Дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй!

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй!

Дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй!

Түүхий нүүрс эрчим хүчний эх үүсвэрийн хувьд аж үйлдвэрийн хувьсгалд чухал нөлөө үзүүлсэн. Дулааны эрчим хүчийг механикт шилжүүлснээр аж үйлдвэржилтийн гол хөдөлгүүр нь нүүрс болжээ. Төмрийн хүдрийг хайлуулж, төмөр үйлдвэрлэхэд нүүрс хямд найдвартай түлш байв. Нүүрсний ачаар өдгөө аж үйлдвэржсэн орнууд үсрэнгүй хөгжилд хүрсэн ч эргээд байгаль экологийн асуудал хурцаар тавигдах болжээ.

Түүхий нүүрснээс ялгарах агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дулаарлын гол буруутан болов. Улмаар Нэгдсэн үндэстний байгууллага цаг уурын өөрчлөлтийн асуудлыг ноцтойгоор авч үзэн, 2015 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Парисын хэлэлцээрийг баталсан. Энэ хэлэлцээрт 2100 он гэхэд дэлхийн жилийн дундаж температурыг аж үйлдвэржилтээс өмнөх үеийн температураас хоёроос дээш гаргахгүй байх, дулаарлыг 1.5 хэмд барихад чиглэгдсэн арга хэмжээ авах зорилго тусгажээ.

Улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тодорхой амлалтуудыг улс орнууд өгч, 2020 оноос хэрэгжүүлж эхлэхээр байсан ч биелээгүй. Учир нь энэ нь бодит амьдрал дээр биелүүлэхэд хэцүү амлалт юм.

Нүүрсний хэрэглээнийхээ 85 хувийг импортоор бүрдүүлдэг Энэтхэг улсад ч иргэд гар аргаар нүүрс олборлож, өдрийн хоолоо залгуулдаг. Энэтхэгийн Дханбад мужид олон мянган ядуус ердөө 2 ам.доллар олохын тулд өдөр болгон шахуу халуун наранд шаруулж, цагдаа нараас "бултан" байж 200 кг хүртэлх жинтэй нүүрс түрэн, 16 км зам туулдаг. Эдгээр хүмүүсийн олонх нь жилээс жилд давтамж нь нэмэгдэж буй үерийн улмаас газар тариалан эрхлэх боломжгүй болжээ. Гар аргаар нүүрс олборлогчдоос гадна Энэтхэгийн “Coal India” компани 2024 он гэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ жилд нэг тэрбум тоннд хүргэх зорилго тавьжээ. Тус компани дэлхийн хамгийн том нүүрс олборлогч гэгдэж буй.

Судалгаагаар Энэтхэг дэх эрчим хүчний хэрэглээ, шаардлага ирэх 20 жилд дэлхийн аль ч улсаас илүү хурдан нэмэгдэх төлөвтэй байна. Мөн хэт халалт нэмэгдэхийн хэрээр цахилгаанаар ажиллах сэнс, агааржуулагчийн хэрэглээ ч дагаад өссөөр байгаа аж. Үнэндээ чинээлэг орнуудад эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээ харьцангуй өндөр байдаг.

Тухайлбал, Энэтхэгийн дундаж иргэнтэй харьцуулахад америкчууд 12 дахин их эрчим хүч хэрэглэдэг нь тогтоогдсон. Түүнчлэн Энэтхэгт 27 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна.

Нөгөө талд Шотландад эдгээр өдрүүдэд НҮБ-ын “COP26” чуулга уулзалт болж, улс орнууд хэрхэн түүхий нүүрснээс татгалзаж, хүлэмжийн хийг бууруулах талаараа уриалга гаргаж, амлалт өгцгөөж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг лоббидогчид дуу нэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр болсон түүхий нүүрснээс татгалзахыг уриалах аж.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойлсноо нүүр бардам тунхаглав.

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлож, улсын нэгдсэн төсвийн 3.4 их наядыг уул уурхайн салбараас олохоор төлөвлөсөн. Уул уурхайн экспортын гол чиглэл Хятад улс нүүрснээс татгалзаад эхэлбэл манай улсын төсвийн орлого тасалдана гэсэн үг. Монгол Улс 2014 оны байдлаар жилд 34 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулсны 50.08 хувь нь эрчим хүч, 48.51 хувь нь хөдөө аж ахуй, 0.95 хувь нь аж үйлдвэр, үлдсэн 0.46 хувь нь хог хаягдлын салбараас ялгардаг гэсэн судалгаа гарсан байдаг.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, түүхий нүүрснээс хараат байдлыг багасгахаар улс орнууд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч уламжлалт түлшийг бүрэн орлох хараахан болоогүй. Тиймээс хөгжиж буй, буурай орнууд гэлтгүй хөгжингүй Австрали улс ч нүүрсээ зарж амьдарч байна. Жишээлбэл, Австралийн ерөнхий сайд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо танилцуулахдаа нүүрсний олборлолтоо бууруулахгүйгээ мэдэгдсэн. Одоогоор Австралийн нүүрсний гол импортлогч Хятад улстай зөрчил үүссэнээс хориг тавьсан нь хоёр талд ихээхэн хохиролтой тусч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж