“Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд 10 мянга гаруй мод тарьж арчилж ургуулжээ | News.MN

 “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд 10 мянга гаруй мод тарьж арчилж ургуулжээ

 “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд 10 мянга гаруй мод тарьж арчилж ургуулжээ

УБТЗ-ын төмөр замчид нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүрийн хавар, намарт тодорхой тооны мод, бут тарьдаг. Харин тарьсан модоо хэр арчилж ургуулдгийг сонирхлоо.

Төмөр замын “Найрамдал” цэцэрлэгийн баруун жигүүрт төмөр замчид сүүлийн жилүүдэд мод бут нэмж тарьж, цэцэрлэгийн арчлалтыг УБТЗ-ын Барилгын засвар, ашиглалт үйлчилгээний /БЗАҮ/ II анги хариуцаж байна.

Цэцэрлэгийн өдөр тутмын арчилгааг хариуцдаг тус ангийн цэцэрлэгч Б.Оргилбаттай холбогдлоо. Түүний мэргэжил ойн инженер бөгөөд тус ангид 2017 оноос хойш ажиллаж байгаа ажээ. Б.Оргилбатын удирдлагад таван хүнтэй бригад ажилладаг байна. Тодруулбал, бригадын дарга Ц.Ганцэцэг, талбайн цэцэрлэгч-үйлчлэгч Э.Эрдэнэбилэг, Д.Удвал, Ц.Нямаа, Г.Батболд нар цэцэрлэгийн өдөр тутмын цэвэрлэгээ, тохижилт, мод бутны усалгаа арчилгааг хийдэг ажээ.

Б.Оргилбатын ярьснаар “Найрамдал” цэцэрлэгийн баруун жигүүр нь 1.4 га талбайтай, гацуур, нарс, агч, улиас зэрэг арав гаран төрлийн 10 мянга гаруй модтой юм байна. Шинээр тарьсан моддын ургалт 90-95 хувьтай байгаа гэнэ.

Уг цэцэрлэгийн усалгаанд зориулан БЗАҮ-ний II ангиас гүний худаг гаргаж, 800 метрийн усалгааны шугам татжээ. Арав гаруй мянган модыг нэг удаа услахад ойролцоогоор 70 тонн ус шаардагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэг модыг 60-70 литр усаар усалдаг аж. Тус ангийн зургаан ажилтан өдөрт 1500-2000 мод услах агаад бүх модыг 5-7 хоногт бүрэн усалдаг гэлээ. Усалгаанаас гадна бордох, хортон шавьжийн судалгаа хийж, хор цацах, титмийн таналт тайралт, хэлбэржүүлэлт хийх, зэрлэг зулгаах, зүлэгжүүлэх, зүлэг хадах, хог цэвэрлэх гээд тэдний ажил мунддаггүй байна. Ингэж цэцэрлэгийн арчлалтыг чанартай хийснээр ургалтын хувь өндөр байдаг хэмээн Б.Оргилбат цэцэрлэгч танилцуулсан. Мэргэжлийн хүний хувьд тэрбээр мод тарих талаар хэд хэдэн зөвлөгөөг өгөв. Шинээр суулгасан модыг эхний гурван жилд сайн арчилж тордвол дөрөв дэх жилээс бие даан ургах чадвартай болдог гэсэн юм. Түүнээс гадна шилмүүст модыг тарихдаа хооронд нь дөрвөн метрээс багагүй, навчит болон бутлаг модыг хоёр метрээс багагүй зайтай тарьдаг бол хайлаас зэрэг хашаалж тарих бутлаг модыг нэг метрт 10 ширхэг байхаар тооцож суулгадаг хэмээн зөвлөв.

Энэ намраас тэд “Найрамдал” цэцэрлэгийн зүүн хэсгийн арчлалтыг хариуцах болжээ. Зүүн хэсэг нь 1.8 га талбайтай бөгөөд энэ намар төмөр замчид 20 мод тарьсан бол дүүргийн санхүүжилтээр 640 мод нэмж тарихаас одоогийн байдлаар 120 мод суулгаад байгаа аж.

Ийнхүү нийтдээ гурван га гаруй талбайн цэцэрлэгжилтийг хариуцдаг зургаан ажилчин өөрсдийн хариуцсан ажлаас гадна төмөр замын аж ахуйн нэгж байгууллагуудын захиалгаар модны тайралт, таналт, хэлбэржүүлэлт хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг ч гүйцэтгэдэг юм байна.

Мөн Багахангай дахь Алсын худаг гэх газарт УБТЗ-ын Залуучуудын төв зөвлөлөөс зохион байгуулж, төмөр замчин залуус сүүлийн хэдэн жил нэлээд өргөн фронттой очиж мод тарьцгаасан. Харин ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэмээс шалтгаалан сүүлийн хоёр жил нэмж мод тарьж чадаагүй байгаа аж.

Гэхдээ өмнө нь тарьсан моддын ургалт хэр байгааг сонирхлоо. Алсын худаг дахь моддын арчлалтыг УБТЗ-ын Эрчим хүч,ус хангамжийн /ЭХУХ/ I ангийн Багахангай хэсгийнхэн хариуцдаг аж. Тус хэсгийн мастер Ганзориг “Алсын худгийн гурван га газарт төмөр замын залуучууд 2000 орчим мод тарьсан. Тэдгээр модны арчлалтыг манай хэсгийн слесарь Ц.Сүрэндорж, сахиул О.Баярсайхан нар арчилж байна. Үүний зэрэгцээ жил бүрийн хавар, намарт манай хэсгийнхэн нэмж мод тарьдаг. Өнгөрсөн хавар 35, энэ намар 55 мод нэмж тарьсан. Ургалтын хувьд 90-ээс дээш хувьтай, үхсэн мод байхгүй. Гэхдээ тухайн газрын хөрс нь чулуурхаг учир ургалтын явц нь хар хөрстэй газраас арай удаан байх шиг ажиглагдсан. Шар хуайс, улиас, Ховдын цагаан бургас, чацарганы мод зэрэг нэлээд хэдэн төрлийн мод бий. Манайхан чацарганыхаа модноос бага ч гэсэн ургац авчихдаг шүү. Бидний хувьд услах, талбайн цэвэрлэгээнээс өөр арчлалтыг хийхгүй байгаа. Бүх модоо нэг удаа услахад гурван тонн ус зарцуулдаг” хэмээн ярилаа.

Юутай ч төмөр замчид жил бүрийн хавар, намар мод тарьж, тарьсан модоо арчилж тордож 90-ээс дээш хувьтай ургуулж байгаа юм байна. Мод тарих хөдөлгөөнийг үр дүнгүй, арчилж тордохгүйгээс “ухсан нүх, үхсэн мод” үлддэг гэх шүүмжлэгч цөөнгүй таардаг. Төмөр замчид бол тарьдаг, тарьснаа ургуулж чаддаг хамт олон билээ. Жилээс жилд туршлагажиж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад зохих хувь нэмрээ оруулж байна.

                                                                                                Б.Гүнжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж