянган төгрөгөөс дээш үнэтэй.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр уушгины тасагт хандаж зөвлөгөө авах өвчтөний тоо нэмэгдэх болсон байна. Энэ нь ачаалал үүсгэж, иргэдийн дунд бухимдал их үүсч буйг эмч нар хэлсэн юм. Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан гээд төвийн болон  алслагдсан дүүргүүдийн эмнэлгүүдийн уушгины рентгены тасгийн ачаалал огт буураагүй байна. Учир нь уушгины тасгийг зорих хүмүүсийн 70-80 хувь нь Covid-19-ийн дараах хүндрэлд өртсөн болон урьдчилан сэргийлэхээр очиж буй аж.

Covid-19-өөр өвдөөд эдгэсэн гэх хүлээлгийн зааланд суух иргэд цагийн дагуу нэрээ дуудахыг хүлээх хоорондоо ярилцана.

-Чиний цээж хөндүүрлэж, амьсгалахад хүндрэлтэй байна уу?

-Хөндүүрлэж байна. Эмнэлгээс гараад удалгүй ажилдаа орсон. Гадуур нимгэн хувцастай яваад салхи цохиулсан байж магадгүй. Дахиад хатгаа болчихсон байвал яана аа. Чи уг нь хатгаа аваад эдгэсэн биз дээ?

-Харин тийм. Тандалтын баг шинжилгээ аваад маргааш нь хариу гарна гэхээр нь хувийн эмнэлэгт очоод үзүүлсэн хатгаа болоод удсан байна гэсэн. Шинж тэмдэг илрээгүй хөлрөөд, халуураад л байсан чинь хатгаа болчихсон гэж сонсоод их гайхсан. Одоо бараг сарын хугацаа өнгөрсөн юм чинь эмчид үзүүлээд рентгенд харуулахгүй бол юм үлдчихсэн бол хэцүүднэ гэв.

Нээрээ л энэ мэт айдастай хүмүүст эмчийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна Covid-19-өөр өвдсөн уушгины архаг суурь өвчтэй хүмүүс яаралтай тусламжаар ирнэ. Амьсгалахад тун хүндрэлтэй хүмүүсийн харц эмчээс аврал эрнэ. Эмч нар бүхий л нөөцөө дайчилж ажиллаж байгаа ч ажиллах хүч хүрэлцэхгүй байгааг хэлж байв.

АМЬСГАЛЫН ДУТАГДАЛД ОРООГҮЙ Л БОЛ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭХ БОЛОМЖ ҮНЭХЭЭР АЛГА

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги харшлын төвийн их эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, дотрын тэргүүлэх зэрэглэлийн эмч Д.Содгэрэл:

-Ачааллын хувьд маш их нэмэгдсэн. Амбулатори гэхэд арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх үзлэгийн цагийг олгоод байгаа. Covid-19 халдвар гарахаас өмнө эмчийн нэг хүнийг үзэх үзлэгийн цаг 15 минут, өдөрт давтан үзлэгтэйгээ 40-45 хүн үздэг байсан. одоо 10 минут болсон.

Сүүлийн нэг жилийн хугацаанд ачаалал нэмэгдсэнээс болж өдөрт багадаа 60-70 хүн үзэх болсон. Үүнээс гадна нэмэлтээр цаг авсан хүмүүс өглөө, оройн цаг дээр нэмэгдэнэ. Мөн хүлээн авах, яаралтай тусламжаар ирж байгаа хүмүүсээ ч үзэхээс өөр аргагүй. Хүлээн авах дээр ирж байгаа хүмүүсийн тухайд ихэнх нь амьсгалын дутагдалтай байна.

COVID-19-ӨӨС ХАМААРЧ ЭМНЭЛГИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮНДРЭЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ

Нэгдүгээр эмнэлгийн дотрын тасгийн 200 ор Covid-19-тэй хүн хүлээж авахаар дэлгэсэн. Үүнээс болж дотрын таван тасагт хүлээж авах өвчтөний тоо буурсан.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь Covid-19-ийн дараах хатгалгаатай, амьсгалын дутагдалтай хүмүүс байгаа юм.

Эмч, эмнэлгийн ажилтнууд туйлдаа хүрэхэд бэлэн нөхцөлд л ажиллаж байна шүү дээ. Зарим нь ойлгоно, зарим нь уурлаж, бухимдах нь бий.  Эмнэлэгт үзлэгийн цаг олдохгүй байгаа нь эмч, боловсон хүчний дутагдалтай нэг талаар холбоотой. Бэлтгэгдсэн боловсон хүчин олон байхын хэрээр тусламж авах шаардлагатай иргэдэд хурдан хугацаанд хүрч чадна. Эмнэлгийн хувьд ачааллыг бууруулах тал дээр анхаарч, эмч нартайгаа хамтарч ажиллаж, санал хүсэлтийг маань байнга сонсдог. Өчигдөр өглөө удирдлагууд хуралдаж Covid-19-тэй хүн хүлээж авах орны тоогоо бууруулах нь зүйтэй юм байна гэж үзсэн.

Хэрэв 200 орыг цөөн тоогоор бууруулбал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдээ хүлээж авахад нэмэртэй. Бид зөвхөн Covid-19-тэй хүмүүсээс гадна уушгины өвчтэй хүмүүстээ ч үйлчлэх ёстой шүү дээ. Тиймээс ачаалал их байгаа ч эмч нар маань чадлаараа түргэн шуурхай ажиллаж байна.

ХАВСАРСАН СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАТГАЛГАА ХҮНДЭРЧ, ЦАГ ДУУССАН Ч ҮЗЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Дүүргүүдийн эмнэлэгт мөн ялгаагүй үзлэгийн цаг олдоц муутай байгаад иргэд бухимдаж аргагүй эрхэнд хувийн эмнэлгийг сонгож байгаагаа хэлж байгаа юм. Тухайлбал, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг цахимаар дугаар олгож байгаатай холбоотойгоор үзлэгийн цаг авахыг хүссэн иргэдэд хүндрэл ихээхэн учрах болжээ. Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цахим бүртгэлээс асуухад 14-30 хоногийн дараа уушгины тасагт цаг байгаа гэх тайлбар өгөв.

Яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд нэг бол 103 дуудах эсвэл өөрийгөө гэртээ анагаахаас өөр сонголтгүй гэнэ. Тэр ч бүү хэл хавсарсан суурь өвчтэй хүмүүсийн хатгалгаа гэрээр эмчилснээс болж хүндэрч байгаа учраас нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд сарын дараа байсан ч хамаагүй цаг авахыг боддог гэдгийг бүртгэл, мэдээллийн ажилтнууд хэлж байв.

ЭМД ТӨЛӨӨД БАЙГАА ХЭРНЭЭ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ ҮЕД АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ

Иргэн С.Оюунчимэг:

-Хүмүүс Covid-19-өөр өвдсөн хүн л эмнэлгийн тусламж авдаг мэт ойлголттой болж байна. Халдвар аваагүй хүн эмнэлэг бараадах эрхгүй болж байгаа нь нэг талаар хэцүү. Нөгөө талаар халдвар авсан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай хүрч чадахгүйгээс болж бүр хүндрэх эрсдэл олон гарч байна. Телевизээр хүртэл мэдээлж байна. Covid-19-өөр өвдсөн хүмүүст орны нөөц хүрэхгүй байгаа учраас гэртээ өөрийгөө эмчил гээд. Хөнгөн өвдсөн хүмүүс вирусийн эм уугаад л эдгэчихдэг юм байж. Харин суурь өвчтэй хүмүүс яах юм бэ?

Манай эгч уушгины архаг өвчтэй. Тэр хүн халдвараар өвдвөл ямар их эрсдэл гарахыг бодохоор би ч айж байна. Байнгын товлолт үзлэгтээ орох гэхээр оочер олдохгүй. Нэг бол та суурь өвчтэй юм чинь эрсдэлтэй бүсээр ирж болохгүй зэрэг тайлбар өгдөг.

Тэгээд Эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа хэрнээ эмнэлгийн тусламж авч чаддаггүй. Зарим хувийн эмнэлэг хөнгөлөлттэй үнээр рентген зураг авдаг гээд байгаа хэрнээ бас л их оочертой. Түүнийг хүлээж сууснаас хувийн эмнэлэгт хөлсийг нь төлөөд үзүүлсэн нь хамаагүй дээр.

РЕНТГЕНД ОЙР ОЙРХОН ДАВТАМЖТАЙ ХАРУУЛАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ

Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн тухайд хатгааны үлдэгдэл нь сорвижоод эдгэсэн бол рентген зураг дээр хатуурсан юм шиг зураглалтай харагддаг аж. Дийлэнх иргэдийн уушгины зураглал нэлээд өтгөрөөд олширчихсон, яг хатгаа биш зураглалтай ажиглагдаж байгаа нь хүндрэх эрсдэл үүсгэж байгааг ч эмч нар хэлж байгаа юм.  Гэхдээ иргэд хатгалгаа нь эдгэрсэн эсэхийг тодруулахаар давтамжтай рентген зураг авахуулах нь эрсдэлтэй аж.

Нарийн мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө, эмчилгээ авсан бол санаа зоволтгүй байж, сар болгон эмнэлэгт очиж, оочер дараалал үүсгэх шаардлагагүй байна.

Гэхдээ улсын эмнэлгийн уушгины тасагт хандаж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь Covid-19-ийн дараах хүндрэлээс өвдөж үзлэгийн цаг авч байгаа нь нэг талаар эмгэнэлтэй. Үүнээс болж үндсэн өвчтөнөө авч чадахгүй байгаа эмч нарт ирж байгаа иргэдийн бухимдал ч тэвчихийн аргагүй. Ямартай ч уушгины тасагт ажиллах эмч боловсон хүчний тоог дүүрэг, улсын томоохон эмнэлгүүдэд зайлшгүй нэмэх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж