Л.Оюун-Эрдэнэ ба эксүүд

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ ба эксүүд

Л.Оюун-Эрдэнэ ба эксүүд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.11.02/ Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан нь олны анхаарал татсан үйл явдлуулын нэг нь байлаа.

Уулзалтаас Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулахаа дуулгав. Тус зөвлөл нь улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байх аж.

Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар нь ажиллана. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар оролцжээ. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд тусгайлан хүндэтгэл үзүүлэн, уулзаж ярилцсан байна. Мөн Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаантай тул уулзалтад оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Харин Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа учраас тус уулзалтад оролцож чадаагүй билээ.

Үе үеийн Засгийн газрыг тэргүүлж байсан эрхмүүдийн энэ удаагийн уулзалтад ирсэн зочид анхаарал татна. Нэгэн цагт Л.Оюун-Эрдэнэд хөөгдөж байсан М.Энхболд, өөрийн намынхандаа "ад" үзэгдэж, засгаа унагаж, шоронд орж байсан Ж.Эрдэнэбат, Оюутолгой, Тавантолгой цахилгаан станц зэрэг том төслүүдээ гараанаас гаргаж, Монголын эдийн засагт том дэвшил авчирсан С.Баяр, М.Энхсайхан, С.Батболд, Монгол Улсын гадаад бодлого, шүүхийн шинэчлэлд хувь нэмрээ оруулсан Ц.Элбэгдорж, шинэчлэлийн Засгийн газар байгуулж, зам тавьж, бонд босгосон Н.Алтанхуяг, нэгэн цагтаа намаасаа өрх тусгаарласан ч хүүгийнхээ УИХ-ын сэнтийгээр наймаалцаж, намдаа хадаг барьсан Н.Энхбаяр гээд онцлох зочидтой, ярилцах цаг ихтэй хурал болж өндөрлөсөн юм. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хамгийн хүнд цаг үед Засгийн газар тэргүүлж буй гэдгээ сүүлийн үед хэлэх болсон. Мэдээж, цар тахал гэдэг хүнд цаг үе ч өчигдрийн уулзалтаас харахад бүх Ерөнхий сайд нар өөр өөрсдийн цаг үедээ хүнд, хатуу туулаад гарч л байж гэж дүгнэмээр. Цаашид экс Ерөнхий сайдууд Бодлогын зөвлөлийн дор зангидагдаж, улс орныхоо төлөө асуудлаар тодорхой шийдэл гаргаж, харин түүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиний, миний нам гэхгүйгээр хүлээж авдаг, бодлого шийдвэртээ тусгах нь хамгийн чухал юм. Нэг удаа уулзаж, зөвлөл байгуулсан нэртэй нэмэх оноо авах гэсэн ядмагхан улс төр битгий байгаасай гэж олон хүн хэлж байгааг энд онцлоё.

Уулзалтын эргэн тойронд дахь Ерөнхий сайдуудын байр суурийг хүргэе. Тэд уулзалтын талаарх байр сууриа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэсэн юм.

-Ерөнхий сайд асан С.БАЯР:

-Уулзалтаас төрсөн бодол. Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ. Хувийн гоморхолоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй. Ашгүй. Даргын ажил ээлжтэй тул хоймор, хатавчийн алинд ч суудаг хорвоо аж. Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй.

-Ерөнхий сайд асан М.ЭНХСАЙХАН:

-Маш өргөн сэдвээр ярилцсан сайхан уулзалт болсоон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бүх Ерөнхий сайдуудад талархаж байна. Цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой  байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдэв.

-Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖ:

-1990 оноос хойш 16 Ерөнхий Сайд. Өнөөдөр 10 нь цуглаж уулзав. Дөрөв нь хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжсангүй. Хоёр нь тэнгэрт дэвшжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж