УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд 2022 оны нэгдсэн төсвийн аудитын дүгнэлтийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд 2022 оны нэгдсэн төсвийн аудитын дүгнэлтийг танилцуулав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг сонсож, хэлэлцжээ. Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан нарын албаны хүмүүс гишүүдэд танилцуулав.

Гишүүд аудитын дүгнэлттэй холбоотой дараах асуултыг асууж хариулт авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал: Төсвийн ил тод байдлыг хангаагүй бөгөөд Ирээдүйн өв сан, хуримтлал хоёрыг холих нь зөв үү. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: 2022 оны төсөв Ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөв болж чадсан уу. Үрэлгэн байдлыг багасгах тал дээр бодитой төлөвлөсөн зүйл тусгасан уу. Барилга бүтээн байгуулалт тал дээр төсөв их тавьсан байгаа нь цаг үеэ олсон шийдэл мөн үү. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг дэмжинэ гэсэн. Гэвч 2022 оны төсөвт энэ тал дээр тодорхой тусгасан дэмжлэг алга. Төсвөөс гадуур хийгдсэн өнгөрсөн жилийн цахилгаан дулааны хөнгөлөлт, бэлэн мөнгө тараалт зэрэг нь өнгөлөн далдлагдсан асар их хэмжээний төсвийн алдагдал явж байна гэж харж байгаа. Ирээдүйн өв сангийн алдагдал 1.4, одоо байгаа 5.2 их наядын алдагдалтай төсөвтэй нэгдэхээр найм орчим их наядын алдагдалтай болохгүй юу. Ирээдүйн өв сангийн мөнгө дуусчих вий.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Аудитын байгууллага, түүний даргын дээд эрх мэдэл нь юу байдаг юм? Засгийн газар удаа дараа хууль зөрчиж байгаа. Үүнд зөвлөгөө өгөхөөс гадна хариуцлага тооцох эрх мэдэл байдаг уу? Хараат бусаар ажиллахад, мөн хариуцлага тооцоход хууль эрх зүйн хүрээнд дутмаг зүйл байна уу? УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Мэргэжлийн байгууллага нь ард түмний татварын мөнгөнд ийм хариуцлагагүй хандаж байгаад харамсаж байна. 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой ийм тодорхой алдагдалтай төсөв дээр ил тод дүгнэж чадсангүй. Хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэгт оруулсан мөнгөнд аудит хийсэн үү. Ард түмэн хохирсоор байж болохгүй. Энэ оны төсөвт цахилгаан дулаан, шатахуун бензиний талаар ямар нэг тодорхой шийдэл огт ороогүй байхад ийм дүгнэлт гаргаж болохгүй гэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Д. Даваасамбуу, зөвлөлийн гишүүд Э. Бямбажав, Ё.Мөнхбаатар, Г.Алтанзаяа, Д. Сувдаа, Л. Отгонтуяа нар танилцууллаа.

Уул уурхайн баялгаас хүүхдэд хуримтал бий болгож байгааг дэмжих нь зөв

Уул уурхайн баялгаас хүүхдэд хуримтал бий болгож байгааг дэмжих нь зөв. Монгол Улс ковидын үед барилга байшин гэхээсээ илүү төмөр замаа барьж дуусгах, түүнийг дагасан хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө оруулалтыг хийх нь чухал. Бид жил бүр 500 гаруй сая ам.долларыг алдаж байгаа. Үүнийг зогсоох хэрэгтэй. Жил бүр энэ тоо өсөх магадлалтай тул ачаа тээврийн үнэ улам нэмэгдэнэ. Иймд төмөр замын ажлыг дуусгах зайлшгүй шаардлага байна. Жилд 140 орчим сая ам.доллартай тэнцэх цахилгааныг импортолж байна. Гэтэл манайх коксжих нүүрсээ гадагш гаргаад эрчим хүчний нүүрсээ дотооддоо бүрэн ашиглаж чаддаггүй. Иймд бусад хөтөлбөрийг зогсоогоод ч хамаагүй цахилгаан станц барих зүй ёсны шаардлага байна. Мөн ТӨК-уудыг хариуцлагажуулах шаардлагатай. Энэ оны төсөвт хамгийн түрүүнд үр дүн өгөх зүйлдээ хөрөнгө оруулалтыг хийж түүнээс гарсан үр дүнгээс дараагийн ажлуудыг төлөвлөх хэрэгтэй. Нүүрсний үнэ буурах эрсдэл байгаа учраас үүнийг дагаад төсөвт маш том эрсдэл учирч болзошгүйг хатуу анхаарах нь зүйтэй. Төсвийн алдагдал хоёр хувиас давахгүй байх, Засгийн газрын өр ДНБ-ийнхээ 45 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл манай өр 94 хувьд хүрч бүтэн нугалсан байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Мэдлэг бол туршлага юм. Бид энэ хүнд цаг үед нэгнийгээ шүүмжлэхээс илүү мэргэжлийн ийм туршлагатай хүмүүсийн гаргасан санал дүгнэлт, зөвлөмжийг сонсож, ажил хэрэг болгож ажиллах нь чухал. Голыг нь олсон олон дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсынхаа эдийн засгийг тэлэх төслүүдийг үргэлжлүүлэх нь хамгаас чухал гэдгийг онцоллоо хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албанаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж