"No Beijing 2022" ба Өвлийн олимп эхлэхэд 100 хүрэхгүй хоног үлдэв

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

"No Beijing 2022" ба Өвлийн олимп эхлэхэд 100 хүрэхгүй хоног үлдэв

"No Beijing 2022" ба Өвлийн олимп эхлэхэд 100 хүрэхгүй хоног үлдэв

Бээжин-2022 өвлийн 24 дэх удаагийн олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хүрэхгүй хоног үлджээ. Ирэх 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ний өдрүүдэд Хятадын нийслэл болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болох өвлийн олимпийн наадамд долоон спортын 15 төрлөөр баг тамирчид өрсөлдөнө. Манай урд хөрш энэ удаагийн өвлийн олимпод зориулж 3.9 тэрбум ам.долллар төсөвлөсөн байна. Өмнө нь 2008 оны зуны олимпод Хятад улс 43 тэрбум ам.доллар зарцуулж байв. Ийнхүү Хятадын нийслэл Бээжин хот нь өвөл, зуны олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болно.

No Beijing 2022

Бээжин хот өвлийн олимпийн эрх авсан цагаас эхлэн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Олон улсын хүний эрхийн байгууллагууд, улс орнуудын зүгээс Хятадын засгийн газрын Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, Өвөрмонгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй төрийн арга хэмжээ, бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн тэд үзсэн юм.

Сүүлд л гэхэд NBA-ийн тамирчин Энес Кантер талбайд гарахдаа “No Beijing 2022”, “No Rights No Games”, “Move The Games” гэх бичигтэй гутал өмссөн. Турк гаралтай тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Геноцид явуулж буй Хятадын засгийн газар болон энэ бүхний ард байгаа найдваргүй дарангуйлагч Ши Жиньпин нарыг өвлийн олимп зохион байгуулахыг зөвшөөрч болохгүй” гэжээ. Мөн Кантер “Nike” болон Майкл Жордан, ЛеБрон Жэймс нарт хандан “Хамтдаа нислэг захиалаад Хятад руу явбал ямар вэ? Боолын лагерьт зочилж, бүгдийг өөрсдийн нүдээр харъя” хэмээн уриалсан аж.

Бүтээн байгуулалт

Дээр дурдсанчлан, Хятадын засгийн газраас өвлийн олимпийн наадамд зориулж, 3.9 тэрбум ам.доллар төсөвлөсөн. 2008 оны зуны олимпийн наадамд зориулж барьсан барилга, байгууламж, цэнгэлдэх хүрээлэнгүүд байгаа учир дэд бүтэц, байгууламж тал дээр Хятадууд санаа зовсонгүй. Харин баг тамирчдын байрлах бага хэмжээний олимпийн тосгон барих хэрэгтэй болов. Учир нь өмнөх 2008 оны олимпод зориулан барьсан олимпийн тосгоноо ард иргэддээ хувьчилжээ. Ингээд үндэсний олимпийн спортын төвийн ойролцоо ногоон бүсэд олимпийн тосгон болон 12 мянган хүний суудалтай тэшүүрийн зууван ордон барих ажлаа эхлүүлжээ.

Олимпийн тосгоноос гадна Бээжин хотын Шижиншан дүүрэгт снөүборд, чөлөөт цанын төрлүүдэд зориулсан байгууламж, Янчин дүүрэгт бобслей, скелетон, санный спортод зориулсан 5000 хүний суудалтай цэнгэлдэх тус тус барьжээ.

Спортын барилга, байгууламж, тосгоноос гадна зам тээвэрт багагүй анхаарлаа хандуулсан. Өвлийн олимп явагдах Бээжин болон Жанчхүү хотуудын хооронд шинэ төмөр зам тавьжээ. Энэхүү төмөр замаар 350 км/цагийн хурдтай хурдны галт тэрэг 50 минутын дотор үзэгчдийг зорьсон газарт нь хүргэнэ. Мөн Бээжин хотын метрог өргөтгөх ажил эхэлж, 2022 он гэхэд метроныхоо нийт уртыг 1000 км болгохоор ажиллаж байна.

2019 оны есдүгээр сард нээлтээ хийсэн Бээжингийн Дашин шинэ нисэх онгоцны буудал нь Хэбэй муж, Тяньжинь хот болон Бээжин хотын нутаг дэвсгэрт дамнан оршдог.

Олимпийн галт бамбар ба медаль

Грекийн эртний Олимпиа уулын бэлнээ Бээжингийн өвлийн олимпийн галыг асаах ёслол саяхан болж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах болон Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Юү Зайцинь тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. Энэ үеэр мөн л  Шинжаан Уйгар, Төвөдөд хэрэгжүүлж буй Хятадын төрийн бодлогыг эсэргүүцсэн эсэргүүцэгчид “No Genocide Games” гэх баннертэй Херагийн сүм рүү нэвтэрчээ. Харин хамгаалалтын албаныхан даруй арга хэмжээ авч, эсэргүүцэгчдийг саатуулсан аж.

Галт бамбарын буухиаг Грекийн уулын цанын тамирчин Йоаннис Антониу эхлүүлж, Хятадын шорт трекийн тамирчин Ли Жяжуньд бамбараа шилжүүлжээ. Бээжинд галт бамбарыг угтан авах ёслолын арга хэмжээний үеэр Юү Зайцинь ярихдаа “Дэлхий даяар Covid-19-ийн халдвар газар авсаар байна. Хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг үргэлж тэргүүнд тавих зарчмын дагуу бид уламжлал болон бодит байдлыг хослуулсан шинэлэг галт бамбарын цомтой байх болно” гэжээ.

Хятад даяар нийтдээ 1200 гаруй хүн галт бамбарын буухиад оролцох аж.

Өвлийн олимп эхлэхэд 100 хоног үлдсэнтэй холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс медалиа танилцуулсан. Энгийн загвартай энэхүү медалиудын ерөнхий шинж байдал нь 2008 оны зуны олимпийн медалийнхтай төстэй. Төв хэсэгт нь олимпийн таван цагирагийг дүрсэлж, Хятадын эртний уламжлалт хээ, угалзыг урлажээ.

Монгол өвлийн олимпийн хоёр, паралимпийн нэг эрх аваад байна

Манай баг тамирчид анх 1964 оны өвлийн олимпод оролцож байв. Үүнээс хойш цагаан олимпод 14 удаа торгон жолоо өргөжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс гүйлтийн цанын спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа өвлийн олимпийн наадамд илгээж байна. Угтаа Монгол Улс биатлон, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цанын спортод тамирчдаа илгээж байсан түүхтэй. Гэвч гүйлтийн тэшүүр, биатлоны спортын олимпийн буухиа тасарчээ.

Одоогоор гүйлтийн цанын спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа оролцуулах эрх бий. Мөн саяхан Монголын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд эрхээ авсан.

Гүйлтийн тэшүүрийн тамирчид хамгийн сүүлд 2002 оны Солт-Лэйк Ситигийн өвлийн олимпод оролцож, тухайн үед Г.Жаргаланчулуун, Б.Октябрь нар өрсөлдөж байв. Харин биатлончид тэртээ 1968 оны Греноблийн өвлийн олимпод оролцоход Б.Дашгай, Б.Дамдинжав нар эх орноо төлөөлж байжээ. Тэгвэл хамгийн сүүлд зохион байгуулагдсан 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд Б.Ачбадрах өрсөлдөж 97-р байранд орсон бол эмэгтэйчүүдийн цанын гүйлтийн 10 км зайд Ч.Отгонцэцэг өрсөлдөж, 84-р байрт орж байв.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад 60м х 30м хэмжээтэй мөсөн өргөө өнгөрөгч есдүгээр сард нээлтээ хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж