Б.Баяраа: Шүүхээр орно гэдэг гэм буруутай гэсэн үг биш шүү | News.MN

Б.Баяраа: Шүүхээр орно гэдэг гэм буруутай гэсэн үг биш шүү

Б.Баяраа: Шүүхээр орно гэдэг гэм буруутай гэсэн үг биш шүү

Б.Баяраа: Шүүхээр орно гэдэг гэм буруутай гэсэн үг биш шүү

Хуульч Б.Баяраатай Үндсэн хуулийн цэцэд хянан шийдвэрлэгдэж буй маргааны талаар ярилцлаа.


Үндсэн хуулийн цэцийн 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх гэж байна. Тодруулбал Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэнтэй холбогдуулан зарим эрүүгийн хэргийг түр түдгэлзүүлж болох зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн. УИХ-аас цэцийн дүгнэлтийг хүлээн аваагүй ч цэц маргааш их суудлаар эцсийн шийдвэрийг гаргана. Энэ талаар хуульчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-д “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” шүүгч хэргийг түдгэлзүүлнэ гэж хуульчилсан. Түүнчлэн мөн хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-д “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэсэн зохицуулалт нь иргэний үндсэн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн зохицуулалт юм.

Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гapгax, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Шударгаар шүүлгэх үндсэн эрх гэдэг нь хэрэг маргаанаа хуулийн дагуу тэр тусмаа Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх процессын эрхийг илэрхийлдэг ойлголт. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэнийг ял шийтгэхээс урьдчилан сэргийлсэн эрх зүйн баталгааг бий болгосон зохицуулалт юм. Харамсалтай нь цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд уг хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлээд байна.

-Цэц ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бэ?

-Цэцийн 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт нээлттэй байгаа. Уг дүгнэлтээс үзэхэд нэгд, цэцэд маргаан үүссэн нь тухайн хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгааг шууд илэрхийлэхгүй гэсэн байна. Тэгвэл нөгөө талаар Үндсэн хууль зөрчөөгүйг ч бас шууд илэрхийлэхгүй шүү дээ.

Хэрэв статистик болон магадлал ярих гэж байгаа бол цэцийн 30 жилийн түүхэн дэх 300 орчим шийдвэрийн 80 хувь буюу маргаан үүсгэсэн таван мэдээллийн дөрөв нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн статистиктай байдаг.

Өөр нэг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл нь “цэцийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлийг үгүйсгэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчимд харшилж байна” гэсэн байна. Бодит байдал дээр хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлийг хэн ч үгүйсгээгүй, ер нь хуулийн үйлчлэл түдгэлзээгүй зөвхөн тухайн хууль хэрэглэгдэж болох эрүүгийн хэрэг түдгэлзэж байгаа юм. Нэг үгээр Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарсаны дараа хуулийн үндэслэлтэйгээр хэргээ шийдвэрлүүлэх иргэний эрхийг хангахын тулд шүүх хэргийг хүлээлгийн горимд шилжүүлж байна гэсэн үг.

-Энэ бол цэцийн хувьд өрөөсгөл үндэслэл шиг санагдаж байна. Өөр үндэслэл дурдсан уу?

Хоёр дахь нь “Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол хэргийг түдгэлзүүлэхээр заасан нь олон улсын нийтлэг жишигт нийцэж байна” гэх үндэслэл. Цэц Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохоос олон улсын нийтлэг жишгийг баримталдаг байгууллага биш. Жирийн иргэн цэцэд хандаж маргаан үүсгэсэн бол хэрэг түдгэлзэхгүй гэсэн атлаа харин Улсын дээд шүүх хүсэлт гаргавал түдгэлзэнэ гэдэг бол Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулийн тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг маш бүдүүлгээр зөрчиж байна гэсэн үг. Асуудлын гол нь цэцэд хэн хандаж маргаан үүсгэхдээ биш харин цэцэд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй хуулиар маргаан үүссэн байгаад оршдог. Хэний мэдээлэл, эсхүл хүсэлтээр маргаан үүсгэх нь ач холбогдолтой зүйл биш. Ийм байдлаар цэцэд хандагчдыг ялгаварлаж, гадуурхаж болохгүй. Харин ч тэрэндээ хүрвэл иргэн хүн цэцэд маргаан үүсгэхийн тулд илүү өндөр шалгуур давдаг хуулийн зохицуулалттай, өөрөөр хэлбэл иргэний мэдээлэл бүрт маргаан үүсгэдэггүй төдийгүй мэдээлэлд нь үндэслэж цэц өөрийн санаачилгаар маргаан үүсгэдэг бол Улсын дээд шүүхийн хүсэлтээр шалгуургүй шууд маргаан үүсгэдэг.

Ер нь Үндсэн хуулийн цэцийг ажилтай, амьтай байлгаж байгаа гол хүчин зүйл бол иргэдийн мэдээлэл өгч буй идэвхитэй оролцоо юм. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойн судалгаанаас үзэхэд 2017 оны байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор нийлээд ердөө есөн хүсэлт ирүүлсэн нь нийт иргэдийн өргөдөл мэдээллийн 0.3 хувь байсан байна. УИХ-аас 1 ч удаа цэцэд хандаж байгаагүй байна.

Тийм учраас Улсын дээд шүүх тухайлсан нэг хэрэг маргаан дээр иргэн А-гийн эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй гэж цэцэд хандана гэдэгт миний хувьд итгэлгүй байна, тийм тохиолдол ч байхгүй байх. Улсын дээд шүүх хамгийн сүүлд шүүгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр түдгэлзүүлдэг асуудлаар буюу өөрийнхөө төлөө л санаа тавьж цэцэд хандаж байсан түүхтэй.

-Таны дүгнэлтээс үзэхэд Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрт нэлээд сэтгэл дундуур байгаа бололтой?

-Тийм. Цэцийн хамгийн сүүлийн үндэслэлийг нь дурдахгүй орхиж болохгүй байх. Эрүүгийн хэргийн оролцогч, эсхүл огт хамааралгүй этгээдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэн хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийг түдгэлзүүлэхээр байгаа нь хэргийн бусад оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэсэн байна гэж цэц үзсэн. Цэцийн онцлог нь нийтийн эрх зүйн хүрээнд хэм хэмжээ тогтоосон актыг шүүн хэлэлцдэг учраас бусдад огт хамааралгүй гэсэн ойлголт байхгүй. Хууль огт хамааралгүй гээд хуулиас гадуур амьдардаг нэг ч иргэн, байгууллага байдаггүй. Цэц нь хуулийг шүүн хэлэлцэж байгаа учраас түүний шийдвэр харин ч бүгдэд нь шууд хамааралтай. Цэцэд үүсгэсэн маргаан буюу Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хууль нь шүүх дээр хэргээ шийдвэрлүүлэх гээд байгаа иргэний амьдрал, хувь заяаг шийдвэрлэх гээд байгаа учраас тухайн иргэнд хамгийн их хамааралтай. Хамаарч байгаа учраас шүүх хэргийг түдгэлзүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүх цэцийн урдуур орж тухайн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн эрх хэмжээнд халдсан зүйл огт байхгүй төдийгүй эсрэгээр цэцийн үйл ажиллагааг хүндэтгээд шийдвэр гартал хүлээж байгаа явдал юм.

Миний хувьд эрүүгийн хэрэгт оролцогч этгээд харин ч бүр өөрийн эрх, эрх чөлөөг шууд зөрчиж болзошгүй хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгч субьектив эрхээ хамгаалах нь зүйтэй гэж үздэг. Тэгж гэмээнэ үндсэн эрхийн дархлаа тогтоно.

Цэц мөн дүгнэлт гаргахдаа нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүгнэж үзсэнгүй. Учир нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаас гадна хохирогч талын ч эрх, эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй хуулийн асуудлаар цэцэд маргаан үүссэн байж болно шүү дээ, тиймээс заавал нэг талын байр сууринаас дүгнэж болохгүй байх.

-Ер нь хэрэг маргааныг түдгэлзүүлдэг зохицуулалт нийтлэг хэрэглэгдэж байгаа юу?

-Аль ч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхыг шаарддаг. Хууль ёсны гэдэг нь Үндсэн хууль, түүнд нийцсэн хууль тогтоомжийг хэрэглэн шүүх хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэсэн үг. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх явцад хэргийг бүх талаас бүрэн шалгаж, бодит байдлыг тогтооход саад болохуйц тодорхой нөхцөлүүд бий болвол уг нөхцөл байдал арилтал түр хугацаанд хэргийг түдгэлзүүлдэг нийтлэг жишиг бий. Уг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилмагц хэргийг сэргээн шалгадаг. Энэ нь хэргийг бүх талаас бүрэн бодитой, хууль ёсны үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагаас үүдэлтэй. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим гэдэг нь чухамдаа Үндсэн хуульд нийцсэн хуулийн хүрээнд хэргээ шударгаар шийдвэрлүүлэх ойлголтыг илэрхийлдэг.

-Цэцийн шийдвэрээс шалтгаалан шүүхийн практикт ямар нэгэн хүндрэл бэрхшээл үүсч байна уу?

-Энэ маш чухал асуулт байна. Цэцийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэг чадварыг үгүйсгэж болохгүй ч тэдний хувьд шүүхийн практикт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа тул мэдээлэлгүй байж болох юм. Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хуулиар хэргийг түдгэлзүүлэхгүйгээр шууд шийдвэрлэсний улмаас хүний эрх зөрчигдсөн бодит жишээ олон байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэсэн хуулийг цэц хүчингүй болгосон хэдий ч энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон буюу Үндсэн хууль зөрчсөн хуулиар олон иргэд шүүхээр ял шийтгүүлсэн. Хэрэв тухайн хэргийг цэцийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлсэн байсан бол хүний эрхийн зөрчил гарахгүй байсан. Харамсалтай нь Үндсэн хууль зөрчсөн хуулиар ял шийтгүүлсэн иргэд цэцийн шийдвэрийг үндэслэн хэргээ шинээр илрүүлэх хүсэлт гаргасан боловч прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлэхгүй байх жишиг байна.

