Аюултай хог хаягдал устгах үйлдвэр байхгүйд иргэд "буруутай"

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Аюултай хог хаягдал устгах үйлдвэр байхгүйд иргэд "буруутай"

Аюултай хог хаягдал устгах үйлдвэр байхгүйд иргэд "буруутай"

Монгол Улсад аюултай хог хаягдал устгах, дахин боловсруулах асуудал тулгамдаж буй олон асуудлын нэг. Олон жил яригдаж буй эл асуудал өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй нь иргэдийн буруу аж. Учир нь, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн газрыг иргэд эсэргүүцдэг байна. Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун дуулгав.

Тэрбээр “Улсын хэмжээнд хог хаягдлыг дахин боловсруулах, боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудал шийдэгдээгүй. Засгийн газрын шийдвэрээр аюултай хог хаягдал устгах үйлдвэр барих газрыг судалж, байршлыг нь тогтоохоор иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газар төлөвлөж, Засгийн газрын шийдвэр гарсан ч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй. Мөн аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэг бүхий хоёр компани ажилладаг. Хотын баруун бүсийн эмнэлгүүдийн хаягдлыг “Элемент медикал” ХХК, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт, зүүн бүсийн хаягдлыг “Элемент” ХХК Налайх дүүрэгт халуун уураар халдваргүйжүүлж, шатаах зууханд шатааж байна" гэлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас орчныг бохирдуулж буй аккумуляторын үйлдвэрүүдийг хаасан бол гурван компанид нэг жилийн хугацаатай зөвшөөрөл олгожээ. Эдгээр компаниуд нь олон улсын стандартад нийцсэн технологиор автомашины аккумуляторыг дахин боловсруулалтад оруулж эхлэх аж. Гэхдээ эрх баригчид хүсвэл иргэдийн эсэргүүцлийг үл тоон ямар ч барилгыг нурааж, шинэ бүтээн байгуулалт эхлүүлдэг болохыг Байгалийн түүхийн музейн суурин дээр сүндэрлэсэн Чингис хааны музей харуулсан билээ. Тиймээс асуудалд иргэдийг буруутгахаас өөрийг хийж чадахгүй байгаа дарга нарт дахин сануулахад нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө, дээрээс нь хүсэл байвал ямар ч ажлыг хийх боломжтой юм шүү гэдгийг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж