Хүүхдэд зориулсан “Covid-19”-ийн эсрэг вакцины эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан “Covid-19”-ийн эсрэг вакцины эргэн тойронд

Хүүхдэд зориулсан “Covid-19”-ийн эсрэг вакцины эргэн тойронд

“Pfizer” компанийн 5-11 насны хүүхдэд зориулсан “Covid-19”-ийн эсрэг вакциныг АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас аравдугаар сарын 29-ны өдөр баталлаа. Ийнхүү АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөхүүд арваннэгдүгээр сарын 2-3-нд хуралдаж, хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах асуудлыг хэлэлцэхээр болов.

Энэ нь АНУ-ын 5-11 насны 28 сая хүүхдийг вакцинд хамруулахад ойртож байна гэсэн үг юм. Тодруулбал, вакцинжуулалт энэ долоо хоногоос эхлэх төлөвтэй байна.

Одоогоор 16 болон түүнээс дээш насныханд вакцин хэрэглэхийг бүрэн зөвшөөрч, 12-15 насны хүүхдүүдэд шаардлагатай нөхцөлд хэрэглэхийг зөвлөж буй билээ.

“Pfizer” компани өнгөрсөн есдүгээр сард вакцины хоёр дахь шатны туршилтыг явуулсан юм. Туршилтад 5-11 насны 2268 хүүхэд хамрагдсан бөгөөд 21 хоногийн зайтай хоёр тун вакцин хийжээ. Хэрэглэсэн тунгын хувьд 10 микрограмм буюу 12 болон түүнээс дээш насныханд хэрэглэсэн 30 микрограмм тунгаас гурав дахин бага аж.

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАЙР СУУРЬ

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн вакцины бодлого хариуцсан ахлах эмч Аманда Кон: Вакцин эрсдэлээс  хамгаалж байна

“Вакцин эрсдэлээс  хамгаалж байна. Хүүхдүүд "Covid-19″-ээр өвчлөх явдал насанд хүрэгчдээс харьцангуй цөөн  ч би тэднийг эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байхыг харахыг хүсэхгүй байна."

Хүнс, эмийн захиргааны зөвлөх хорооны гишүүн, хүүхдийн эмч Жей Портной: Вакцинжуулалт нь хэвийн байдалд орох алхам

“Миний ажилладаг Канзас Сити дэх хүүхдийн Мерси эмнэлэг сүүлийн нэг сар орчмын хугацаанд маш ачаалалтай байсан. Тэр дундаа хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь "Covid-19″ туссан байв. Би үүнээс урьдчилан сэргийлэх ямар нэгэн алхам хийхийг тэсэн ядан хүлээж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль, нийгмийн амьдралаас холдсон хүүхдүүдийн хувьд вакцинжуулалт нь хэвийн байдалд орох алхам юм."

Дьюкийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн хүүхдийн эмч, Эммануэль Уолтер Жр: Вакцин хүүхдүүдэд эрх чөлөө олгоно

"Вакцинжуулалт нь хүүхдүүдэд эрх чөлөөг олгоно. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн хийдэг бүх зүйлийг ая тухтай хийх боломжийг олгох юм. Улмаар вакцин хийлгэсэн хүүхдүүд сургуульдаа явж, спортоор хичээллэх зэрэг хийхийг хүссэн бүх зүйлээ хийх боломжтой болно."

ВАКЦИНЫ ЭРСДЭЛ БА ГАЖ НӨЛӨӨ

5-11 насны хүүхдэд зориулсан “Covid-19”-ийн эсрэг вакцины зөвшөөрлийг батлахаас өмнө Хүнс, эмийн захиргааны мэргэжилтнүүдийн дунд вакцины эрсдэлийн талаарх өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Тухайлбал, хэлэлцүүлэгт оролцогчид миокардит буюу зүрхний булчингийн үрэвслийн талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм. Миокардит нь Файзер, Модерна вакцин хийлгэсэн өсвөр насны болон насанд хүрсэн эрэгтэйчүүдийн дунд ихэвчлэн тохиолдож буй гаж нөлөө юм.

Хэдийгээр хүүхдүүд “Covid-19”-ийн хүнд хэлбэрээр өвчлөх магадлал харьцангуй бага байгаа хэдий ч вакцин хүүхдүүдийг эрсдэлд оруулах шалтгаан болохгүй гэдгийг бусад мэргэжилтнүүд онцолжээ. Мөн вакцины судалгаанд хамрагдсан 5-11 насны хүүхдүүдэд эхний гурван сарын байдлаар миокардитийн шинж тэмдэг илрээгүй болохыг сануулсан аж.

Судалгаагаар 5-11 насны хүүхдүүдэд бага тунгаар буюу 10 микрограмм вакциныг хоёр тунгаар хийхэд дархлааны хариу урвал 30 микрограмм тун хийлгэсэн насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан байгааг тогтоожээ. Мөн тарилга хийсний дараа хүүхдүүдэд өндөр халуурах, хэт өвдөх шинж тэмдгүүд илрэхээс сэргийлэх үүднээс ийн бага тунгаар тарихаар болсон байна. Вакцины үр дүнгийн хувьд тарилгад хамрагдсан насанд хүрсэн хүмүүсийнхтэй ижил байжээ.

Харин гаж нөлөөний хувьд эмнэлзүйн туршилтаар тарилга хийлгэсэн хүүхдүүдийн тарьсан газар улайх, хавдах, хөндүүрлэх, толгой өвдөх, ядрах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрсэн байна.

18-ААС ДООШ НАСНЫХНЫГ  ВАКЦИНД ХАМРУУЛСАН ОЛОН УЛСЫН БАЙДАЛ

Европын эмийн агентлаг 12-15 насны хүүхдүүдэд зориулсан Файзер вакциныг өнгөрсөн тавдугаар сард зөвшөөрсөн юм. Үүнээс хойш холбооны улс орнууд дээрх насны хүүхдүүдийг харилцан адилгүй байдлаар вакцинд хамруулж байна.

Тухайлбал, Дани 12-15 насны, Испани 12-19 насны хүүхдүүдийн ихэнхийг доод тал нь нэг тун вакцинд хамруулжээ.

Франц ч мөн хүүхдүүдийн дунд вакцинжуулалтыг маш хурдтай явуулсан юм. Тус улсын 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэг тун, 52 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Аравдугаар сараас эхлэн тус улс 18-аас доош насныханд вакцины гэрчилгээ олгохоор болсон бөгөөд тэд кино театр, музей, ресторан, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхийн тулд үүнийг ашиглах аж.

Германы шинжлэх ухааны зөвлөхүүд өнгөрсөн зургадугаар сард зөвхөн эрүүл мэндийн суурь өвчтэй 12-15 насны хүүхдүүдэд вакцин хийхийг зөвлөсөн юм. Гэвч наймдугаар сард "дельта" хувилбар өргөн хүрээтэй тархаж эхэлснээр 12-оос дээш насны бүх хүмүүсийг вакцинд хамруулахаар болов.

Шведэд зөвхөн астматай болон бусад хүнд хэлбэрийн өвчтэй 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамрагдахыг зөвшөөрсөн билээ.

Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаггүй Норвеги улсын хувьд 12-15 насны хүүхдүүдэд зөвхөн эхний тунг санал болгосон бөгөөд хоёр дахь тунг хийх эсэх талаар хараахан шийдээгүй аж.

АНУ, Канадын хувьд 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдэд Файзер эсвэл Модерна вакцин тарих зөвлөмжийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Ингэхдээ дээрх насны хүүхдүүдийг гурван долоо хоногийн зайтай хоёр тун вакцинд хамруулах ажлыг эрчимтэй явуулсан байна.

Долдугаар сарын эцэс гэхэд  АНУ-ын 12-17 насны хүүхдүүдийн 42 хувь нь эхний тунг, 32 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Хятад улс 3-17 насны хүүхдүүдийг Синовак вакцинд хамрагдах зөвлөмжийг гаргаснаар дээрх насны хүүхдүүдэд вакцин тарихыг зөвшөөрсөн анхны орон болсон юм.

Тус улс энэ оны эцэс гэхэд 1.4 тэрбум хүн амынхаа 80 хувийг вакцинд хамруулах зорилт тавьсан юм. 18-аас доош насны олон тооны хүүхдийг вакцинд хамруулахгүйгээр үүнийг биелүүлэх боломжгүй билээ.

Хятадад улс вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ч зарим орон нутгийн засаг захиргаанаас гэр бүлээрээ бүрэн тун вакцинд хамрагдаагүй оюутнуудыг сургуульд явахыг хориглосон шийдвэрийг гаргасан аж.

Мөн Синовак вакциныг Ази, Африк, Өмнөд Америкийн олон оронд өргөн хэрэглэж буй. Чили улсад зургаагаас дээш насны хүүхдүүдийг Синовак вакцин хийлгэхийг зөвшөөрсөн бол Өмнөд Африкт зургаан сараас 17 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тус вакцины сорилгыг явуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: SCIENCE NEWS, CNET, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж