Ипотекийн зээл санхүүжилтгүй гэх шалтгаанаар царцжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл санхүүжилтгүй гэх шалтгаанаар царцжээ

Ипотекийн зээл санхүүжилтгүй гэх шалтгаанаар царцжээ

Бага дунд орлоготой иргэдийг дэмжих зорилготой ипотекийн зээлийн хүсэлтэд арилжааны банкууд “дарагджээ”. Гэвч санхүүжилтгүй  гэх шалтгаанаар энэхүү зээл түр хугацаанд зогссон бололтой. Энэ талаар сурвалжлахаар арилжааны зарим банкаар орлоо. Банкуудаар зээл сураглаж, хүсэлтээ өгсөн, сонирхож байгаа хүн цөөнгүй байлаа. Дийлэнх нь залуус. Зээлд хамрагдахаар эдийн засагчтай уулзаж буй хүмүүсийн тухайд бүтэх эсэх нь мэдэгдэхгүй ч  дэмий л найдлага тээж хүсэлтээ өгөх аж. Зарим нь хоосон хаалга мөргөнө. Зээлийн эдийн засагчдын зүгээс “санхүүжилтгүй”, “зээл хэзээнээс олгож эхлэхийг мэдэхгүй” гэх нийтлэг тайлбарыг өгч байлаа.

ЗЭЭЛ ЗОГССОН Ч НАЙДВАР "ТАСРААГҮЙ"

“Голомт” банканд зээлд хамрагдахаар өргөдлөө барьсаар эдийн засагчтай уулзаж буй залуухан эмэгтэйг  хамтран эзэмшигчгүй гэх шалтгаанаар буцаав. Түүний хувьд тогтмол орлоготой, урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн, орон сууцаа сонгосон зэрэг ипотекийн зээлд хамрагдах шалгуурыг хангасан ч баталгаа гаргах хамтран эзэмшигч байх ёстойг эдийн засагч сануулав. Уг нь түүний хувьд ганц бие аж. Иймд эцэг эхийнхээ аль нэгийг нь баталгаа гаргуулах тухай сурагласаар буцав. Түүнтэй адил олон шалтгаанаар банкны шалгуурт “бүдэрсэн” хүн олон биз ээ. Тус банк өнөөдрийн байдлаар санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар ипотекийн зээл олгохгүй байна.

Банкны эдийн засагчийн хэлснээр есдүгээр сараас хойш зээл олгоогүй гэнэ. Зээлийн эдийн засагчтай уулзвал “Ипотекийн зээлийн санхүүжилт тодорхойгүй шалтгаанаар зогссон. Хэзээнээс зээл олгож эхлэхийг хэлж мэдэхгүй ч хүсэлтээ өгч болно. Бид өргөдлийг тань судалсны дараа танд хариу хэлнэ. Хэрэв таны орлого хүрч байвал ипотекийн зээлд хамрагдаж болно. Гэр бүлийн гишүүн заавал нийгмийн даатгал төлсөн байх шаардлагагүй. Харин таны орлого хүрэхгүй тохиолдолд хамтран эзэмшигчээр ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Та 100 м/кв-аас доош талбайтай орон сууцанд 100 сая хүртэл төгрөгийн зээлийг нэг сард 500 мянган төгрөгөөс доошгүй төлбөр төлөх нөхцөлтэйгээр хамрагдаж болно” гэлээ. Түүнээс ипотекийн зээлийн талаар сонирхвол ийм тайлбар өгсөн юм.

Эдийн засагчийн зүгээс ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авахаас өмнө  тус банкаар цалингаа тогтмол авдаг эсэх, урьдчилгаа төлбөрийг хэрхэн бүрдүүлсэн тухай, нийгмийн даатгал тасралтгүй төлсөн эсэхийг лавлаж байв. Хэрэв тогтмол орлоготой, 12 сар нийгмийн даатгал төлсөн, орон сууц, урьдчилгаа 30 хувь бэлдсэн бол ипотекийн зээлд хамрагдах боломжтой аж.

Дараа нь Худалдаа хөгжлийн банкаар орвол мөн л санхүүжилтгүй гэх шалтгаанаар ипотекийн зээл царцжээ. Банкны эдийн засагч хэлэхдээ “Санхүүжилт одоогоор ямар шалтгаанаар олгохгүй байгаа нь тодорхойгүй. Түр хугацаанд зогссон байгаа тул зээлийн хүсэлт хүлээн авахгүй.

Гэхдээ бид нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газартай хамтран ажиллаж байгаа тул зөвхөн цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхны өргөдлийг хүлээн авч, ипотекийн зээлд хамруулж байгаа шүү.

Иймд бусад тохиолдолд хүсэлт хүлээн авахгүй” гэлээ. Хэдийгээр санхүүжилт  байхгүй гэх шалтгаанаар ипотекийн зээл зогссон ч мөнгөн дүнгээр  100 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтойг эдийн засагч хэлж байв. Сүүлийн 12 сар нийгмийн даатгал тасралтгүй төлсөн, ямар ч зээлгүй, орлого хүрч байгаа тохиолдолд ганцаараа байсан ч ипотекийн зээл авч болох гэнэ. Гэхдээ батлан даах хүний гарын үсэг шаардлагатай.

Жишээ нь, иргэн А нь 110 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлсэн. Сарын цалин дунджаар 1.2 сая гэж тооцвол 50-60 сая хүртэл төгрөгийн зээл банкнаас авч болно. Орон сууцны төлбөрийн зөрүү гарвал төлөх нөхцөлтэй.

Санхүүжилт зогсоогүй байхад иргэдийн ипотекийн зээлийн хүсэлтийг ачааллаас хамаарч долоо хоногоос нэг сарын хугацаанд шийдвэрлэдэг байж. Гэхдээ бүх арилжааны банк ипотекийн зээл олгохгүй байгаа гэвэл өрөөсгөл.

Тухайлбал, Төрийн банк ипотекийн зээлийн хүсэлт авч, олгож байгаа аж.

Тус банкны эдийн засагчтай уулзвал “Зээл олгож байгаа, өргөдлөө өгч болно. Урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн бол 80 мкб-аас доошгүй орон сууцыг  100 хүртэл сая төгрөгийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Хэрэв өөр банкаар цалингаа авдаг бол шилжүүлж болно. Өргөдөл гаргаж байгаа бол заавал хамтран эзэмшигч байх шаардлагатай” гэх тайлбарыг өглөө.

МОНГОЛБАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ 2023 ОНООС ЗАСГИЙН ГАЗАРТ “ШИЛЖҮҮЛНЭ”

 Арилжааны банкууд 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж буй. Зарим нь 16:00 цаг хүртэл ажилладаг тул хаалгаа барьсан нь ч бий. Гэхдээ гурван банкаар ороход л хоёр нь  “санхүүжилтгүй” гэх шалтгаанаар ипотекийн зээл олголт тасарсныг харж болохоор байна.

Тэгвэл  2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээл өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард зургаан хувь болж буурснаар эрэлт хэрэгцээ нь бүр ч ихэсчээ.

Тодруулбал,  2020 оны аравдугаар сард ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг зургаан хувь хүргэж бууруулснаас хойш  95 мянга гаруй хүн хамрагдаж, орон сууцтай болсон байна. Найман хувийн хүүг бууруулж зургаан хувь болгосноос хойш нийт  6288 өрхөд 457.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Гэсэн ч төв банкны санхүүжилт буурах эрсдэлд орж, улмаар  ипотекийн зээлийг 2023 онд Засгийн газарт “шилжүүлэх”-ээр  болсныг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлдөө тусгажээ. Учир нь, Засгийн газраас иргэн аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй 10 их наядын зээлийг олгож байгаа тул ийнхүү ипотекийн зээлийн санхүүжилт төв банкнаас төрд шилжих нь.

Энэ тухай Монголбанкны Ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн “Ипотекийн хөнгөлттэй зээлийн хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг бидэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой.

Гэхдээ хөнгөлөлттэй санхүүжилт учир Төв банкны мөнгөний бодлогын зорилттой нийцдэггүй. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хугацаанд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр зээлийг шийдвэрлэнэ гэсэн үг.

Нийгмийн олон талын ач холбогдолтой хөтөлбөр учир тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж Төв банк үзэж буй юм. Урт хугацаандаа олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал” гэсэн юм.

Урт хугацааны зээлээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлсэн ипотекийн зээлийг зогсоох тухай асуудал зөвхөн энэ удаа яригдаж байсангүй. Өмнө нь 2017 онд ч бас ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх тухай яригдаж байсныг олон нийт төдийгүй, эдийн засагчид эсэргүүцэж байв. Одоо ч мөн адил 2023 оноос хэрэв төв банкны санхүүжилт зогсч ипотекийн зээлийг  төрд шилжүүлэхийг олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Хэрэв ипотекийн зээлийг төрд шилжүүллээ гэхэд Улаанбаатар утаа, шахмал түлшнээсээ салахгүй, бага дунд орлоготой иргэд орон сууцтай болох нь мөрөөдөл  биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж