Хоёр жил дамнасан сонгуулийн “хууран мэхлэлт”дуусчээ. Бодит байдалтай нүүр тулах цаг ирж явна. Төрийн “хатан эрдэнэ”-ийн 8 саяын эмчилгээ “хямдрал” зарлаад 160 мянгын багцын уутанд багтчихлаа. Цар тахал хяналтаас гарч, сүргийн дархлаадаа найдахаас өөр арга бидэнд үлдээгүй бололтой. Эдийн засаг хэвийн байна, Монголбанкинд валютын нөөц хангалттай бий гэхчилэн гоё үгсээр иргэдийг хуурч ирсэн эрх баригчид сая үнэнээ өчлөө.
Гэхдээ л уянгалахтайгаа байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглочихгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болох цаг хугацаагаа сонго гээд сонгуулдаг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье…” гэжээ. Арга мухардсан Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нараас гарц, гаргалаа сонсохоор уулзалт зохион байгуулснаас харвал засагт тун чиг хүнд байгаа нь илт.
“Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй…” гэхээ ч тэр мартсангүй.
-Хэл, хил, мал гуравтайгаа байхад
хэн баян Монгол баян гэж СГЗ Зундуйн Доржийн шүлгийн мөн чанар бидний бодит үнэн мөн үү гэдэг өнөөдөр эргэлзэж байна. Хүссэн юм хүзүүгээр татна гэх хэлц Монголын сошиал ертөнцийн ганц эшлэл боллоо. Хил хаалттай, ачаа тээвэр таг гацсан, ариун цэврийн цааснаас эхлээд хүнс, өргөн хэрэглээни барааны үнэд өөрчлөлт орчихлоо. Тэрхүү өөрчлөлт цаашид ч нэмэгдэхгүй гэх баталгаа даан ч алга. Гэтэл биднийг түүнээс ч аюултай нөхцөл байдал ар араасаа хүлээж байна.
ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ЖИЙСЭН БОЛ
Цар тахал улстөрчдөд популист шийдвэр гаргах боломжийг олгосон билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан гадаадаас хөнгөлөлттэй авсан зээлээрээ хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон.
“Эрдэнэт” үйлдвэрээс 650 тэрбум төгрөг гаргаж иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг долоодугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Энэхүү шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон бөгөөд оны сүүлийн хагас жилд нийтдээ 1 сая 116 мянган хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан, уурын төлбөрт 493.8 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас дахин санхүүжүүлнэ. Ингэснээр, Засгийн газар зарим аж ахуйн нэгж, иргэдийн өмнөөс цахилгаан, дулаан, уурын төлбөрт жилдээ нийтдээ 959.9 тэрбум төгрөгийг төлнө гэсэн үг. Ингэснээр дөрвөн ам бүлтэй, сардаа 220 кВт.ц цахилгааны хэрэглээтэй, 50 м2 талбайтай орон сууцанд амьдардаг айл сар бүр цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 36.200 төгрөг, дулааны төлбөр болох 41600, нийтдээ 77 800 төгрөгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж байсан. Тэгвэл 2022 он гармагц энэхүү төлбөрөө өөрсдөө төлөх болно. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы хэлснээр өнгөрсөн оны есдүгээр сарын 5-ны өдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээ их ачааллын үед 743 МВт байсан бол энэ оны есдүгээр сарын 5-ны өдөр 906 МВт болж, 163 МВт-аар өсчээ. Үнэгүй юманд нугасгүй монголчууд саравчиндаа халаагуур залгахаас эхлээд цамнасан билээ. Гэтэл ОХУ манайд нийлүүлэх цахилгаандаа гар татаж буй таагүй мэдээллийн хажуугаар оргил ачааллын үед буюу арванхоёрдугаар сард өмнөх жилийнхээ 150 орчим МВт цахилгаан илүү хэрэглэсэн гэсэн тооцоолол байх. Бид гал алдахыг ч үгүйсгэх аргагүй аж. Уг нь энэ мөнгийг эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд зарцуулбал бол…
Оюутолгойгоос орж ирсэн 1.2 их наяд төгрөгийг бид мөн л 300 мянгааар нь хуваагаад хүртчихсэн.
Дээр нь Н.Баганбанди гуайгаас эхлээд зээлээ тэглүүлж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадад тус бүр нэг сая төгрөг, малчдад 100 мянган төгрөг, вакцины хоёр тунгаа хийлгэвэл 100 мянган төгрөг гэхчилэн гаднаас цуглуулсан мөнгөө тараасан. Ингэж бид улсаараа өр тавьж байгаад тансагласан.
Бас болоогүй. Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу 76 мянга орчим зээлдэгчид зээлээ сунгасан гэх тоог Монголбанк гаргажээ. Дээр нь хэрэглээний зээлтэй хүмүүст арванхоёрдугаар сарын дуустал хугацаа тавьж өгчихсөн байгаа. Мэдээж энэ бүх хөнгөлөлт, урамшуулал, харж үзсэн байдал халдвар тархсан энэ цагт ач тусаа өгсөн. Харин одоо бодит амьдралд тавтай морил.
ОН ГАРМАГЦ…
Зуун мянга болгож өсгөөд байсан Хүүхдийн мөнгөө 50 хувь танах төсвийн төслийг эрх баригчид оруулж ирлээ. Түүнийгээ “хуримтлал” энэ тэр гэж гоёор тайлбарлаж байгаа ч таны гар дээр ирдэг мөнгөний тал нь ирнэ л гэсэн үг. Үлдсэн мөнгийг нь Ирээдүйн өв сан гэсэн санд байршуулна. Ямартай ч таны хүүхдийн мөнгө 50 хувь буурна.
Дээр нь дээр дурдсан дулаан, цахилгааны мөнгөө өөрөө төлнө. Ипотекийн зээлээ төлнө. Хогны мөнгөө төлнө. Ингээд бөөн төлбөрөө төлж эхлэх тэр мөчид хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт улам л нэмэгдэх нь ойлгомжтой болчихлоо. Гэтэл авдаг хэд чинь бахь байдгаараа. Тэр бүхнийг төлөөд үлдсэн хэдэн төгрөгөөрөө өдрийнхөө хоолоо залгуулж хүрэлцэх эсэх нь бас л эргэлзээтэй. Дээр нь хүүхдийн сургуулийн төлбөрөөс эхлээд элдэв зардал мундахгүй.
Гэтэл 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт 16.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож төсвийн төслөө боловсруулсны 7,6 их наядыг татварын байгууллага, гаалийн байгууллага 4.2 их наяд, нийгмийн даатгал байгууллага 2.3 их наяд төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр тусгажээ. Хэдийгээр татвар нэмэгдэхгүй таатай мэдээ байгаа ч урьд өмнө нь байгаагүйгээр татвар төвлөрүүлэхээр тусгасны цаана аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх л сонголт нуугдаад байх шиг. Зам дээр цагдаа дохиод явуулахаа байх вий.
Юун мөсөн дээр машинтай явах байтугай л болох нь ойлгомжтой. Засгийн газар ойрын ирээдүйд цалингаа нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн бол Дэлхийн банк нь татвараа нэм гэсэн зөвлөмж өгөөд байгаа. Хорио цээрийн үед хаалгаж, боолгосон аж ахуйн нэгжүүд давхар стандартын балгаар ар араасаа хаалгаа барихад хүндхэн нөхцөл байдалтай байна.
Төсвийн тендер “цохидог”, төрийн түшээдийн компани, Хэнтийд хөшөө босгохгүй л бол хэцүүхэн л байх бараан өдрүүд айсуй. Зарлага нь орлогоосоо өндөр байх нь манай төрийн түшээдийн асуудал биш хойно, яалтай. Гуравдугаар тунд хамрагдаад ёолк тэмдэглэхийг Ерөнхий сайд уриалаад буй. Баяр сайхаан, Баасан ахын төрсөн өдөр ч гоё… Гэхдээ Бямба эгчийн эрүүний шөл хэцүү. Баахан төвчигнөөд “шартах” бүр ч балай. Л.Оюун-Эрдэнэ өөрөө л сонголтоо хийсэн. Харин одоо цагаан тугаа өргөчихлөө. Бид төлбөрөө, зээлээ төлж эхлэх бол төр бондын өрөө төлөх болно. Тэр цаг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болно.
Бодит амьдралд тавтай морил, монголчууд аа.