Талибууд өөрсдийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөх уриалгыг АНУ болон бусад улс орнуудад өнгөрсөн Бямба гаригт гаргав. Тодруулбал, Талибаны засгийн газрыг үл хүлээн зөвшөөрч, гадаад дахь хөрөнгийг нь царцааснаар зөвхөн Афганистанд бус дэлхий дахинд асуудал үүсгэхийг анхааруулжээ.
Тус бүлэглэл өнгөрсөн наймдугаар сард Афганистан улсын засгийн эрхийг авснаас хойш нэг ч улс орон тэдний засаглалыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм.
Тэрчлэн Афганистан улс эдийн засаг, хүмүүнлэгийн хямралтай тулгарч буй энэ үед гадаад дахь олон тэрбум ам.долларын хөрөнгийг нь царцаасан хэвээр байгаа билээ.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид "АНУ-ын талд өгч буй бидний гол сануулга бол Талибаны засгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Афганистаны хямралыг үргэлжлүүлж, улмаар бүс нутгийн аюулыг дагуулж, цаашлаад дэлхийд асуудал үүсгэх болно" гэжээ.
Мөн талууд өнгөрсөн хугацаанд дайтах болсон шалтгаан ч дипломат харилцаа тогтоогоогүй байсантай холбоотой гэв. Тодруулбал, Талибаны засгийн газар Аль Кайдагийн толгойлогч Осама Бин Ладеныг хүлээлгэн өгөхөөс татгалзсан шалтгаанаар АНУ Афганистан руу довтолж байв.
"Дайнд хүргэх болсон асуудлуудыг хэлэлцээрийн замаар, улс төрийн харилцан буултаар шийдэж болох байсан" гэж Мужахид хэлэв. Мөн Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрөх нь Афганистаны ард түмний эрх ашигт ч нийцэхийг тэрбээр онцолжээ.
Талибаны засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй боловч тэдний удирдлагуудтай хэд хэдэн орны өндөр албан тушаалтан Кабулд болон бусад газруудад уулзах болсон.
Тухайлбал, Туркмен улсын Гадаад хэргийн сайд Расит Мередов өнгөрсөн Бямба гаригт Кабул хотод айлчилжээ. Талууд Туркменистан-Афганистан-Пакистан-Энэтхэг дөрвөн улсыг дамжсан хийн хоолой барих ажлыг түргэвчлүүлэх асуудлаар санал солилцсон аж.
Мөн Хятадын гадаад хэргийн сайд Ван И Талибаны албаны хүмүүстэй өнгөрсөн долоо хоногийн эхээр Катарт уулзав. Тэрбээр Афганистаны зам тээврийн дэд бүтцийг санхүүжүүлэх, Кабулын экспортыг Пакистанаар дамжуулан Хятадын зах зээлд гаргах амлалтыг өгчээ.
Пакистаны гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши өнгөрсөн долоо хоногт Кабулд айлчлахад талууд хилийн асуудлаар нухацтай яриа өрнүүлсэн байна. Афганистаны дүрвэгчидтэй холбоотойгоор Пакистан байнга хилээ хаахад хүрсэн. Энэ нь далайд гарцгүй Афганистаны хувьд тун хүнд тусч байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