Эрүүгийн процесст хэргийн оролцогч хэргийг шинээр илрүүлэх хүсэлтээ прокуророос асуудаг бас нэг гажуудал байна. Хэрэв цэцийн шийдвэр хэвээр үлдвэл энэ мэт тохиолдол цаашид жишиг болох аюул байна. Ер нь иргэний эрх зөрчигдөөд зогсохгүй нөхөн сэргэхгүй үлдэх жишиг үүсч байна.

-Хүний эрхийн асуудал хамгийн хурцаар тавигдаж байгаа юм байна?

-Цэцийн шийдвэр гартал хэргийг түр түдгэлзүүлэх хуулийн зохицуулалт нь нэгд иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, хоёрт шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байлгах зорилгоос үүдэлтэй. Үндсэн хууль зөрчсөн хуулиар шүүлгэхгүй байх иргэний суурь эрхийг Улсын дээд шүүх хамгаална гэж найдаад үлдээж болохгүй, тухайлсан хэрэг бүрт иргэний эрх зөрчигдөж байна уу гээд анхаарах боломж угаас Улсын дээд шүүхэд байхгүй. Иймд иргэдэд өөрсдөд нь хуулийн дагуу шударгаар шүүлгэх эрхээ хамгаалах боломжийг нь цэц үлдээх нь зүйтэй. Тэр тусмаа хүний амьдрал, хувь заяаг шийдвэрлэдэг, хуулийн хамгийн хатуу цээрлэл оноодог эрүүгийн хэрэгт энэ эрхийг хязгаарлаж огт болохгүй.

Үндсэн хуульд зааснаар иргэний үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх хууль зүйн баталгааг хангах нь төрийн үндсэн үүрэг юм. Харин Үндсэн хуулийн шүүх төдийгүй аливаа шүүхийн эрхэм зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангахад оршдог.

Тиймээс цэцийн шийдвэрийн гол хүлээлт нь иргэний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг хэвээр үлдээх үү, эсхүл Үндсэн хууль зөрчсөн хуулиар ял шийтгүүлсэний хойно зөрчигдсөн эрхээ сэргээн эдлүүлэх замаар явах уу гэдгийг эцэслэн шийдэхэд оршиж байна. Хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх нь хүний эрхийн хамгийн үр нөлөөтэй арга хэрэгсэлд тооцогддог. Заавал зөрчигдсөний дараа нөхөн сэргээж эрхийг эдлүүлэх нь тийм ч үр дүнтэй биш.

Үндсэн хуулийн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго болон Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд эргэлзээ бүхий нөхцөл үүсвэл шалгагдаж буй этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх, хэнийг ч хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэхгүй байх, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх гэх мэт суурь зарчмууд үйлчилдэг. Үүний нэгэн адил Үндсэн хууль зөрчсөн хуулиар шүүлгэхгүй байх буюу шударгаар шүүлгэх үндсэн эрхийг хамгаалах урьдчилсан зохицуулалтыг эрүүгийн процесст тусгаж өгсөн. Ер нь шүүхээр орно гэдэг гэм буруутай гэсэн үг биш шүү дээ, цагаатгагдах тохиолдол олон бий. Харин Үндсэн хууль зөрчсөн хуулиар яллагдаж шүүгдэх бол эргэлзээгүй хэлмэгдүүлэх үндсийг тавина гэсэн үг.

Мэдээлэл өгсөнд баярлалаа, танд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2021-11-02 66.181.176.165

Цэц өөрөө хурлаа хийхгүй хэдэн сар жилээр алга болдог болохоор арьсаа хамгаалж ийм шийдвэр гаргаж байгаа юм

Avatar

Zochin 2021-11-02 202.126.88.204

Цэцийн ширэн нүүртнүүд даанч уншихгүй байх, уул нь энэ хуульчийн үндэслэлийг ядаж давж гарсан сайн тайлбар өгч шийдвэр гаргадаг баймаар юмаа

Avatar

Иргэн 2021-11-02 66.181.176.165

Цэцийнхэн худлаа хууль зөрчсөн шүүгч нараа хариуцлагаас мултлах гэж ингэж байгаа юм, угаасаа Улсын дээд шүүхээс цэцийн 1/3 томилогддог учраас тэндээсээ хамааралтай. Ийм хачин үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэвэл бүх л хуулийг унагаж болно ш дээ!

Avatar

Дүгнэлтээ өөрсдөө хий... 2021-11-02 66.181.160.114

https://www.youtube.com/watch?v=Wj3_oNDe1-w

Avatar

АРД ТҮМЭН 2021-11-02 59.153.115.57

ҮДСЭН ХУУЛИЙН ГЭЖ ҮНЭНДЭЭ ХУДЛАА БАЙГУУЛАГ
ҮНДСЭН ХУУЛИАР ГАЗАРЫН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭТЭЛ
АРД ТҮМНИЙ ӨМЧ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ӨМЧ БОЛОН ХУВИРСААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ СОХОР МЭТ СУУСААР БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж