НЭМЭЛТ: 15.25 ЦАГ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах мэдэгдэл гаргасныг хүргэе.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь энэ оны арваннэгдүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан юм. Их эмч Х нь 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өглөө ажлын байран дээрээ гэнэт нас барсан байна.
Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнүүдээ үзэж дуусаад, амрах өрөөндөө орсон. Эмчийг өрөөнд нь орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээ авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй.
Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан. Нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байна.
Талийгч Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажилласан туршлагатай эмч байлаа.
Талийгаач Х-ийн хань, үр хүүхэд төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ЭХЭМҮТ
ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ НАС БАРСНЫГ ӨГЛӨӨ МЭДЖЭЭ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч өнгөрсөн шөнө ажлын байран дээрээ амь насаа алдсан байна. Энэ талаар тус төвөөс мэдээлэл өгөхөөс татгалзсан бол Эрүүл мэндийн яамнаас тухайн эмчийн зүрх гэнэт зогссон гэсэн мэдээлэл өгөв. Тус яамны албаны хүний хэлснээр, ЭХЭМҮТ-ийнхөн тухайн үед жижүүрт гарч байсан эмч шөнө нас барсныг өглөө мэдсэн байна.
Талийгаач эмэгтэй 40 гаруй насны, Эрчимт эмчилгээний тасгийн туршлагатай эмч байсан аж. Тухайн үед тасгийн жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд түр амрахаар өрөөндөө оржээ. Харин ээлж солилцох үед эмч байхгүй, хаалга нь түгжээтэй байсан тул өглөө нь эмнэлгийнхэн хаалгыг эвдэж ороход нас барсан аж.
Эрүүл мэндийн яамнаас "ЭХЭМҮТ-ийн ажилтан ажлын байран дээрээ гэнэт нас барсан харамсалтай тохиолдол гарсан нь үнэн. Тухайн эмч Covid-19 цар тахал болон ажлын ачааллын улмаас нас бараагүй, зүрх нь гэнэт зогссон. Задлан шинжилгээний дүгнэлтээр нас барсан шалтгаан нь тодорхой гарах болов уу” гэв.
Холбоотой мэдээ