Элчин сайдын томилгоо үндсэндээ гурван субъект дамжиж байж шийдвэрлэгддэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын таалалд нийцэж байж Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед улс төрийн болон бусад олон шалтгаанаас хамаарч Монгол Улс зарим Элчин сайд нараа томилж чадаагүй гадаад бодлого "гацаж" байлаа. Ямартай ч шинэ Ерөнхийлөгч ажлаа авсан даруйдаа гадаад бодлогодоо ихэд анхаарч, гацаанаас гаргахад анхаарч эхэлсэн.
Засгийн газраас 25 улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг УИХ-аар оруулж, парламент нэгээс бусдыг нь дэмжсэн. Тухайн үед МАН-ын тэтгэврийн өвгөчүүдийг амралтын газар дипломат алба боллоо гэсэн шүүмжлэл дагалдсан төдийгүй мэргэжлийн бус улстөрчид, үүргэвчтэй аялагчийг хүртэл Элчин сайдаар томилсон нь багагүй хэл ам таталж байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн байдлаар 21 Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ. Харин гурав нь хүлээлтийн байдалтай байна. Тодруулбал, Л.Болд, У.Нямхүү, Р.Алтангэрэл нарын жуух бичиг хүлээгдэж байна. Л.Болд Бельгийн хаант улсад суух Элчин сайд, У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайд, Р.Алтангэрэл Швейцарийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдох жуух бичгээ авахаар горьдож сууна. Гэвч, албан бус эх сурвалжууд зарим хүнд цаад тал "таагүй" хандаж байгаа гэх мэдээллийг ч цацах болсон юм.
МАН-ын засаглалын он жилүүдэд сөрөг хүчнээс Элчин сайд, Элчин зөвлөх болсон хоёр хүний нэг нь Л.Болд, Ж.Батзандан. Тэд Ардчилсан намаасаа урваж, МАН-тай нэгдэж нийлж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нартай хамт жагссан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад зүтгэж ирснийхээ шагналд Элчин сайдаар явахаар болсон. Тиймдээ ч өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Х.Баттулгаас Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд цол тэмдэг авсан. Насаараа зүтгэсэн намаа хагалж, гадаад руу Элчин сайдын суудалд залрахаар "тохиролцсон" нь удахгүй баталгаажих биз. Аль эсхүл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Болдын томилгоог гацаах уу, үгүй юү гэдэг анхаарал татна. Нөгөө талдаа Бельгийн хаант улсаас Л.Болдод сэтгэл дундуур байгаа гэх мэдээлэл ч бий. Ерөнхийлөгч ёсчлохгүй, итгэмжлэх жуухаа өгөхгүй бол Засгийн газар, УИХ мянган сайхан томилгоо хийгээд ч нэмэргүй.
Франц улсад суух Элчин сайд У.Нямхүү энэ жил тус улсын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон. Түүнийг хэдхэн сарын дараа Элчин сайдаар томилохыг дэмжсэн шалтгаанаа тайлбарлахыг дипломат ажилтнуудын төлөөлөл Гадаад харилцааны яамнаас шаардаж байв.
Швейцарийн холбооны улсад суух Элчин сайд Р.Алтангэрэлийг УИХ-аас дэмжээгүй. Тэрбээр өмнө нь Канад, Бельгид Элчин сайдаар ажилласны дараа өвчний шалтгаанаар хүсэлт гарган үргэлжлүүлэн гадаадад ажиллажээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн долоон жил гадаадад ажилласан хүн гурав дахь удаагаа Элчин сайдаар ажиллах гэж байгаа нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн.
Өмнөх Ерөнхийлөгчид “гологдсон” хүмүүсээс дурдвал Н.Чимгүүндарь, Б.Тэнгэр нар байна. 2017 оны эхээр бүрэн эрх нь дууссан өмнөх сайд нарыг чөлөөлж, дараачийн Элчин сайд нарыг томилохоор болж Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Элчин сайдаар Б.Тэнгэр нарыг томилохоор санал оруулж, УИХ баталсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Х.Баттулгын "таалалд нийцээгүй" шалтгаанаар дээрх хоёр хүнийг албан ёсоор батламжлаагүй.
2017 оны сүүлчээр дахин өөрчлөлт оруулж Австрали улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц, Тайландад суух Элчин сайдаар Б.Тэнгэр нарыг томилохоор Засгийн газар санал оруулсан. Гэвч мөн л Ерөнхийлөгч дэмжээгүй учраас буцсан удаатай. Б.Хурцын хувьд зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхийлөгчийн зүгээс түүнд итгэмжлэх жуухаа гардуулаагүй юм. Дахин дахин зүтгүүлээд батлагдаж өгдөггүй Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын улс төрийн дэмжлэг "суларсантай" холбоотой ч байж мэднэ. Тэд одоогийн МАН-ын фракцад харъяалагддаггүй учраас тэр биз.
Энэхүү шалтгаанаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан, тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн албан бичигтээ дурдсан байдаг. Ингээд Засгийн газар 2019 оны нэгдүгээр сард тэдний оронд өөр нэр дэвшигчдийг оруулж ирж байв.
Холбоотой мэдээ