Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай инфляц, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-ҮСХ-ноос наймдугаар сард инфляц улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувь хүрснийг зарласан. Инфляцын түвшин өсөхөд голлон нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү?
-Инфляц энэ оны төгсгөлд зорилтот түвшнээс давах төсөөлөлтэй байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Тиймээс одоогийн инфляцын түвшин хүлээлттэй нийцтэй гэж хэлж болно. Инфляцад олон хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг ойлгох нь нэн чухал. Өөрөөр хэлбэл инфляц нь эдийн засгийн сэргэлттэй уялдаж өсөж байгаа эсэх, гадаад орчинтой холбоотой импортын үнээр дамжиж байгаа эсэх, эсвэл нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй түр зуурын хүчин зүйлсийн нөлөө байгаа эсэхийг харах ёстой. Товчхондоо инфляцыг онилж байгаа шийдвэрүүд үүн дээр үндэслэж гарна. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл 4 төрлийн бараа бүтээгдэхүүн дангаараа 8-р сарын инфляцын 51 хувийг тайлбарлаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын инфляц 8-р сард 9.1 хувьд хүрсний хамгийн том нөлөөг өмнөх жилээс 38% өсөөд буй шатахууны үнэ үзүүлж байна. Энэ нь инфляцын 1.7 нэгж хувийг бүрдүүлжээ. Мөн махны үнэ инфляцын 1.6 нэгж хувийг, хатуу түлшний үнэ 0.8 нэгж хувийг тайлбарлаж байгаа. Автомашины үнэ ч гэсэн өндөр өсөлттэй байж инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлсэн. Эдгээр зүйлс нь инфляцын дийлэнх хувийг тайлбарлаж байгаа учраас өнөөгийн үнийн өсөлтийг эдийн засгийн сэргэлтээс үүдсэн гэж дүгнэж болохооргүй байна. Хоёрдугаарт, олон улсын тээвэр логистикт үүсээд буй түгжрэл, үүнтэй уялдсан тээврийн зардлын өсөлт импортын бараанд шингэж байна. Азийн бүс нутгийн экспорт эрчимтэй сэргэж, хямралын өмнөх үеийн түвшнээс давсан, цаашид өсөлт нь хадгалагдах хүлээлт бий болсон нь тээвэр логистикт түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Үүнийг дагаад тээврийн хөлс өндөр өсөлттэй байгааг стандарт контейнерийн үнийн индекс огцом нэмэгдсэнээс харж болно. Тухайлбал 2020 оны эхний хагаст 1600 орчим ам.доллар байсан контейнерийн тээврийн үнэ 2021 оны 9-р сарын байдлаар 10,000 ам.долларыг давсан байна.
-Олон улсад ч мөн адил ижил төсөөтэй дүр зураг ажиглагдаж байх шиг байна. Бусад төв банкууд инфляцыг хэрхэн авч үзэж байна вэ?
-Цар тахлын үед инфляцын өсөлт бүх оронд бий болсон нь ерөнхийдөө нийтлэг шалтгаантай. Үүнд шатахуун, хүнс, эрчим хүч, тээвэр ложистикийн үнийн өсөлтийг дурдаж болно. Харин эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор үүссэн эрэлтийн шалтгаантай инфляц улс орнуудад харилцан адилгүй байгаа. Зарим оронд, ялангуяа цар тахалд бага өртсөн, вакцинжуулалт амжилттай өрнөсөн, эргээд эрчимтэй сэргэж буй орнуудын хувьд эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эхэлж байна. Үүнтэй уялдуулаад төв банкууд нь бодлогын хүүгээ өсгөх шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. Тухайлбал ойрын хугацаанд 31 төв банк бодлогын хүүдээ өөрчлөлт оруулах 56 удаагийн шийдвэр гаргаснаас 48 удаад нь бодлогын хүүгээ өсгөж, үлдсэн 8 удаад нь бодлогын хүүгээ бууруулахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр эрэлтийн шинж чанартай инфляцтайгаа уялдуулж бодлогын шийдвэрүүдээ гаргаж байгаа гэсэн үг. Тиймээс эрэлтийн шинжтэй инфляцыг өдөөж буй үзүүлэлтүүдийг тодорхойлохын тулд Төв банкууд хөдөлмөр өндөр шингээсэн салбаруудын өсөлт, ажилгүйдлийн бууралт, эдийн засгийн өсөлтийн төлөв эмзэг эсэхийг таних, мөн хэрэглээ сэргэсэн эсэхийг анхаарах шаардлагатай болж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ч дээрх хүчин зүйлсийг харгалзан үзээд 9-р сарын 16-ны өдөр бодлогын хүүгээ хэвээр үлдээх нь гэсэн шийдвэр гаргаад байна.
-Инфляц нийлүүлэлтийн болон нэг удаагийн хүчин зүйлсийн шалтгаанаар өсөхөд төв банкны арга хэрэгслүүд хязгаарлагдмал гэдгийг өмнө нь хэлж байсан. Монголбанкны хувьд инфляцын төлөв болон зорилтын талаар ямар хүлээлт, байр суурьтай байна?
-Төв банк инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах зорилтоо хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд тодорхой хэлж байгаа. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байна. Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар сэргээгүй байна. Үүнтэй уялдаад өрхийн хэрэглээ сэргээгүй, сүүлийн 3 улирал дараалан уналттай гарсан. Нийт эдийн засгийн өсөлт эхний улиралд 14.8 хувь байсан бол 2-р улиралд 0.6 хувь, эхний хагаст 6.3 хувь байв. Энэ нь өсөлт эмзэг, жигд бус байгааг харуулж байна. Дээрээс нь хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт буурсан буюу 10 хувь агшсан хэвээр байгаа зэргийг харгалзан үзвэл эрэлт бүрэн сэргээгүй, хэврэг байгааг илтгэнэ. Бид 2021 оны төгсгөлд инфляц зорилтот түвшнээс давах боловч 2022 оны сүүлийн хагаст эргээд буурч, зорилтын түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт эрчимжсэнийг бусад орнуудын адил нийлүүлэлтийн шалтгаантай гэж авч үзэж байгааг онцлон дурдъя. Одоо бий болоод байгаа инфляц яг л АНУ, Япон, Европын холбооны орнуудынхтай ижилхэн. Ерөнхийд нь хэлэхэд 2 хувийн инфляцтай байдаг орнууд 4-6 хувийн инфляцтай байна. Зүүн Европ, Төв Азийн хөгжиж буй орнуудын инфляц 7-8 хувийн түвшинд ирээд байна. Үүнийг дэлхий нийтээрээ сэргэлтийн дараах шок гэж харж байна.
-Дэлхий нийтэд цар тахал тархаж эхэлсэн цагаас хойш Монголбанк бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлсэн. Эдгээрийн үр дүн хэрхэн гарч байгаа вэ?
-Үр дүнг ярихын тулд эхлээд хямралын шалтгааныг товч дурдъя. Хямралын шалтгаан эдийн засгийн бус байсан учраас эдийн засгийн аргаар эмчлэхэд хүндрэлтэй. Шок нь вирусээс үүдэлтэй учраас ирээдүй маш бүрхэг, тодорхой бус бөгөөд өвчнийг эмчилдэг эм, вакцинаас шууд хамааралтай гэсэн үг. Цар тахлын шинэ давлагаанууд, мутацад орсон вирусын хувилбарууд нь эдийн засгийн харилцаанд оролцож буй аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагууд, Засгийн газруудын хүлээлтийг муутгасан. Энэ үед хүлээлтийг тогтворжуулах бодлогын арга хэмжээнүүдийг төв банкууд маш ихээр авсан байдаг. Дараа нь санхүүгийн нөхцөлүүд огцом хатуурах буюу санхүүгийн байгууллагууд болгоомжилж эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч, улмаар зээлийн нийлүүлэлтийг хумьж, гадаад зах зээл муудаж эхэлсэн нөхцөл байдалд тохируулан бодлогуудыг авч хэрэгжүүлж эхэлсэн. Монголбанкны хувьд хүлээлтийг удирдах, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх арга хэмжээ авч, бодлогын хүүг түүхэн доод түвшинд хүртэл бууруулж, санхүүжилтийн шинэ хэрэгслүүд нэвтрүүлсэн юм. Мөн зээлийн бүтцийн өөрчлөлт хийж, төлбөр хойшлуулах арга хэмжээнүүд аваад байна. Үүний үр дүнд өрх, аж ахуйн нэгж дээр ирж буй зээлийн төлбөрийн дарамтууд буурч, зээл олдохгүй байх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал зөөлөрсөн бөгөөд эерэг нөлөө нь одоо ч үргэлжилж сэргэлтэд дэмжлэг болж байна. Тухайлбал 8-р сард шинээр гаргаж буй зээлийн дундаж хүү 1-р сарын 15.2 хувиас 13.4 хувь руу буурч, агшаад байсан зээлийн өсөлт 14.4 хувиар өсөж, шинээр олгосон зээлийн хэмжээ 40 хувийг давж өсөөд байна. Мөн уул уурхайн бус салбар хэвийн түвшинд хүрэх хугацаа наашилж буй эерэг төлөвтэй байна.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