Шинэ парламентын "БАРБИ"

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

76:1

Шинэ парламентын "БАРБИ"

Шинэ парламентын "БАРБИ"

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт  Завхан аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг  танилцуулж байна.


Хэвлэлийн салбараас гишүүнээс сонгогдсон бүсгүй шинэ парламентад хэд, хэд бий. Тэдний нэг нь Б.Баярсайхан. Тэрбээр парламентад анх удаа сонгогдсон.  Түүнээс өмнө 2016-2020 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны  Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөхөөр  ажиллаж байлаа. БСШУЯ-ны Төрийн нарийн байхдаа сайдтайгаа таардаггүй, ур чадваргүй гэж ажлаасаа халагдаж байсан ч шүүхэдсээр байгаад буцааж орж байв.  Тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын алба хашин явсан  Ц.Цогзолмаа “Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай яаманд ажиллахаар томилогдож ирсэн хууль ёсны гэх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн. Хэнтэй ч хамтарч ажиллаж чаддаггүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн” гэж  түүнийг дүгнэсэн байдаг. 

Яамны Төрийн нарийн, УИХ-ын гишүүн гээд "мандан бадарсан" нь төрсөн дүү "шүдэнз" хочтой Б.Амарсайханы ач. Нэг шүдэнз зураад төрсөн эгчийгээ Төрийн нарийн болгосон талаар олон нийт тухайн үед шүүмжилж байлаа. 

Түүнийг тойргийнхон нь ч сайн танихгүй. Үнэндээ УИХ-ын 2020оны сонгуульд  МАН-аас бор халзан хонь байсан ч сонгогдож чадах байсан. Хөдөөгийн амьдрал байтугай, хотын гэр хорооллынхны амьдралыг мэдэхгүй "ганган" бүсгүй гэнэт Завханаас нэр дэвшиж ялалт байгуулсан нь түүний сайных биш. 

 Үе, үе Завхан явж, иргэдийн аж амьдралтай танилцахаас илүү өөрийгөө рекламдсан зургаа сошиалд цацах дуртай нэгэн.  

Тодруулбал,   тойрогтоо анх удаа ажиллахдаа Завхан аймгийн Засаг дарга нарыг загнаж үүрэг даалгавар өгсөнөө сүр дуулиантай мэдээлсэн. Түүний энэ үйлдэл нь төрийн институци, УИХ-ын гишүүний эрх үүргээ мэддэггүй болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ажлыг булааж, Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн УИХ-ын анхны гишүүн болсон юм. Тухайн үед автозамын ажилтай танилцахдаа цэрэг хувцас өмсч халаасандаа гараа хийгээд алхаж явсан зураг нь цахим ертөнцөөр нэг тарж олны хэл амны бай болсон.  Тэрбээр үүнийгээ “Би бэлтгэл офицер цолтой хүн. Яагаад цэрэг хувцас өмсч болохгүй гэж”  тайлбарласан нь гал дээр тос нэмж байв. 

Б.Баярсайхан УИХ дахь "Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг" байгуулсан. Гэвч,  үнэндээ хүчирхийлэл, хүний эрхийн асуудалд амаа ангайлгадаггүй.  Уг нь лобби бүлэг байгуулах болсон зорилгоо "Хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүчирхийллүүд нийгмийн бүх түвшинд олон хэлбэрээр үйлдэгдэж байгаа нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт сул, сурталчилгаа тааруу, ард иргэдийн ёс зүйн боловсрол доройтсоныг харуулж байна. Тиймээс хууль боловсруулж, батлах түвшинд энэ чиглэлд анхаарал хандуулж, батлагдаж буй хууль, тогтоомжуудыг боловсруулах шатанд анхаарал хандуулан ажиллана" гэж тайлбарлаж байснаасаа хойш таг чиг "алга" болсон.  Ингэж хэлэх шалтгаан нь түүнтэй нэг танхимд суугаа эрэгтэй гишүүд хүчирхийллийн асуудалд нэр холбогдож байхад тэр чимээгүй л байлаа. 

 

ТҮҮНИЙ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1979-1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль
  • 1987-1991 онд Багшийн сургууль, багш
  • 1998 онд МУИС-ийн ХЗДС, эрх зүйч
  • 1999 онд Хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлч
  • 2004 онд Удирдлагын академи, нийгмийн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1991 онд Нийслэлийн 4 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш
  • 1995 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, редактор
  • 1997 онд Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч
  • 2002 онд MCS группэд РR менежер
  • 2004 онд Ийгл ТВ-ийн борлуулалт, маркетингийн албаны дарга
  • 2004-2007 онд ОУ-ын Пресс клубуудын холбооны ерөнхийлөгч
  • 2020 оноос БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх
  • 2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • СНЭ-ийн хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
  • МҮХЭТ-Сайн засаглалыг хэрэгжүүлэгч шилдэг энтерпрейнер

ГАДААД ХЭЛ

  • Англи
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
26
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж