58500-гийн үнэтэй "Гоожингийн өндөр" тэрбумаар "үнэлэгдэв"

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

58500-гийн үнэтэй "Гоожингийн өндөр" тэрбумаар "үнэлэгдэв"

58500-гийн үнэтэй "Гоожингийн өндөр" тэрбумаар "үнэлэгдэв"

News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндөж ирсэн. Харамсалтай нь, өнөөдөр энэ түүхэн барилгыг аврах эсэх нь ч тодорхойгүй байна. Эргэн тойронд нь орон сууцууд сүндэрлэж, түүхэн дурсгалт барилгад "амьсгалах" орон зай ч үлдсэнгүй. Оршин суугчдын зүгээс хотын өнгө үзэмжид нийцэхгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй талаар удаа дараа санал гомдол гаргаж ирсэн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж, сануулж буй.

Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.АНХСАНАА:

-"Гоожингийн өндөр" яалт ч үгүй 100 гаруй жилийн насжилттай түүхэн дурсгалт барилга. Хамгийн гол нь манай хууль эрх зүйн орчин тодорхой бус байна. Энэ байдлын улмаас түүхэн барилга хувь хүний өмчид оччихсон. Тухайн иргэн улсад зарах сонирхолтой ч улсад тэр барилгыг нь худалдаж авах төсөв байхгүй. Түүхэн дурсгалт уран барилгыг орон зайтай нь хадгалах ёстой. Гэтэл "Гоожингийн өндөр" барилгын орон зай байхгүй болсон. Одоо энэ барилгын өмчлөлийн асуудлыг шийдэх нь чухал. Үе үеийн хотын дарга, Ерөнхий сайдууд сонгуулийн шоугаа хийж, тус барилгыг сэргээн засварлана гэж амладаг. Харамсалтай нь, бүгд асуудлыг шийдсэнгүй.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ. Уг нь одоогоос 30 жилийн өмнө буюу 1999 онд УИХ-ын 64 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг баталсан байдаг.  Тогтоолын тавд түүх, соёлын холбогдолтой эд хөрөнгө, барилга, байгууламжийг хувьчилж үл болно гэж тусгасан байдаг. Үүнд, "Гоожингийн өндөр" нэн тэргүүнд хамаарах ёстой. Гэвч хууль цаасан дээр хэрэгждэг гэдгийг тод жишээ энэ барилга болов.

Тухайн иргэн 2015 оны арванхоёрдугаар сарын 23-нд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд өргөдөл гаргаж байжээ. Энэ өргөдөлд "Гоожингийн өндөр"-ийг түүх соёлын үл хөдлөх дурсгал гэж үзэхэд эргэлзээтэйг дурдаж, нураах зөвшөөрөл олгохыг хүссэн аж. Мөн иргэн н.Үеэлэн нарын дөрвөн иргэн өмчилж байх үед буюу 2006, 2012 онуудад НМХГ-аас уг барилгад хүн амьдрах нөхцөлгүй гэсэн дүгнэлт гарч байжээ.

Уг барилгын тааз цөмөрч унасны улмаас тэр үед эзэмшиж байсан иргэний ээж 2006 онд гэмтэж нас барсан баримт байдаг тухай ч дурдсан байв.

Гэтэл "Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байж. Уг тушаалд 58500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй.

Энэ барилгыг түүхэн дурсгалт гэж үзэж, анх 1969 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 420 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авчээ. Мөн 1971 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 420 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар хотын хамгаалалтад, БСШУС-ын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаалаар нийслэлийн хамгаалалтад тус тус бүртгэн авсан байна.

Анх 1987 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 326 дугаар тогтоолоор тус барилгыг түүхэн дурсгалт хэмээн үзэж хамгаалалтад бүртгэн авчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын гурван тогтоол, Сайдын нэг тушаал, Улаанбаатар хотын захиргаанаас гаргасан дөрвөн тогтоол, захирамж, нийт найман тогтоол, шийдвэрээр түүхэн дурсгалт барилга гэж үзэж, хамгаалалтад авч ирсэн байна.

Тодруулбал, 2002 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн наймдугаар тогтоолоор, 2007 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 197 дугаар тогтоолоор, 2008 онд нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад авсан байна. Дээрх тогтоол, шийдвэрүүдээс үзэхэд, "Гоожингийн өндөр" хоёр давхар барилгыг 1969 оноос төр хамгаалж ирж, харамсалтай нь сүүлийн жилүүдэд хайхрах эзэн байгаагүй аж.

Тус барилгыг хамгаалалтад авсан 2007 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 197 дугаар тогтоол, 2008 оны нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамж, БСШУС-ын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаал зэрэг эрх зүйн актууд өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аж.

"Гоожингийн өндөр"-ийн гадна фассад, цонх, дээвэр, ханын болон дээврийн доод ирмэгийн модон хүрээ, чимэглэл, цонх болон цонхны хөмсөгний хээ чимэглэл зэрэг нь анхны эх төрх байдлаа одоо хүртэл алдаагүй тул нэн яаралтай сэргээн засварлахыг судлаачид хэлж буй.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.САНДАГСҮРЭН:

-Бид "Гоожингийн өндөр"-ийг өмчлөгч иргэнтэй хэлэлцэж байна. Холбогдох бичиг баримтуудаа судалсан. Энэ түүхэн барилгыг тухайн иргэн гарцаагүй худалдаж авсан юм билээ. Тиймээс эхлээд тухайн иргэнийг хохиролгүй болгох асуудал яригдана. Бид аль болох энэ түүхэн байшин барилга сүйдэхээс өмнө төрийн өмч болгож авах нь чухал. Тэрбум төгрөгөөр "Гоожингийн өндөр"-ийг худалдаж авах уу, сургууль барих нь чухал уу гээд олон сонголт дунд хөрөнгө оруулалтуудыг хийдэг.

Ямар ч байсан тодорхой хэмжээний хөрөнгө ярьж буй. Албан ёсоор газрын үнийг судлаад, бичиг баримт бүрдүүлж, иргэнд саналаа тавьсан. Тухайн иргэн дөрвөн эзэмшигч байсны гуравд нь байр авч өгсөн юм билээ. Тэгээд барилгыг нураахаар төлөвлөж байсан боловч боломжгүй болсон. Одоогийн байдлаар "Гоожингийн өндөр"-ийг сэргээн засварлахад хэдэн төгрөг шаардлагатай гэх дүгнэлт гараагүй байна. Одоо байгаа байшингийн үнэлгээг хийж буй. Гадаадаас мэргэжилтэн авчрахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж