"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Б.Чинзориг өчигдөр/2021.11.01/ шөвгийн наймд үлдэхийн төлөө Мексикийн тамирчин Марко Эрнандезтэй тулалдаж ялав.
Ийнхүү тэрбээр хагас шигшээ шатны төлөө Казахстаны боксчин Аблаихан Жуссуповтой тулалдахаар боллоо.
Бусад тамирчдын тухайд,
- 48 кг:Г.Ган-Эрдэнэ эхний тулаандаа Балбын тамирчин Рабин Тапаг, хоёр дахь тулаандаа Германы тамирчин Кристофер Гоманыг тус тус ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдана.
- 51 кг:Х.Энхмандах эхний тулаандаа Азербайжаны тамирчин Масуд Юсифзадад ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
- 54 кг:Э.Баярсайхан эхний тулаандаа Тайландын тамирчин Патипан Утаидаг ялсан ч хоёр дахь тулаандаа Барбадосын тамирчин Жабали Бридид ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
- 57 кг:Х.Энх-Амар эхний тулаандаа Казахстаны тамирчин Серик Темиржановд ялагдан, тэмцээнээ өндөрлүүлжээ.
- 60 кг:О.Тулга эхний тулаандаа Тринадад Тобагогийн тамирчин Доннел Филлипийг ялсан ч хоёр дахь тулаанаа Финландын тамирчин Арслан Хатаевтай хийн шүүгч эмчийн шийдвэрээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.
- 63.5 кг:Б.Мишээлт эхний тулаандаа Грекийн тамирчин Василеиос Макригианнисыг ялсан ч дараагийн тулаанаа Тайванийн тамирчин Лаи Чу-Энтэй хийж, ялагджээ.
- 71 кг:О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөж, дараагийн шатандаа Тайландын тамирчин Пирапат Йасунёнтой тулалдан, ялагджээ.
Холбоотой мэдээ