Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.
-Та НӨАТ-ын буцаан олголтын системийн “автор”. Энэ систем хүссэн үр дүн авчирсан уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улс 1997 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) авч байсан ч үндсэн ухагдахуунаас хазайлгаж, дампууруулсан байсан. Тиймээс 2015 онд дөрвөн төрлийн татварыг шинэчилсэн. Үүний нэг нь НӨАТ-ын тухай хууль юм. Татварын системийн дөрвөн том хуулийг шинэчлэн найруулсны дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийг шинэчилсэн. Нэг ёсондоо 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн бүртгэлийн системтэй холбоотой хуулиудыг шинээр найруулж хэрэглэсэн. Иргэддээ НӨАТ-ын 20 хувийг буцааж өгч байгаа үйл явцын үр дүнд бизнесийг бүртгэх, гарч байгаа бүх санхүүгийн баримтыг бүртгэлжүүлэх ажил хийгдсэн. 2016 онд НӨАТ-ын систем ажиллаж эхлэхэд манайд ердөө 1600 кассын машин л байсан. Хоёр жилийн хугацаанд 110 мянган кассын машинтай болсон. Өнөөдөр 220 мянган кассын машин ажиллаж байна. Өмнө нь нийт зах зээлийн 60 хувь нь хар зах зээл байсан. Үүнийг ил гаргахын тулд иргэддээ боломж олгох ёстой юм байна гэж үзээд, НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, буцаан олголт авах боломж олгосон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны татварын орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол 2017 оны аравдугаар сарын байдлаар татварын орлого нэг их наяд төгрөгөөр давсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн тусламжтайгаар бүх төрлийн татварын орлого биелсэн. 2016 онд иргэд эхэндээ итгээгүй. Бид идэвхжүүлэхийн тулд хоёр үйл ажиллагааг зэрэг явуулсан. 2016 оны ажлын үр дүнд 47 их наяд төгрөг тэмдэглэгдэж байсан.
-НӨАТ-ын системийн үр дүнд татварын орлого нэмэгдсэн. Мөнгөний урсгалыг ч тодорхой хэмжээнд хянадаг болсон болов уу?
-Татварын орлого 2017-2019 онд дандаа 30-40 хувийн биелэлттэй байсан. НӨАТ-аар дамжаад хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үүнийгээ дагаад даатгалын орлого жил бүр 30 хувь давж өссөн. Анх 47 их наяд төгрөг тэмдэглэгдэж байсан бол одоо 90 их наяд төгрөг тэмдэглэгдэж байна. Давхардсан тоогоор явдаг, буруу ойлголт төрүүлчих вий. Ямар ч байсан мөнгөн урсгалыг тодорхой хэмжээнд хянадаг болсон. Татварын орлогуудыг бүртгэлжүүлсэн. 2015 онд татварын системүүдээ өөрчилье гээд, тухайн үеийн УИХ-д зэрэг хуулиуд орсон юм. Ганцхан НӨАТ-ын хууль батлагдаад, татварын хуулийн яг үндсэн өөрчлөлтийн концепц нь батлагдаж чадаагүй юм. Бүр хойно У.Хүрэлсүхийн засгийн газрын үед 2019 оны гуравдугаар сарын 19-нд эдгээр хуулиуд батлагдсан. Та анзаараарай. Covid-19 гарснаас хойш татвараар гомдоллосон аж ахуйн нэгжүүд байхгүй. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хуучин 25, 10 гээд хоёр шатлалтай байсан дээр дахин 1 хувийн татвар гаргаад ирсэн. ААНОАТТХ-иар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгж өгсөн татварынхаа 90 хувийг буцаан авч байна. 2016 онд энэ хуулийг хэрэглэсэн бол НӨАТ илүү үр дүнтэй байх байсан.
Иргэн, аж ахуйн нэгж ажил үйлчилгээ аваад татвараа төлдөг. Иргэдийн оруулсан орлогоос компани татвараа улсад тушаах ёстой. Гэтэл компани, төр хоёрын хооронд дандаа асуудал үүсдэг. Татвараа бага төлдөг. Тиймээс иргэнд НӨАТ-ын тодорхой хувийг өгөнгүүт иргэд компанийг хянаад ирмэгц иргэд, төр, компани гэсэн гурвалжин үүсээд, харилцан бие биедээ хяналт тавьж эхэлсэн.
Та санаж байгаа бол кассын хажууд талон овоордог байсан. НӨАТ-ын буцаан авалтын систем үйлчлээд эхлэснээр одоо нэг ширхэг ч талон кассны хажууд үлдэхээ больсон.
Гэтэл өнөөгийн эрх баригч намын нөхдүүд сонгуулийн хар машин, НӨАТ-ын хар машин хоёрыг шатаана гэж улс төрийн акц хийж байсан. Тэр үед НӨАТ-ын систем хэрэгжихдээ жаахан алдаа гарсан. Түүнийг улс төр болгож баахан дэвэргэсэн. Тухайн үед нь би, хулгайч, худалчуудыг дэмжихгүй шүү гэсэн ярилцлага өгч байсан. Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд 4 тэрбум төгрөг гаргаж байж манай 43 программист залуу энэ системийг хийсэн юм. Хар зэх зээл дээр мөнгө угаадаг, татвараас зугтдаг бүлэглэлүүд энэ системийг устгах гэж их оролдсон.
-Одоо иргэд жилд хичнээн төгрөг буцаан авалтаар авч байна вэ?
-Жилдээ бид 160 тэрбум төгрөг, улиралд 40 тэрбум төгрөг буцаан авч байна. Сүүлд Ч.Хүрэлбаатар сайдын үед улирал тутам буцаан олголт өгдөг болсон. Бид НӨАТ-ын системдээ үндэслээд бусад татварын системээ хөгжүүлэх ёстой. Би 2005 онд Сүхбаатар дүүргээс сонгуульд нэр дэвшээд, НӨАТ-ын буцаан олголтын 30 хувийг буцаан өгнө гэсэн мөрийн хөтөлбөртэй орж байсан. Тэгэхэд НӨАТ буцна гэж юу байх вэ гээд хэн ч итгээгүй.
-НӨАТ-ын системийг хөгжүүлэхэд залуусын оролцоо их байсан гэдэг. Мөн дата, технологи ч чухал байсан болов уу?
-НӨАТ-ын системийн үндсэн дата баазыг Монголд 43 залуу хийсэн юм шүү. Дээр нь IT-гийн технологи, гар утсны системийн үндсэн дээр энэ систем хөгжсөн. 2005 оноос хойш гар утасны систем хөгжөөгүй бол энэ системийг ажиллуулахад маш хүндрэлтэй. Технологи маш чухал байсан. Маш өндөр өртөгтэй. Унтрааж болохгүй систем. Өнөөдөр 90 их наядын 600 сая талон цугларсан.
-Энэ системтэй уялдуулаад одоо юуг хэрхэн өөрчлөх боломжтой вэ?
-Гаальтай шууд холбох хэрэгтэй байгаа юм. Гааль дээр бараа, бүтээгдэхүүн орж ирэхэд яг татвартайгаа адилхан кодоор кодлогдоод, бүх барааг бүртгэлжүүлэх боломжтой. Дараагийнх нь НӨАТ-ыг ялгавартай өгөх бүрэн бололцоо байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, НӨАТ-ын баримтаар мөнгөний урсгалыг хянаж байна. Барилга, уул уурхайн салбарт хар мөнгө эргэлдэж байна гэдэг. Жишээ нь, барилгын салбарыг дэмжье гэвэл НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих ёстой. НӨАТ-ын систем дээр ялгавартай ая, хөгжим тоглох нь Ерөнхий сайдын ажил байхгүй юу. Энийг сайн ойлгохгүй байна. Одоогийн Сангийн сайд НӨАТ-ын буцаан олголтын 20 хувийг байхгүй болгоно гэх зэргээр ярьж байна. Өөрсдөө яг үндсэн философийг нь ойлгоогүйд асуудал байгаа юм болов уу. НӨАТ-ын системийн үр өгөөжийг МАН-ын нөхдүүд одоо хүртэл ойлгохгүй байна. Ардын намын залууст хэлмээр байгаа юм. Бид коммунизмыг ойлгоогүй. Марксын “Капитал”, Лениний зохиолуудыг ойлгоогүй олон жил коммунизм байгуулах гэж оролдсон. Бид “Капитал” зохиолыг ойлгоогүй байж коммунизм байгуулах гээд дампуурсан байхгүй юу. Яг түүнтэй адил НӨАТ, бүртгэлийн, татварын системийг ойлгоогүй байж дампууруулах гээд байдаг. Онолынх нь хувьд сайн судлах хэрэгтэй. Бид НӨАТ-ын системийг үндэслээд улсын төсөвт орлого бүрдүүлдэг нөхцлийг сайн хийчихсэн. НӨАТ-ын мөнгийг буцаагаад ашигтай зарцуулах ажлыг төр засаг хийхгүй байна.
-Та төрийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь төрд нь буцаагаад өгчих хэрэгтэй гэж ярьж байсан. Үр дүн нь юунд байх вэ?
-НӨАТ-ыг гурван субъект буцаан авч байна. Иргэн, төр, аж ахуйн нэгж. Энэ системийг бид ганцхан иргэндээ буцаадгаар хийсэн. Хэрвээ тендер төрийн ажил үйлчилгээг авлигагүй, шударга болгоё гэвэл төрийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь төрд нь буцаагаад өгчих хэрэгтэй. Иргэн 20 хувь буцаан авч байгаагийн адил төрийн байгууллагууд жилийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь буцааж татаж авбал дараа жилийн санхүүгийнх нь суурь болно. Тэгвэл авлига хээл хахууль, тендерийн будлиан гээд асуудлууд санхүүгийн хувьд маш их хумигдах юм. Үүнийг төр өөрөө хийхгүй байна. Төрийг хийгээсэй гэж бодож байна. Аж ахуйн нэгжид ялгавартай НӨАТ тогтоох бололцоо байгаа юм. Үйлдвэрлэлийн, үйлчилгээний НӨАТ хоёр байна. Ашгийг тэнцүүлэхийн тулд НӨАТ тогтоох арга бий. НӨАТ-ын системийг цааш нь хөгжүүлэхгүй байгаа нь харамсалтай.
Холбоотой мэдээ