"Долоон чингэлэг тариур, дуслын шингэн хилийн боомтод гацсан"

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

"Долоон чингэлэг тариур, дуслын шингэн хилийн боомтод гацсан"

"Долоон чингэлэг тариур, дуслын шингэн хилийн боомтод гацсан"

Төрийн ордонд өнөөдөр /2021.11.02/ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хуралдаан болж байна.


Хуралдаанд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Вакцинжуулалттай холбоотой нэмэлт тушаал гарсан. Хоёр дахь тун хийлгээд өвдсөн хүн 21 хоногийн дараа гуравдугаар тунг хийлгэж болно. Өнөөдрийн байдлаар 416 мянга гаруй хүн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдсан. Харин 18-44 насны иргэд гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байна. Явуулын баг гарган олон хүнтэй байгууллагад нэмэлт тунг хийж байгаа. Вакцин эрчимжүүлэх долоо хоногийн аян зарласан. Өндөр настнуудад гэрээр вакцин хийх ажлыг хийж байна. “Эрдэнэт” үйлдвэр нийт ажилчдынхаа 80 хувийг гуравдугаар тунд хамруулсан. Ингэснээр халдварын тохиолдол 20 хувь буурсан. Мөн “Оюутолгой” компани ажилчдынхаа 43 хувийг хамруулж, халдварын тохиолдол 50 хувиар буурсан.

Төрийн албан хаагчдад гуравдугаар тунд хамруулах   шаардлага хүргүүлэх, цэрэг, оюутнуудыг бүрэн вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, гуравдугаар тунг хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлах, вакцины үйл ажиллагаанд салбар яамдын болон урлаг, спортын оддын оролцоог нэмэгдүүлэх гэх мэт олон нийтэд таниулах ажлыг эрчимтэй явуулж байна.

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Дөрөв дэх тун гэж яригдах уу. Олон вакцин хийвэл хүний байгалийн унаган дархлаанд нөлөөлөхгүй юу. Эмнэл зүйн талаас ямар байх вэ. Байгалийн дархлаа шиг сайн зүйл байхгүй. Энэ тал дээр ЭМЯ иргэдэд зөвлөгөө өгөх чиглэлээр ямар ажил хийж байна вэ.

-Шадар сайд С.Амарсайхан:

-Иргэд үнэхээр харамсалтайгаар амь насаа алдаж байгаа. Гэхдээ үүнд дасан зохицоод дөжирсөн зүйл байхгүй. Эрүүл мэндийн салбарынхан бүх нөөцөө дайчилж байна. Нас баралтыг бууруулах тал дээр УОК-оос эмчилгээний чанар стандарт сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бүх боломж нөөцийг өгч байна. УОК, Засгийн газар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан арга хэмжээг авч байгаа.

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Эм ханган нийлүүлэх байгууллагын санхүүжилт байхгүй, ЭМД-ын сангийн төсөв дууссан гэсэн асуудалд нийт аравдугаар сарын 31 байдлаар, эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар тахлын тусламж үйлчилгээ гарсан нийт зардал 968 тэрбум төгрөг. Урьдчилсан тооцооллоор арванхоёрдугаар сард 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдаж магадгүй. Гэхдээ зохицуулалтыг хийж байна.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эм эмнэлгийн хэрэгсэл, тариур зүү дутагдалтай байгааг иргэд ярьж байна. Хэд хоногийн нөөцтэй байна вэ. Цар тахал биднийг хүлээхгүй. Урьдчилсан арга хэмжээг авч шат дараатай хэрэгжүүлэх ёстой. Халдвар хамгааллын дэглэм цалгардаж байна.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Урлаг спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж буй. Тухайн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг УОК-оос баталж, хэрэгжилтэд анхаарч ажиллаж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан  хэсэгчилсэн тодорхой хязгаарлалт, зохицуулалт хийх, дүрэм журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлыг хийж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан:

-44 байгууллагад судалгаа хийхэд улсын эмнэлгүүд дуслын шингэн 15 хоногоос хоёр сарын нөөцтэй байна. Дуслын шингэн болон тариур дутагдалтай байгаа. Дуслын шингэнийг дотоодод хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг. Тариурын хувьд үндэсний үйлдвэрийн нэг компани байдаг. 90 хувь нь импортоос хамаардаг. Сар гаруйн өмнө ААН-д тариур тасрах эрсдэлтэй байгаа учраас нөөц бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Үүний дагуу аж ахуйн нэгжүүд таталт хийсэн боловч, яг одоо долоон чингэлэг Тяньжин болон бусад боомтод саатсан байна. Одоо татан авалт хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад нэг сая орчим тариурын нөөцтэй бол, зах зээлд 400 мянга орчим нөөцтэй байна. Вагоноор 270 мянга орчим тариур орж ирнэ. Татан авалтыг ээлж дараатай хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж