Сурвалжлага: Өвлийн хүлэмжид урт хугацааны зээл хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Өвлийн хүлэмжид урт хугацааны зээл хэрэгтэй байна

Сурвалжлага: Өвлийн хүлэмжид урт хугацааны зээл хэрэгтэй байна

Жижигг зоогийн газраас эхлээд томоохон зах худалдааны төвүүдэд нарийн ногоо тасраад хорь хонож байна. Хэдийгээр өчигдрөөс 60 вагон нарийн ногоо, жимс урд хөршөөс ирнэ гэж албаныхан амлаж байсан ч, одоогоор орж ирсэн ногоо алга.

Ийнхүү Эрээний хил хаагдсанаар монголчууд нэг зүйлийг ойлгож авсан нь нарийн ногоогоо дотооддоо тарьж ядаж л хэрэглээнийхээ 60 хувийг  хангах хэрэгтэй болж. Монгол Улс хүнсний ногооныхоо 40 хувийг импортоор авдаг бөгөөд татварт мэдээлсэн дүнгээр жилдээ 25 сая ам.долларын нарийн ногоо гаднаас оруулж ирдэг байна.  Харин нарийн ногооныхоо 80 хувийг импортоос бүрдүүлж, үлдсэн 20 хүрэхгүй хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд хангадаг аж.

Өвлийн тариалалт өндөр өртөгтэйг ойлгох хэрэгтэй

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл “Ногоон сор” компанийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаярын хэлснээр, төрөөс хүлэмжийн бизнесийг дэмжиж, орчныг нь бүрдүүлж чадвал Монголын хөрсөнд ургахгүй ногоо, жимс гэж байхгүй аж.

Тус компани 2009 онд байгуулагдаж, 2010 оноос эхлэн өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулжээ. Эхний ээлжинд 14 хүлэмжээ нээж, гүзээлзгэнэ, өргөст хэмх, помидор тариалж эхэлсэн байна. Монголд ургахгүй гэгдэж байсан гүзээлзгэнийг тэд л анх удаа эх орныхоо хөрсөнд ургуулж чаджээ. Одоогоор тус компани помидор, өргөст хэмх, тарвас, гүзээлзгэнэ, усан үзэм, бууцай, юуцай, салатны навч, чинжүү, халуун чинжүү, кимчиний байцаа, цагаан манжин тэргүүтэй нарийн ногоо тариалж, хэрэглэгчдэд нийлүүлдэг.

Н.Отгонбаяр захирал хүлэмжийн аж ахуйн хүндрэл бэрхшээлийн талаар ярихдаа “Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт харъяалагддаг. Орон нутгаас түүхий нүүрс түлэхийг зөвшөөрдөггүй. Гурван га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Энэ газар сайжруулсан түлш түлнэ гэдэг асар их зардалтай. Түүхий нүүрс ч өндөр зардалтай байсан. Ер нь өвлийн тариалалт өндөр өртөгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дулаан, цахилгааны мөнгө, өвөл ажиллах ажилчдын хөлс гээд урсана. Тэглээ гээд өндөр өртгөөр иргэддээ жимс, ногоо борлуулж болохгүй шүү дээ” гэв.

"Ногоон сор" компани 2014 онд Чингис бондын зээл авч, мянган мкв бүхий дулаан хүлээмж барьж, уурын зуухыг цогцоор нь шийджээ. Гэвч одоо хүртэл бондоос авсан зээлийнхээ 50 хувийг төлөөгүй байна. Тэрбээр "Ер нь зээл авна гэдэг хүлэмжийн бизнес эрхлэгчдэд хэцүү сорилт" гэв.

“Хүлэмжээ цахилгаанаар халаавал сардаа 10-20 сая төгрөгийн зардал гарна. Нүүрс түлж байгаа атлаа өвөлдөө цахилгааны төлбөрт 2-3 сая төгрөг төлдөг”.

Мөн тэрбээр “Төрийн дэмжлэг туслалцаа гэвэл цахилгааны хөнгөлөлтөд хамруулсан. Зээл авъя гэхээр маш богино хугацаатай ирдэг. Бараг олдохгүй. Хятадад туршлага судлаад явж байхад тэнд хамгийн багадаа 15 жилийн хугацаатай, хүү багатай хүлэмжийн чиглэлийн зээл олгодог юм байна лээ. Хятад, Солонгос, Америк, Оросоос сайн чанарын үр захиалаад, хил гаалиар оруулж ирэх гэж бөөн асуудал үүсдэг. Миний мэдэхийн ургамал хорио цээрийн ганцхан байцаагч хил дээр ачаалалтай ажилладаг” гэж халаглангуй ярилаа.

