Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид ямар арга хэмжээ авах талаар өнөөдөр мэдээлэл өгөв. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд зэрэг төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ "Эм, тарианы хомсдол хараахан үүсээгүй байна. Эм ханган нийлүүлэх төвүүдтэй уулзалт хийж, шаардлагатай эм, тарианы хомсдол үүсэхээс өмнө татан авалтыг эрчимжүүлэхээр болсон.
Зөвхөн Эрээнээр гэхээс илүүтэй Солонгосоос эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах гэж байгаа. Монгол Улсад натри үйлдвэрлэдэг үйлдвэрт хомсдол үүсээгүй. Одоогоор 14 хоногийн нөөц бий. Түүхий эдийн татан авалтад хил хаасан асуудал үүссэн. Ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд 1-2 сарын нөөцтэй.
Эмийн нөөцийн судалгааг хангалттай хийсэн. Эм ханган нийлүүлэх 385 үйлдвэрийн төлөөлөгчидтэй нь уулзаж хаана гацалт үүссэн талаар судалсан. Татан авалтыг эрчимжүүлнэ" гэв.