“Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе 1911-2021” архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2021.11.2/ нээлтээ хийлээ. Мөн түүхт ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал болсон юм.
УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа:
-Өнөөдөр нээлтээ хийж буй эрдэм шинжилгээний хурал болон гэрэл зургийн үзэсгэлэн бол түүхэн харилцааны баталгаа юм. Халх голын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайны хүнд үеийг хамтдаа даван туулж, олон сорилтын үр дүнд бий болсон сайн хөршүүдийн харилцааны баталгааг та бүхэн харж байна.
Хоёр улсын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжлийн эрмэлзэл жил ирэх бүрд батжиж ирснийг өнөөдөр дэлгэсэн архивын үзэсгэлэнгээс харж болно.
Нийгмийн бүхий л салбарт хамтдаа хөгжиж, харилцан хамтын ажиллагаа тогтвортой байгаа нь үе үеийн парламентийн бүлгүүд хамтран ажиллаж чадсаны баталгаа юм. Монгол-Орос дипломат харилцаа тогтоосноос хойш нийт 16 удаагийн харилцан айлчлал хийсэн байна. Тиймээс 100 жилийн ой бол хоёр орны ард түмний гүн итгэл, цаашдын хамтын ажиллагааны илэрхийлэл билээ.
Архивын ерөнхий газрын мэргэжил аргазүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн:
-Монгол-Оросын 100 жилийн түүхэнд харилцааны хувьд ч хөгжлийн тухайд олон зүйл өрнөсөн. Тэр хэрээр хөрш орнуудын харилцаа өргөжсөн байдаг. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, техник технологийн дэвшилд Орос улсын үүрэг оролцоо өндөр байсаар ирсэн. Цаашид ч мөн ялгаагүй дипломат харилцааны хүрээгээ тэлж, туслалцаа дэмжлэг үзүүлэх болно. Гадаад харилцааны төв архив, Архивын төв газраас хамтран гаргаж байгаа үзэсгэлэнд 100 жилийн түүхэн онцлог баримтуудыг дэлгэн харуулсан.
Гэрэл зураг бол тухайн цаг үеийн түүхэн гэрч учир онцлог зургуудаас тухайн үеийн аж байдлыг харах боломжтой. Үзэсгэлэнд гаргасан байгаа бүтээлийг түүхэн үеэр нь багцалж таван хэсэгт хуваасан байгаа.
Нийт 360 гаруй баримтыг багтаасан учир хүмүүсийн сонирхлыг татах байх. Хамгийн онцлог архивын баримтаас дурдвал:
- Хүрээн дэх Оросын консулд Богд гэгээнтнийг Монгол Улсын хаанд өргөмжлөхөөр тогтсоныг мэдэгдэж илгээсэн бичиг,
- 1915 оны гурван улсын гэрээнд оролцсон Хаант Орос улсын төлөөлөгчдөд хишиг хүртээсэн Богд хааны зарлиг,
- Эх орны дайны жилүүдэд “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтад” уриан дор ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс явуулсан бэлэглэлийн хөдөлгөөнд холбогдох эх баримт, гэрэл зургууд гээд онцлог баримт олон бий. Бид түүхт ойн хүрээнд хийх дараагийн хөтөлбөрөө арваннэгдүгээр сарын 5-нд хийхээр төлөвлөж байгаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Орос парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизов, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Холбоотой мэдээ