"Хятадын тал 50 га хүлэмжээ өөрсдөө бариад, манай дотоодын зах зээлийг хангая гэсэн"

Хүлэмжийн бизнес эрхлэгчийн “зовлонг” сонссон учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас төр эдгээр аж ахуйн нэгжүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлж буй талаар тодрууллаа. Түүний хэлснээр, Улаанбаатарын хотын хэмжээнд 50 га өвлийн хүлэмж шаардлагатай бөгөөд үүнийг барьчихвал дотоодын хэрэгцээгээ хангана гэсэн тооцоо гарчээ. Гол нь нэг га өвлийн хүлэмж 1.5-2 сая ам.долларын өртгөөр босдогоос гадна зургаа дахь жилээсээ эхлэн ашгаа өгдөг аж.

З.Мэндсайхан сайд ярихдаа “Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр дээр ажлын байрыг дэмжих 2 их наядын зээл, мөн хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих зээл гарсан. Энэ бүгдэд хамрагдах боломж нь нээлттэй. Гол нь яагаад хамрагддаггүй вэ гэдэг нь л чухал. Тэрнээс биш бид эх үүсвэрийг тавьж өгдөг. Өвлийн хүлэмжийн ашигт ажиллагаа нэг га-аас дээш байж ашигтай байдаг. Хувийн хэвшил дээр 10.1 га өвлийн хүлэмж бий. Төрөөс 10 га хүлэмж нэг дор баривал импортод тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Иргэдээ дэмжиж 1-3 га хүлэмж баривал импортыг хаах боломж байхгүй. Цаана нь 40 га гаруй хүлэмжийн орон зай үлдэнэ. Бидэнд зөвхөн хүлэмжин дээр 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өвлийн хүлэмжийн насжилт 15 жил” гэв.

"Хятадын бүхэл бүтэн хоёр муж дэлхийн нарийн ногоог хангах зорилгоор үйлдвэрлэл явуулдаг. Тэнд хийж буй үйлдвэрлэлийн өртөг маш бага учир бид үнээр өрсөлдөх боломжгүй. Арилжааны банк, санхүүгийн байгууллагууд ч хүлэмж дээр зээл өгөх сонирхолгүй байдаг".

Сүүлийн жилүүдэд гадны компаниуд Монголд өвлийн хүлэмж барьж, манай хэрэгцээг хангах санал тавих болсон. Үүнийг олон нийт эсэргүүцэж, хүнс гэдэг бол тухайн улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг анхааруулсаар ирсэн. З.Мэндсайхан сайд ч дотоодын аж ахуйн нэгжүүдээ энэ тал дээр дэмжих бодлого баримталж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Нидерландын Засгийн газрын хөнгөлөлттэй нөхцлөөр өвлийн хүлэмж барих асуудлаар яриа хэлэлцээ хийж байна. Хүлэмжийн зах зээлийг хувийн аж ахуйн нэгжүүд даах чадваргүй тул төр нэг удаа суурийг нь тавьж өгөөд, цаашдаа ашиглалтын, зээлийн төлөлтийг нь хувийн хэвшил хийх загварыг сонгоод явж байна. Хятадын талтай уулзаад, би дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэдний талаас 50 га хүлэмжээ өөрсдөө бариад, манай дотоодын зах зээлийг хангая гэсэн. Тэгэхээр манай дотоодын аж ахуйн нэгжүүд хүлэмжийн зах зээлд өрсөлдөх боломжгүй болж, монополь үүсч, хүнсний бодлого явуулах гэж байна л гэсэн үг. Бид алдаатай, оноотой ч өөрсдийн аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ” гэлээ.

Нарийн ногоо тасарч, олдож буй цөөхөн хэдийнх нь үнэ тэнгэрт хадсан. Иргэд ч нарийн ногооны үнэ өндөр байгааг шүүмжилж, үнийг нь тогтвортой барих хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Энэхүү асуултад салбарын сайд хариулахдаа “Төр үнийн зохицуулалт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Бид нийлүүлэлтийн тасралтыг л багасгаж, хэвийн хангамжийг зохистой түвшинд нь барих, тээврийн зохицуулалтын гарц шийдэл гаргах гэж ажиллаж байна” гэв.

"Хэдхэн компани л бор зүрхээрээ явж байна"

Бидэнд өөрсдөө өвлийн хүлэмжээ барих нөөц бололцоо, арга туршлага бий юу? Энэ асуултад хариулт авахаар Монгол оронд хамгийн бага дулааны алдагдал бүхий өвлийн хүлэмж бүтээхээр зорьдог "Ногоон харш” компанийн захирал, Монгол Улсын зөвлөх агрономич, ойн инженер Ц.Баяртай уулзсан юм.

