ТӨХК-иудын захирлуудын ОРЛОГО БА ХӨРӨНГӨ

Хуучирсан мэдээ: 2021.11.04-нд нийтлэгдсэн

ТӨХК-иудын захирлуудын ОРЛОГО БА ХӨРӨНГӨ

ТӨХК-иудын захирлуудын ОРЛОГО БА ХӨРӨНГӨ

Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхээр болсон. 2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг. Тиймээс:

  • Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх, олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх,
  • Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох асуудал ярьж буй.

Энэ удаа улсдаа томоохонд тооцогдох ТӨХК-ийн гүйцэтгэх захирлуудын 2020 оны ХОМ-ийг хүргэж байна.

Тэдний жилийн  орлого 47 сая төгрөгөөс 1.6 тэрбум төгрөгийн хооронд байгаа бөгөөд  дээрх найман хүмүүс дунд гурван тэрбумтан ч бий. 

Н.УДААНЖАРГАЛ 109 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын 2020 оны жилийн орлогыг өмнөх онтой нь харьцуулахад 187 сая төгрөгөөр буурч 167 сая төгрөг , гэр бүлийн орлого 53 сая төгрөгөөр буурч 190 сая төгрөгт хүрчээ. Тэрбээр хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоолоо 380 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Жийп болон туулах чадвар өндөр "Nissan-Patrol", "Nissan-Qashqai", "Toyota-Land Cruiser" 200 зэрэг гурван автомашин нь 252 сая төгрөг. 80 үхэр, 150 хонь, 250 ямаа, 95 сайн үүлдрийн үхэр, 25 хурдан удмын адуу нь 617 сая төгрөг болно. Н.Удаанжаргал нь 109 сая төгрөгийн хадгаламж, 157 сая төгрөгийн үнэт эдлэл, 70 саяын газар, 259 сая төгрөгийн зээлтэй. Түүнчлэн “Туулайн хан” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Лэнд мн- ХК, “Содон ном” ХХК-д хувьцаа эзэмшдэг аж.

Б.ГАНХУЯГ 46 САЯ ТӨГРӨГИЙН МАЛТАЙ

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2020  оны орлого өмнөх онтой харьцуулахад 269 сая төгрөгөөр буурч 199 сая төгрөг,  гэр бүлийн орлого нь 441 сая төгрөгөөр буурч 67 сая төгрөг болжээ. Тэрбээр нэг амины орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилгаа 990 сая төгрөгөөр  үнэлсэн байна.

249 сая төгрөгийн үнэтэй жийп болон туулах чадвар өндөр "Nissan-Patrol" автомашинтай. Б.Ганхуягийн 32 адуу, хоёр хурдан удмын адуу нь 46 сая төгрөг. 100 сая төгрөгийн газар, 86 сая төгрөгийн үнэт эдлэл, 57 сая төгрөгийн хадгаламжтай бол  252 сая төгрөгийн зээлтэй. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг. Түүний жилийн орлого, орон сууц хоёрынх нь үнэ асар зөрүүтэй байх жишээний. 

Х.БАДАМСҮРЭНГИЙН ЖИЛИЙН ОРЛОГО 1.6 ТЭРБУМ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн жилийн орлого 1.6 тэрбум,  гэр бүлийн орлого 657 сая төгрөг. Бусад захирлын орлого 2020 онд буурч байсан бол түүний орлого  харин эсрэгээрээ 1.2 тэрбум төгрөгөөр, гэр бүлийн орлого нь 360 сая төгрөгөөр өсчээ.

Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижиж байх жишээтэй. Түүний  хоёр амины орон сууц, гурван нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай обьект, нэг оффис, нэг  ферм, нэг граж, өвөлжөө хаваржаа хүлэмж гэх мэт гурван байгууламж нь нийтдээ 2.9 тэрбум төгрөг. 292 сая төгрөгийн суудлын жижиг машин "Mercedes Benz-S320", жийп болон туулах чадвар өндөр "Toyota-Land Cruiser 200" автомашинтай.

180 адуу, 50 үхэр, 40 хурдан удмын адуу, 50 хонь, 60 ямаа нь 254 сая төгрөг. 60 саяар үнэлэгдэх дөрвөн  газар,  125 сая төгрөгийн үнэт эдлэл,  350 сая төгрөгийн хадгаламжтай бол 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй. Түүнчлэн есөн компанид хувьцаа эзэмшдэг. Х.Бадамсүрэнгийн хувьд бусад ТӨХК-иудын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж байна.  

О.БАТНАСАН 258 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батнасанг  өнгөрсөн наймдугаар сард томилсон. Тэрбээр 2020 оны ХОМ бөглөөгүй байна. 2019 оны байдлаар түүний жилийн орлого 265 сая, гэр бүлийн орлого 102 сая төгрөг байжээ. Хоёр нийтийн орон сууц нь 740 сая төгрөгийн үнэтэй. Жийп болон туулах чадвар өндөр "Toyota-Prado", "Toyota-Rav 4" автомашин нь 89 сая төгрөг.  Тэрбээр нэг хурдан удмын адуу, 110 үхэрээ 80 сая төгрөгөөр үнэлжээ. О.Батнасан нь 70 сая төгрөгийн хоёр газартай, 88 сая төгрөгийн үнэт эдлэл, 258 мянган төгрөгийн хадгаламжтай бол 850 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Түүний хувьд хадгаламжаасаа хэд дахин илүү хэрэглээтэй болохыг ХОМ-ээс нь харчихаж болно. О.Батнасан нь  2016-2020 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан гэсэн товчхон намтартай. Түүхийн багш, эрх зүйч нэгэн.

Н.ЦЭРЭНБАТ 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

“Эрдэнэс-Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатын 2020 оны жилийн орлого 237 сая төгрөг, гэр бүлийн орлого 350 сая төгрөг. Түүний гэр бүлийн орлого 2019 онтой харьцуулахад 243 сая төгрөгөөр нэмэгдсэн бол  өөрийнх нь орлого 27 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшингаа 1.2 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Суудлын жижиг машин, "Samsung QM5"  жийп болон туулах чадвар өндөр "Lexus- RX 450" автомашин нь 185 сая төгрөг.  Тэрбээр 30 адуугаа 24 сая төгрөгөөр үнэлжээ.

Түүнчлэн 1.8 тэрбум төгрөгийн үнэт эдлэл, 95 сая төгрөгийн хадгаламжтай, 955 сая төгрөгийн авлагатай бол 12 компанид хувьцаа эзэмшдэг аж.  237 сая төгрөгийн жилийн орлоготой дарга 1.2 тэрбумын байранд амьдарч чадаж байгаа "гайхамшгийг" зөвхөн Монголын төрийнхөн л чадна. Н.Цэрэнбатын цуглуулдаг үнэт эдлэлийн 1.8 тэрбум төгрөгийг энгийн иргэд бараг 100 жил хоол унд идэхгүй, сохор зоос ч зарцуулахгүй байж олж чадах биз.

С.БАЯРМӨНХ 787 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг чөлөөлж, С.Баярмөнхийг томилсон. Түүний 2020 оны ХОМ байсангүй. Түүний 2019 оны жилийн орлого 6.4 сая, гэр бүлийн орлого 1.8 сая төгрөг гэжээ. Гурван нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилгаа 1.2 тэрбумаар үнэлсэн байна. Жийп болон туулах чадвар өндөр "Lexus-570" автомашин нь 90 сая төгрөгийн үнэтэй. Тэрбээр долоон газартай бөгөөд нийт үнэлгээ нь 625 сая төгрөг. 15 сая төгрөгийн үнэт эдлэл, 787 сая төгрөгийн хадгаламж, "Сэрүүлэг Констракшн" ХХК болон "Сэрүүлэг" Сонинд хувьцаа эзэмшдэг.

Б.АЧИТСАЙХАН ЕСӨН САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

“Эрдэнэс Алт Ресурс “ХХК гүйцэтгэх  захирал Б.Ачитсайханы 2020 оны жилийн орлого нь 47 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь есөн сая төгрөг. Нэг нийтийн орон сууц, нэг авто гражаа 115 сая төгрөгөөр үнэлсэн байна. 60 сая төгрөгийн  жийп болон туулах чадвар өндөр "Lexus-470" автомашинтай бол есөн сая төгрөгийн хадгаламжтай.

Н.МАНДУУЛ 69 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛ, 89 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуулын 2020 оны жилийн орлого 122 сая төгрөг, гэр бүлийн орлого 22 сая төгрөг.  2019 онтой харьцуулахад түүний жилийн орлого 47 сая төгрөгөөр, гэр бүлийн орлого дөрвөн  сая төгрөгөөр нэмэгджээ.

Тэрбээр нийтийн орон сууцаа  172  сая төгрөгөөр үнэлжээ. 110 сая төгрөгийн суудлын жижиг автомашинтай. 69 сая төгрөгийн үнэт эдлэл, 89 сая төгрөгийн хадгаламж, 236 сая төгрөгийн зээлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж