
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн дөрөв, голын усанд боогдсон нэг дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10, 14, 28, 63 дугаар ангиуд газар дээр нь ажиллаж, галыг шуурхай унтраажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Ээж хайрханы хоёрдугаар гудамжинд иргэн Д-гын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд амралтын газрын 30х7 метрийн хэмжээтэй ариун цэврийн байр, душ, саун, цайны газрын дээврийн хэсэг шатаж байсныг тус тус унтраав.
Мөн Налайх дүүргийн тавдугаар хороо, “Бүст” нуурийн ойролцоо машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг очиход “Камаз” загварын ачааны автомашинтай “Witiz” загварийн суудлын автомашин мөргөлдсөнөөс суудлын автомашин бүрэн шатсан байжээ. Харин ачааны автомашины жолооч 39 настай, эрэгтэй Б нь хөлөндөө хөнгөн гэмтэл авсан бол суудлын автомошины жолооч 23 настай, эрэгтэй Х нь хүндэвтэр гэмтсэн байсныг түргэн тусламжийнханд хүлээлгэн өгсөн байна.