Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт үргэлжилж, дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Тодруулбал, төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа билээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцжээ. Энэ чиглэлийн замыг арваннэгдүгээр сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түр нээхээр болсон байна. Одоогийн байдлаар
- I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 62.48 хувьтай байна.
- II багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 18.5, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй.
- III багц буюу Урьханаас сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.
- IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байна.
- V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байна.
Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах, хяналт тавих чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхааруулжээ.
Холбоотой мэдээ