Салбартаа үнэлэгдсэн, туршлагатай гэх хүмүүсээр багаа бүрдүүлсэн "Ногоон харш" компани 2014 оноос өвлийн хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өвлийн хүлэмжийн үнэ өртөг хаана, хэдэн мкв талбайд, дулааныг нь цахилгаанаар уу, эсвэл уураар уу гэдгээс шалтгаалдаг учир тодорхой үнэ хэлэх боломжгүй аж. Харин чухамхүү том хэмжээтэй л хүлэмж ашиг олно уу гэхээс жижиг бол ашиг олохгүйг мэргэжлийн хүн хэлж байлаа.

Ц.Баяр ярихдаа "Өвлийн хүйтэнд ургац хураах байгууламжийг өвлийн хүлэмж гэдэг. Намрын ургац хураалтын дараа борлуулалт дууссан хойно өвлийн хүлэмжийг эрчимжүүлдэг. Хавар ургац гарах хүртэл үргэлжлүүлдэг. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд урт хугацааны зээл өгөх, эсвэл агро парк байгуулж, төр аж ахуйн нэгжүүдэд түрээслэх хэрэгтэй. Барилга нь капитал барилга учир өртөг өндөр байдаг. Төр засгийн дэмжлэг ч сул. Үндсэн бүтээгдэхүүний үнэ нь ч хямд. Энэ бүгдийг хувиасаа гаргаад хийнэ гэдэг хэцүү. Хэдхэн компани л бор зүрхээрээ явж байна" гэв.

Өвлийн хүлэмжийг хөрөнгө гэж үнэлж банкинд барьцаалах, улсын бүртгэлд бүртгэх зэрэг асуудлууд орхигддог учир баргийн хүн энэ салбар руу ордоггүй.

Мөн тэрбээр өвлийн хүлэмж сонирхож буй иргэдэд хандан "Хүмүүс өвлийн хүлэмжийг зардал өндөртэй гэж ойлгодог. Байгууламжаа барих л нэн тэргүүний ажил. Засгаас цахилгаан, дулааны тарифыг хөнгөлөөд өгчихлөө. Өвлийн хүлэмжийг маш сайн материалаар барьж, дулааны алдагдал нь бага байх ёстой. Өвөл хичнээн хүйтэн байсан ч нараар халдаг учир дулаан, өдөртөө цахилгаан огт хэрэггүй" хэмээн учирлалаа.

"Мянган өрх өвлийн хүлэмжтэй болчихвол ингэж хомсдолд орохгүй"

Сүүлийн жилүүдэд айл өрхүүд хашаандаа хүлэмж байгуулж, өрхийн хэрэгцээний нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах болсон. Тэдний нэг болох Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн Ж.Чулуундоржийнд зочлов. Улиастайд байршилтай тус айлын хувьд нийслэл дэх өвлийн хүлэмжтэй цөөхөн айлуудын нэг. Давхар шилэн вакум цонхтой, байгалийн гэрэл ашигладаг, халаалттай 100 гаруй мкв өвлийн хүлэмжтэй тэд хоёр дахь жилдээ өргөст хэмх, помидор, юуцай, бууцай, салатны навч зэргийг өрхийнхөө хэрэглээнд тааруулан тарьжээ. Өрхийн тэргүүний хувьд хүлэмжээ өөрийн хэрэгцээнд тохируулан өөрт байсан материал, дотоод нөөц бололцоогоо ашиглан барьсан аж.

Ж.Чулуундорж “Монголын орчин нөхцөлд тохирсон ямар өвлийн хүлэмж барих вэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Өвлийн хүлэмж нэртэй маш олон хүлэмж байна. Гэхдээ манай хүйтнийг тэсвэрлэхгүй байна. Хучдаг пёлонкон хүлэмж нь Хятаддаа бол тохирсон. Гэтэл манайх хамаагүй хүйтэн. Хүмүүс тийм хүлэмж туршиж, үргүй зардал их гаргаж байна. Миний барьсан технологиор мянган өрх өвлийн хүлэмжтэй болчихвол ингэж хомсдолд орохгүй ээ” гэв.

Хоногт нэг шуудай сайжруулсан түлш түлж, хүлэмжээ халаахаас гадна цахилгааны зардал 5-10 мянган төгрөг л гардаг.

Ямартай ч Эрээний хил хаагдсанаар монголчууд олон зүйл ухаарах шиг боллоо. Үүний нэг нь бид өвлийн хүлэмжийн орчноо сайжруулж, нарийн ногоо жимс, жимсгэнээ дотооддоо тариалах. Иргэд ч төр засгийг "царайчлахгүй" өөрсдөө хашаандаа, зусландаа боломжоороо хүлэмжийн аж ахуй хөгжүүлж, өрхийн хэрэглээний нарийн ногоо, жимс жимсгэнээ ургуулж болохыг дээрх жишээнүүд харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж