Хятад улс ард иргэддээ хүнсээ нөөцлөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Хятад улс ард иргэддээ хүнсээ нөөцлөхийг уриалав

Хятад улс ард иргэддээ хүнсээ нөөцлөхийг уриалав

Хятад улс цаг агаарын таагүй байдал, эрчим хүчний хомсдол, “Covid-19”-ийн хязгаарлалттай холбоотойгоор нийлүүлэлт тасалдаж болзошгүй тул хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийг ард иргэддээ уриалжээ.

Тодруулбал, тус улсын Худалдааны яамнаас ард иргэдэд хандан хүнсний ногоо, тос, шувууны мах зэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийг уриалсан мэдэгдлийг Даваа гаригийн орой гаргасан байна. Мөн орон нутгийн удирдлагуудад ард иргэд энэ өвлөөс ирэх хавар хүртэл хүрэлцэх хэмжээний хүнсний зүйл нөөцөлсөн эсэхийг нягтлахыг үүрэгдэж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг давхар сануулжээ.

Хятадад өнгөрсөн зун бороо их хэмжээгээр орж, ургац алдсаны улмаас сүүлийн хэдэн долоо хоногийн турш хүнсний ногооны үнэ өсөөд байгаа юм.

Засгийн газар үүнээс өмнөхөн буюу Хятадын үндэсний баярыг угтан долоо хоногийн амралтын өдөр (10.01-10.07)-т зориулж хүнс ногоогоо нөөцлөхийг санал болгож байв. Гэхдээ өмнөх мэдэгдэл орон нутгийн удирдлагуудад илүүтэй чиглэж байсан тул иргэд төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Харин энэ удаагийн гэнэтийн сэрэмжлүүлэг иргэдийг ихээхэн цочирдуулж байгаа бололтой.

Хятадын “CCTV” телевиз хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийг уриалсан засгийн газрын мэдээ иргэдийг шуугиулж байгаа талаар хүртэл мэдээлжээ. Мөн Хятадын нийгмийн сүлжээгээр энэ талаар олон таамаг хөвөрч буй юм. Тухайлбал, “Weibo”-гийн нэгэн хэрэглэгч “Цар тахал дэлгэрэх үед ч засгийн газар бидэнд хүнсээ нөөцлөхийг анхааруулж байгаагүй” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Эрх баригчид энэ өвөл биднийг хүнс ногоогоор хангаж чадахгүй нь бололтой" гэжээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү түгшүүрийг намжааж, иргэдийг тайвшруулах гэж оролдож байна.

Тухайлбал, төрийн мэдлийн “Global Times” сонины редактор Ху Сижин энэ мэдэгдэл нь Бээжин, Тайбэй хоёрын хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбоотой гэсэн таамгийг үгүйсгэв.

Төрийн өмчит “Economic Daily” Мягмар гаригт мэдээлэхдээ эрх баригчид “Covid-19”-ийн улмаас хэсэг хугацаанд тогтоож болзошгүй хөл хорионд бэлтгэлтэй байхыг иргэдэд сануулж байна гэжээ.

Мөн Худалдааны яамны ажилтан Жу Шяолянтай хийсэн ярилцлагыг нийтэлсэн бөгөөд тэрбээр хүмүүсийн өдөр тутмын хангамж хүрэлцээтэй байгаа бөгөөд “айх аюул байхгүй” гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж