Шотландын Глазго хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 26 дахь удаагийн бага хурал өнгөрсөн сарын 31-нээс эхэлсэн. Тус хурал ирэх арваннэгдүгээр сарын 12 хүртлэх үргэлжлэх аж. Бага хурлаар нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөг дахин шинэчлэх асуудлыг хэлэлцэж буй агаад улс орнуудын төлөөлөгчдийн тавьж буй илтгэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж буй. Ялангуяа нүүрсний нөөц ихтэй Монгол Улсын хувьд уг хурлаар хэн юу хэлэх нь сонирхолтой сэдэв юм.
НҮБ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уулзалтыг нээж хэлсэн үгэндээ манай дэлхий нүдний өмнө хэрхэн өөрчлөгдөж буйг онцолжээ. Тэрбээр далайн гүнээс уулын орой хүртэл, хайлж буй мөсөн голоос, цөлжиж буй ой хүртэл цаг агаарын эрс тэс үзэгдэл нэмэгдэж байна. Үүний эсрэг хүн төрөлхтөн зоригтой алхам хийх цаг болсныг сонордуулаад, дэлхийн дулаарлыг тогтоон барих цаг болсныг улс орны удирдагчдад сануулсан байна. Үүний тулд дэлхийн удирдагчид шийдэмгий бөгөөд дорвитойхон алхам хийх ёстой гэжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний бодлогоо таван жил тутамд биш жил болгон эргэн харж өөрчлөхийг уриалсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд уур амьсгалын гамшигт дэлхийн 4 тэрбум хүн нэрвэгджээ. Түүнчлэн хөгжиж яваа орнуудыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.долларын санхүүжилт босгох амлалтаа ажил хэрэг болгохыг дурдсан байна.
ХЯТАД
БНХАУ ногоон болон нүүрстөрөгч багатай эрчим хүч рүү шилжих ажлыг түргэтгэж, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэхээ зарлалаа. Тус улс зөвшилцөлд тулгуурлан, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг онцлоод, амлалтаа биелүүлж, бодит зорилтыг тодорхойлж, нөөц бололцоондоо тулгуурлан чадах бүхнээ хийх хэрэгтэй. Мөн хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад илүү дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ. Мөн ногоон шилжилтийг эрчимжүүлэх хэрэгтэйг онцлоод, эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийг байгаль хамгаалалтай уялдуулах шинэ замыг эрэлхийлэхдээ шинжлэх ухаан, технологи, инновацийг ашиглах нь чухал болохыг тодотгожээ.
ИХ БРИТАНИ
Монголын Ерөнхийлөгчтэй нөхөрсөгөөр уулзсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тавьсан итгэлдээ уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийт нухацтай хандахгүй бол ирээдүйд энэ бүхнийг хийхэд оройтсон байхыг анхааруулжээ. Тэрбээр дэлхийн улс орнуудын удирдагчдыг “нүүрс, машин, мөнгө, мод” гэх сэдвээр бодитой амлалт өгөхийг уриалсан байна. Тус улс нүүрс, устөрөгчийн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины хэрэглээг 2035 он гэхэд үе шаттай бууруулна, 2030 он гэхэд ийм төрлийн машины шинэ борлуулалтыг зогсоохоо мэдэгджээ.
МОНГОЛ
НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарихаа амалсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаад ямар амлалт өгөх нь сонирхол татаж байсан. Тэрбээр “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” гэж тус бага хуралд тавьсан илтгэлдээ онцолжээ.
Мөн Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах зорилтоо дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгасан байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байгаагаа Төрийн тэргүүн тодотгожээ.
ОРОС
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Ой мод, бусад экосистемийг хамгаалах нь дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Глазгоу хотод болж буй энэ хурлын өргөн хүрээний хэлэлцэх асуудалд яв цав таарч байна. ОХУ 2060 он гэхэд нүүрстөрөгчгүй эдийн засагт шилжих зорилт дэвшүүлж буй нь өөрийн гэсэн онцлогтой ойн экосистем болон бусад экосистем, тэдгээрийн нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах чадварт найдаж буй”-гаа онцолжээ.
Дэлхийн ойгоор бүрхэгдсэн талбайн 20 хувь нь ОХУ-д байдаг. Тэрбээр “Ой модоо хамгаалахын тулд маш шаргуу арга хэмжээ авч ажиллаж байна. Ойн менежментийг сайжруулж, ой модыг хууль бусаар огтлох, ойн түймэртэй тэмцэж байна. Бид ой мод нөхөн сэргээлтийн талбайг тэлж байна. Энэ чиглэлд санхүүжилтийг нэмэгдүүлж байна. Ой, газар ашиглалт сэдэвт хуралдаанаар батлах хамтарсан тунхаглалыг ОХУ дэмжиж байна” гэжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