Хабиб болон Зеедорф нар сургууль нээв

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Хабиб болон Зеедорф нар сургууль нээв

Хабиб болон Зеедорф нар сургууль нээв

Хөлбөмбөгийн алдарт тамирчин асан Кларенс Зеедорф болон мэргэжлийн холимог тулааны аварга асан Хабиб Нурмагомедов нар хамтран Дубайд хөлбөмбөгийн сургууль нээлээ. Тэд "Энэхүү сургуульд хөлбөмбөг болон холимог тулааны урлагийг хослуулан заах нь ‘өвөрмөц сургалтын арга зүй’ болно" хэмээн тайлбарлав. Хоёр эрхэм хамтран “SK Sports Holding” байгуулж байгаа бөгөөд тэдний төв байр Дубайн тансаг зэрэглэлийн “Jumeirah Lakes Towers”-д байрлах нь.

Хоёр тамирчин ирэх таван жилийн хугацаанд дэлхийн 10 бүс нутагт сургууль нээх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ одоохондоо яг хаана, хэзээ нээнэ гэх нарийвчилсан мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

Зодог тайлсан тамирчдын хувьд 2020 онд анх уулзаж танилцаж байсан бөгөөд тухайн цаг үеэс хойш хурдан хугацаанд сайн найз нөхөд болцгоожээ. Ингэх хэд хэдэн шалтаг байсан бөгөөд Нурмагомедовын талийгаач аав Зеедорфыг дэмждэг байв. Мөн хоёр тамирчин хэд хэдэн удаа уулзан тулаан үзэж, найз нөхдийн хамтаар хөлбөмбөг тоглож байсан юм.

Сургуулийн нээлтийн арга хэмжээн дээр Кларенс Зеедорф "Хөлбөмбөг миний амьдралд олон зүйл өгсөн. Одоо би үүнийгээ эргүүлэн бусдад өгөхөөр шийдсэн. Улмаар би Хабибтай хамтарч хойч үеийнхэндээ үүнийг өгөх гэж байгаадаа маш их баяртай байна.

Бидэнд амьдралын ижил зорилго бий. Бид дараагийн залуу үеийнхэнд бэлэг болгон өгөхийг хүсч байна. Энэ бол дан ганц Дубайн төсөл биш. Энэ бол дэлхий дахины төсөл. Манай компани Дубайд байрладаг. Би Хабибиг холимог тулаан талаасаа юу юу авчирч чадахыг мэднэ. Би ч гэсэн өөрийгөө хөлбөмбөгийн талаас энд юу авчирч бий болгож чадахаа мэднэ. Улмаар ирээдүйд дэлхийн өнцөг булан бүрт энэ бүгдийг жигд хэрэгжүүлэх болно.

Бид үүнд хэрхэн хүрч болох талаар өмнө нь олон удаа ярилцсан. Хөлбөмбөгийн сургуультай байхын тулд чамд бүх зүйл хэрэгтэй. Дэлхий дээр маш олон сургууль байдаг. Бидний тэднээс ялгагдах онцлог бол бид багш, дасгалжуулагчдаа сонгох болно. Бид тэрхүү дасгалжуулагчдыг бэлддэг болно. Улмаар хүүхдүүдэд албан ёсны эрхтэй багш, дасгалжуулагчид хичээл орох болно. Энэ нь маш чухал зүйл бөгөөд бид тэдэнд хөлбөмбөг болон тулааны урлаг заана" гэжээ.

Сурвалжлагчид тэднээс хэзээ мэргэжлийн клубын нээлт болох талаар асуухад:

Зеедорф:

-Та нар удахгүй энэ талаар мэдэх болно. Тэвчээртэй хүлээж байгаарай. Бид Дубайд өөрсдийн компаниа байгуулсан. Эхлээд үүнд анхаарлаа хандуулцгаая. Бидний дараагийн хамтрагчтайгаа гэрээ байгуулах цаг мөчийг хүлээцгээе гэжээ.

Хабиб Нурмагомедов:

-Зеедорф бол өөрийн салбартаа амжилтад хүрсэн нэгэн. Би ч гэсэн өөрийн салбартаа амжилтад хүрсэн. Бид хэрхэн аварга болохоо мэддэг. Яг одоо бидний зорилго бол аваргуудыг төрүүлэн гаргах. Аваргуудыг бий болгохын тулд систем хэрэгтэй. Clarence бид хоёр энэхүү системийг бий болгоно.

Би үргэлж хөлбөмбөгийн томоохон хөгжөөн дэмжигч байсаар ирсэн. Би Кларенсиг дан ганц тоглогчийн хувиар бус хүнийх нь хувьд биширдэг. Түүнд сайн эрхэм зан чанарууд байдаг бөгөөд эдгээр нь миний хувьд маш чухал юм. "Seedorf & Khabib" клуб нийгэмд чухал нөлөө үзүүлэхээс гадна хөлбөмбөгийн төвшин, тоглогчдийн ур чадварыг дээшлүүлэх болно. Хамгийн чухал нь бидний хувьд сайн хүмүүсийг бэлдэж гаргах л хамгийн чухал зүйл юм.

Мэргэжлийн клубын талаар Хабиб ярихдаа "Хэрэв бид Дубайд өөрсдийн сургуулиа нээж байгаа бол тоглолтын клубээ Абу-Даби-д нээх хэрэгтэй. Бид ирээдүйд үүн дээр ажиллах болно. Бид Абу-Даби-д болон Дубайд хамгийн багадаа мэргэжлийн клубтэй болох хэрэгтэй” гэв.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж