Энэ намрын анхны ҮЗВЭРҮҮД

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Энэ намрын анхны ҮЗВЭРҮҮД

Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар болсон билээ. Цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд "хаалттай" байсан мэргэжлийн урлагийн байгууллагууд цоо шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзахаар тоглолтын зараа түгээж эхэлжээ. Ингээд энэ сард болох зарим тоглолтын талаарх мэдээллийг хүргэе.


“ХААДЫН ХААН АНДГАЙ” ЖҮЖИГ

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Хэзээ: 2021.11.05

Тасалбарын үнэ: 25.000-100.000 төгрөг

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859, Ардын хувьсгалын 100, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд Б.Цогнэмэхийн зохиол Их эзэн чингис хааны тухай ‘’Хаадын хаан’’ жүжгийг их тайзнаа бүтээл болгон үзэгчдэд хүргэх гэж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зохиолчоор Б.Цогнэмэх , ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/, Ассистент найруулагчаар СТА Э.Ёндоншарав нар болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон ажиллаж байна.

“Хаадын хаан. Андгай” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнэтэй болохыг үзэгч олонд мэдрүүлнэ. Монголын тэр дундаа Чингис хааны түүх бол дэлхийн түүх юм.

“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРЬ

Хаана: Дуурь, бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 2021.11.13-14

Тасалбарын үнэ: тодорхойгүй

Дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээж, үргэлжлүүлэн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балетаар үзэгчдийнхээ мэлмийг баясгахаар болжээ.

Халхын сайхан Юндэн гөөгөө" нэрийг сонсоогүй, дууг нь аялаагүй Монгол хүн үгүй биз ээ. Эр хүний үзэмж төгс бүрдсэн тэр сайхан эр өөрийн адил харц гаралтай боловч үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй Сийриймаатай хайр сэтгэлээр холбогдсон ч ханилан суух зам даанч бэрх, Бал гүн нарын зүгээс ирэх саад тотгор дүүрэн байсаар эцэст нь хоёул амиа алдан төгсдөг эмгэнэлт нэгэн домгоос "Учиртай гурван толгой" жүжгийн санааг авсан гэдэг.

1934 онд "Бөмбөгөр ногоон"-ы залуу найруулагч Д.Намдаг театртаа тавих шинэ жүжиг бичүүлэхээр зохиолч анд Д.Нацагдоржийнд зочлон учир байдлаа тоочиход, дээрх домгийн санааг хэлэн, хоёр цагийн дотор жүжгийн гол үйл явдлуудыг ярилцаж, сийрүүлэн буулгаж байжээ.

“ТЭНГЭР ТАЛ” СОНГОДОГ ХӨГЖМИЙН КОНЦЕРТ

Хаана: Улсын филармони

Хэзээ:2021.05-06

Тасалбарын үнэ:30.000 төгрөг

Улсын филармонийн үзвэрийн 50 дахь жилийн нээлт ‘Тэнгэр тал’ сонгодог хөгжмийн концерт энэ сарын 5, 6-ны 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна.

Уг тоглолтод зориулан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ‘Эрхт Монгол’ удиртгал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ‘Тусгаар монгол улс’ удиртгал хөгжмийг бүтээсэн бөгөөд анх удаагаа тайзнаа эгшиглэх юм. Мөн Монголын алдарт хөгжмийн зохиолчдын шилмэл хөгжмийн бүтээлүүд тоглогдохоор тоглолтын хөтөлбөрт багтсан байна.

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач Д.Нямдаш /СТА/, удирдаач Б.Батбаатар /СТА/, Б.Анар болон гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/, гоцлол хөгжимчин Д.Азбилэг /СТА/, Ө.Болормаа /СТА/, Г.Гантулга /СТА/, Х.Тунгалагтамир /СТА/, О.Урангоо, М.Номужин, Т.Энх-Отгон нар оролцоно.

 ТАЙЗ, ДЭЛГЭЦ, ҮЗЭГЧ ХОСОЛСОН ЯРУУ НАЙРГИЙН ҮДЭШЛЭГ

Хаана: Корпорейт Конвешн центр

Хэзээ:2021.11.07

Тасалбарын үнэ: 30.000-100.000 төгрөг

Цувралаар зохион байгуулах "Poetry night – Vol. 1" дуу, шүлэг, бүжиг, хөгжим, тайз, дэлгэц, үзэгч хосолсон яруу найргийн үдэшлэг Монголд анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Улирал бүр зохин байгуулах энэ үдэшлэгт оролцох эхний таван яруу найрагч бол МЗЭ-ийн гишүүн, Шилдэг бүтээлийн "Алтан өд” шагналт" Гол тоглогч" цуврал номын зохиогч яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжав, “Болор цом” наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч С.Начин,  “Цагаан уул” (2009) яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч

Ч.Ууганбаяр, хайрын шүлгийн “Цагаан уул” (2016) яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч

О.Цэнд-Аюуш нар оролцож өөрсдийн шүлэг яруу найргаа амьд хөгжим, бүжиг, дуутай хослуулан хүргэхээс гадна тэдний зохиосон уран бүтээлүүд үзэгч та бүхний сонорыг мялаах аж.

“ГЭМ ЗЭМ” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ МОНГОЛД АНХ УДАА

Хаана: Оросын Соёл шинжлэх ухааны төвд (РЦНК)

Хэзээ:2021.11.25-наас өдөр бүр

Тасалбарын үнэ: 285.000 төгрөг

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "Гэм зэм" постдрамын жүжгийг "Орфей театр" нь Монголдоо анх удаа олны хүртээл болгох гэж байна. Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо "Фауст" постдрамын жүжгийг анхлан найруулсан Мягмарнарангийн Батболд нь  жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм.

Монголын театрын түүхэнд өнөөг хүртэл олон гайхамшигт зохиолчдын уран бүтээлүүд тавигдаж байсан хэдий ч Ф.М.Достоевскийн зохиолыг жүжиг болгон тавьж байсан тохиолдол үгүй юм. Түүний зуун дамнасан суу билигт зохиолуудынх нь үнэ цэн цаг хугацаа өнгөрөх тусам улам ч гялалзсаар, нийгэмд дутагдаж буй мөн чанаруудыг хөндөж харуулж чадсан хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж