УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр /2021.11.01/ мэдээлэл хийлээ. МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн ажлын хэсгийн санал сонсох, Монгол Улс Хятадын Засгийн газар хоорондын хилийн худалдаа эдийн засгийн бүс байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Засгийн газраас Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна
- И-Монгол Академи
- Сахилгын хороо
- Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
- Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулах санал оруулж ирсэн.
Мөн худалдан авах ажиллагааны агентлагыг Шадар сайдын харьяанаас гаргаж Сангийн сайдад шилжүүлэх, цөмийн энергитэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдын мэдлээс гаргаж Боловсролын сайдад, жендерийн асуудлыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын мэдэлд өгөх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Боловсролын сайдын чиг үүрэгт өгөх саналуудыг Засгийн газраас өргөн барьсан.
Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсгээс боловсруулсан саналыг өнөөдөр хэлэлцэж дэмжлээ.
Эдийн засгийн хөжлийн яамыг байгуулах саналыг дэмжсэн. Гэхдээ чиг үүргийн хувьд тав байсныг 11 болгож нэмсэн. Цахим хөгжлийн яамыг байгуулахыг мөн дэмжиж байна. Засгийн газраас долоон чиг үүрэгтэй байсныг есөн чиг үүрэг болгож нэмэгдүүлсэн. Боловсрол болон ойн агентлаг байгуулахыг дэмжсэн. Харин төрийн худалдан авах ажиллагааны агентлаг Сангийн сайдын харьяанд байж болохгүй гэж үзээд өмнөх жишгээр Шадар сайдын харьяанд байх ёстой гэж үзсэн. Жендерийн тэгш байдлын тухай асуудал өргөн цар хүрээтэй. Тиймээс энэ асуудлыг нэг сайдын харьяанд өгөх нь учир дутагдалтай учраас Ерөнхий сайдын харьяанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг дэмжиж бүлэг шийдвэр гаргасан.
Монгол Улс Хятадын Засгийн газар хоорондын хилийн худалдаа эдийн засгийн бүс байгуулах асуудлыг УИХ-д Засгийн газарт өргөн барьсан. Ерөнхийд нь хэлэлцээрийг Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэртэй учраас хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэх үед нь дэмжих саналтай байна.
“Нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг холбогдох байнгын хороо нь хэлэлцэнэ. Гэхдээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүний асуудлыг хэлэлцдэггүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаад явдаг. Өнөөдөр бүлгээр УИХ-ын гишүүдийн гэмт хэрэг, эгүүлэн татах асуудал орж ирээгүй. Огт ярилцаагүй. УИХ-д асуудал орж ирсэн тохиолдолд л хэлэлцэнэ, ярилцана шүү дээ. Хууль зөрчсөн эсэхийг шүүх л тогтооно.Үүнийхээ дагуу л явна” гэж хариуллаа.