У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулна | News.MN

У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулна

У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ноён хурлын дарга аа,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Мөн түүнчлэн хүн төрөлхтөн Covid-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Хурлын дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна.

Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо.

Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна.

Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө “Монгол Улс-Ногоон хөгжил” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна.

“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна.

Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм. Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-11-02 202.9.46.128

ДЭЛХИЙД ГАНЦХАН МАЗААЛАЙГАА АВРАХ ТАЛААР ДУУГАРАХГҮЙ ЯАГАА ВЭ ??????????????

Avatar

Иргэн 2021-11-02 122.201.22.25

Ерөнхийлөгч Хүрэлсүх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах хөдөлгөөнийг дэмжих үйлсийг хэрэгжүүлж эх орндоо хийж буй ажлаа ,цаашид энэ талаар юу төлөвлөж байгаа тухайгаа олон улсын өмнө илтгэснээрээ дэлхийн улс орнуудад Монгол гэж ийм дэвшилтэт байр суурьтай орон байдаг юм байна гэдгийг харуулж чадлаа.

Avatar

Зочин 2021-11-02 150.129.143.22

Төрийн төлөө огтоно гэж дэлхий төлөө Хүрэлсүх боож үхэх үү кх кх кх. Ард түмэн чинь ядуу улс орон чинь чадалгүй байна шүү дээ битгий тэнэгт

Avatar

Зочин 2021-11-02 202.9.40.9

Монгол улс дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгааг Ерөнхийлөгч нь нотоллоо. Дэлхийн удирдагч нар цугласан энэ уулзалт дээр үг хэлээгүй улсын Ерөнхийлөгч нар нилээдгүй байна. Гэтэл Монгол цөлжилт уур амьсгалын өөрчлөлтийн талаар дуу хоолойгоо сонсголоо.Зарим хүмүүс монголын Ерөнхийлөгч үг хэллээ гээд уурлаад байх юм. Эднийхээр бол Ц.Элбэгдорж үг хэлэх байсан юм байх. Тэр Ерөнхийлөгч байхаа больсон тамын тогоон дотор амьдардаг нөхдөө.

Avatar

Зочин 2021-11-02 202.126.88.62

Энэ мэдрэлийг битгий гадагшаа явуулаад байгаачээ. Очихорооо л пал хийтэл солиороод унахын…

Avatar

Зочин 2021-11-02 59.153.113.26

Нөгөө хорслоо тайлагчдад ашгүй хүлээсэн ажил нь гараад ирэв үү. Жижиг Монголын Ерөнхийлөгч, монгол аав ээжийн хүү Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн олон тэрбум хүний өмнө үгээ хэллээ, энэ бахархал биш үү. Сөнөж байгаа дэлхийд мод тарих буруу юу. Монголын ард түмэн бүрэн дэмжиж байхад түүний 0,0000000001 хувь ч хүрэхгүй харгис этгээдүүд Ерөнхийлөгч Хүрэлсүхийг доош хийгээд нэмэргүй, дээрэм нь илэрч Хүрэлсүхээс шангаа хүртэгсэд минь!

Avatar

Зочин 2021-11-02 66.181.179.85

энэ нэг ерөнхийлөгч ард түмний өмнөөс өөрийнхөөрөө хамаагүй ам гарах юм.Юунд л хүргэдэг бол.Хийсэн эхлүүлсэн ажилууд нь нэг нь ч үр дүнгэээ өгөөгүй эхнээсээ царцчихсан явж байдаг.Чингэс хааны музеиг байглийн музей болгоно ч гэх шиг.Анхнаасаа хүний амаар хүнээс будаа идэж хийсэн ажил жаахан асуудал гарахад л гарцгүй болоод мухардчихдаг юм шүү дээ

Avatar

Зочин 2021-11-02 64.119.17.43

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг яавал яаж бууруулах тухайд тэнэгхэн над ойлгуулаад өгөөч , бид чинь 70-80 сая бэлчээрийн мал аж ахуйтай , түүхий ч бай боловсоруулсан ч бай нүүрсээ зарж , шатааж түлж амьдарлаа зогоодог ард түмэнсэн , элдэв дарамт шахалт ирэх вий хэмээн зовних нь …энэ хүлэмжийн хийн асуудалаас ундрагатай Польш дахь нүүрсний уурхай бөөн л асуудал өдөрт сая $ торгууль асуудалтай шүүхийн асуудал , дээр нь бэлчээрийн мал эрхэлдэг хэдэн фермерүүд бөөн асуудал наад европ чинь …

Avatar

Зочин 2021-11-02 202.126.89.68

Нэг их наяд мод гээд шаачихгүй

Avatar

ХУУЛЬЧ 2021-11-02 192.82.64.190

БОЛОМТЖТОЙ БОЛОМЖГҮЙ ЭНД ЧУХАЛ БИШ Л ДЭЭ,,,,,ЖИЖИГ УЛС ОРНЫ ИТГЭЛ СЭТГЭЛ ГЭЭД ОЙЛГОЧИХ ,,,,,,ТЭГЭЭД ТЭР ЗОРИЛТЫГ БИЕЛҮҮЛЭХЭД ГАНЦ МОНГЛ БИШ ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН УЛС ОРНУУД ДЭМЖИХ БИЗ ,,,,МОНГОЛЫН ШОРООН ШУУРГА ГЭЖ НЭГ ТОМ АСУУДАЛ ДЭЛХИЙД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ,,,,,,

Avatar

Зочин 2021-11-02 64.119.17.43

энд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудал яаригдаж бна л даа , мод тариад шийддэг асуудал биш л дээ , индэрт гарч хувь хэмжээ ярьж амлах асуудал л тухайд байх лдаа

Avatar

koss 2021-11-02 202.9.40.27

hulemjiin hii bol baigal ekologid asar hortoi ba mod ih hemjeegeer tarisnaar hulemjiin hiin shingeelt nemegdej baigal ekologid eyreg vr dvn garsnaar hun turulhtund ach tus ni ih ym

Avatar

Зочин 2021-11-02 103.212.119.206

Битгий боломжгүй юм яриад ирваатаад байгаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж