Баталгаагүй хүнсний хэрэглээ ургийн гажигт нөлөөлдөг | News.MN

Баталгаагүй хүнсний хэрэглээ ургийн гажигт нөлөөлдөг

Баталгаагүй хүнсний хэрэглээ ургийн гажигт нөлөөлдөг

Баталгаагүй хүнсний хэрэглээ ургийн гажигт нөлөөлдөг

Сүүлийн таван жилд улсын хэмжээнд төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн нярайн тоог үндсэн харъяаллаар нь авч үзэхэд Улаанбаатарт нийт 1119, орон нутагт 1797 бүртгэгджээ. Бүртгэгдсэн газраар нь авч үзэхэд Улаанбаатар хотод илүүтэй бүртгэгджээ. Энэ нь төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношилж хот руу илгээн төрүүлдэг (ЭМС-ын 318 тоот тушаал) болсон, бүртгэл мэдээлэл сайжирсан, оношилгооны чадамжтай холбоотой гэж харж байна. Төрөлхийн гажиг юунаас үүсдэг талаар ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт тасгийн эрхлэгч Б. Батхишигээс тодрууллаа.


 -Төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрөх магадлал хэр өндөр байдаг вэ, яаж тооцоолдог вэ?

-Олон улсад хийсэн судалгаанд 35-аас дээш насанд өндгөн эсийн чанар мууддаг. Энэ нь ургийн гажигтай хүүхэд бий болох эрсдэлийг нэмнэ. Ялангуяа дауны синдромтой хүүхэд бүрэлдэх магадлал өсдөг. Ургийн гажгийн эрт илрүүлэг хөгжсөнтэй холбоотой 35-аас дээш насны жирэмсний хяналтад орсон эхэд хоёрол, гурвал гэх тестийг найман долоо хоногтойд нь авна. 11-13 дах долоо хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зайг (NT) хэмждэг. Энэ хоёрыг нийлүүлээд насыг нь оролцуулаад, эрсдэлийг мэргэжлийн эмч нар урьдчилан тооцоолно. Шилэн хүзүүний арын зайн хэвийн хэмжээ 2,8 мм хүртэл  хэмжээтэй байдаг. Хэрэв эрсдэл өндөртэй гарвал, 16 дахь долоо хоногтойд нь хоромсомын (ураг орчмын шингэнээс) шинжилгээ авч, хоромсомын гажиг байгаа эсэхийг оношилно. Шинжилгээний хариу сар орчмын дараа гардаг. Хэрэв батлагдсан генетикийн гажиг илэрвэл 22 дах долоо хоногтой хүртэл жирэмслэлтийг таслах боломжтой.

-Нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу байна вэ?

-ЭХЭМҮТ 2014 оноос хойш “Эх, ургийн анагаах ухааны баг” бий байгуулсан. Бүх мэргэжлийн эмч нар тухайн илэрсэн ургийн гажиг дээр 7 хоног бүр хуралдаж, зөвлөгөө өгдөг. Ургийн гажиг юунаас шалтгаалсныг шууд хэлэх боломжгүй. Тодорхой хэдэн заалт нь цус ойртолт, генетикийн эмгэг, эсийн гэмтэл, хүнд хортой нөхцөлд ажилладаг (рентгений эмч нарт илүүтэй ажиглагддаг),сүүлийн үед уул уурхай, агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болсон байна.

-Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол хооллолт дээр  анхаарах хэрэгтэй байна. Баталгаагүй хүнс хэрэглэх буюу жимс ургамлыг бордож, угааж байгаа янз бүрийн бодисоор дамжин урагт нөлөөлөх магадлалтай. Гол нь эхнэр, нөхөр хоёулаа эрүүл байж эрүүл хүүхэдтэй болно гэдгийг ухамсарлаж, эмнэлэгт үзүүлж байх нь ургийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулж байгаа юм. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай холбоотой бөөр өвддөг, архаг суурь өвчинтэй хүн их байдаг. Хавар, намрын улиралд нимгэн хувцаслаж доороосоо даарснаас өөр үрэвсэн, далд хэлбэрээр явагдаж байдаг. Өмнө нь харахад эрүүл хүн ч жирэмслэхэд эхийн дархлаа унана. Энэ үед архаг өвчин сэдэрдэг. Эрүүл эх, урагт хүндрэл гарах нь бага.

-Бэлгийн замын халдварт өвчин ургийн гажигт яаж нөлөөлж байна вэ?

-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн бол заавал, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Саяхан яаралтай тусламжаар бэлгийн замын халдвартай зургаан сартай жирэмсэн эх ирсэн. “Нөхөр минь ирж очин байдаг. Өөрөө ажил хийж, амьдралаа авч явдаг учраас жирэмсний хяналтдаа орох зав гараагүй” гэж ярьсан. Хүн өөрийн эрүүл мэнддээ цаг гаргая гэвэл үзүүлэх зав гардаг. Хэт хэнэггүй байх нь хүүхдээ алдаад зогсохгүй эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байна.

-Жирэмсэн эх төрсний дараа юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?

-Хэрэв ургийн гажигтай жирэмслэлт болсон бол ихсийг шинжилгээ өгдөг. Хариу нь 21 хоногийн дараа гарна. Хариугаа гарахаар ирж эмчдээ үзүүлээрэй гэж хэлдэг. Эргэж ирдэг хүн ховор байна. Уг нь энэ хариу л яагаад? гэдэгт хариулт өгөх боломжтой. Ургийн гажигтай жирэмслэлт бүрийг зогсоохгүй. Бага хэмжээний зүрхний цоорхойтой ургийг тээх хугацаанд эдгэх гэх мэт тохиолдлууд байдаг. Уруул тагнайн сэтэрхий гэхэд ЭХЭМҮТ-д олон улсад зөвлөгөө өгдөг баг байна. Уруул тагнайн сэтэрхийгүй байсан юм шиг оёдог болсон байна.

-Төрөлхийн хөгжлийн гажгийн ямар хэлбэрүүд байдаг вэ?

-2016-2020 онд улсын хэмжээнд төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн нярайн өвчнийг олон улсын 10 дугаар ангиллаар авч үзэхэд:

  • Цусны эргэлтийн тогтолцооны төрлөх гажиг -23,7 хувь
  • Яс, булчингийн тогтолцооны төрлөх гажиг ба гаж хөгжил-16 хувь
  • Олон эрхтэний хавсарсан гажиг-14.8 хувь
  • Сэтэрхий уруул ба тагнайн гажиг-14 хувь
  • Хоол боловсруулах тогтолцооны -7,9 болон бусад төрөлхийн гажиг зэрэг зонхилжээ.

С. ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж