ОХУ-ын Тувагийн Кызыл хотноо олон улсын эсгий урлалын наадам зохиогдож байгаа аж. Тувагийн жуулчны жилд зориулан анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд Накас, Башкир, Красноярскийн хязгаар болон Монголын баруун дөрвөн аймгийн төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр эсгий эдлэл, гэрийн үзэсгэлэн худалдаа болохоос гадна манай малчид эсгий хийх талаар хичээл зааж байгаа гэнэ. Тувагийн Соёл, жуулчлалын яам наадмыг зохион байгуулахаар санаачилсан бөгөөд Соёл, жуулчлалын сайд Вячеслав Донгак “Хэрэв энэ баяр амжилттай болбол бид наадам, шагайн харваагаа ч олон улсын тэмцээн болгоход бэлэн байна” хэмээн ярьсан аж.
П.Наран