Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сан /УАНС/-ийн гүйцэтгэх захирал Янник Глемарек бараалхлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, техник, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий УАНС-тай Монгол Улс 2010 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн 10 жилд Монгол Улсад дэмжлэг үзүүлж ирсэнд тус сангийн удирдлагад талархал илэрхийлж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тодотгов.
Тухайлбал, улам бүр хүрээгээ тэлж буй экосистемийн доройтол, цөлжилтийг бууруулах, шар шороон шуургыг сааруулахад чухал ач холбогдол бүхий тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж байгаа талаараа хэллээ.
Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн бодлогыг чухалчилж, ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг баримталж ажиллана гэдгээ дурдав. Энэ хүрээнд УАНС-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, энэ талаар дэлгэрэнгүй санал солилцов.
УАНС-ийн гүйцэтгэх захирал Янник Глемарек хэлэхдээ, тус сан нь Монгол Улстай хамтран ажиллахдаа таатай байдаг бөгөөд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлд тодорхой санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж: president.mn
Холбоотой мэдээ