Барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН:
-Барилга, хот байгуулалтын салбарт долоон мянга орчим аж ахуйн нэгж, 70-100 мянга орчим хүн ажиллаж байна. Өнгөрсөн хавраас эхэлж бид тодорхой тооцоо судалгаа хийж, Засгийн газар болон холбогдох яамдуудад асуудлаа хэлэлцэж ирсэн. Хил хаагдсан учраас барилгын материалын үнэ өссөн. Барилга, хот байгуулалтын яамнаас үнийн өсөлтөд, тээвэрлэлт болон дэлхийн зах зээл дэх түүхий эд хэрхэн нөлөөлж буйг судалсан.
Үнийн өсөлт нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс барилгын салбарынхны жишиг цалин, түүхий эдийн үнэ болон тээвэрлэлтийн зардал нэмэгдсэнтэй холбоотой. Монгол Улсын 2021 оны улсын төсвөөр баригдах 150 орчим төслийг хасагдсан. Харин мянга орчим төсөл үнийн өсөлтөд нэрвэгдсэн тооцооллыг салбарын яамнаас гаргалаа.
Ирэх оны төсөвт шийдүүлэх 100 орчим компанийн 60 орчим тэрбумын асуудал бий. Цөөн хэдэн компанийн асуудлыг тусад нь ярьж, шийдэх боломжгүй. Гэрээний дагуу санхүүжилтээ аваагүй 1000 орчим төслийн асуудлыг бүгдийг нь ярих ёстой. Төсвийн байнгын хороон дээр өнөөдөр ажлын хэсэг байгуулсан.
Хийсэн ажлын гүйцэтгэлийг өгөхгүй байна гэж байна, тийм зүйл байхгүй. Ажлын гүйцэтгэлийг өдөрт нь багтааж, Сангийн яам руу шилжүүлж байгаа. Улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 38 хувьтай байна. Энэ жил ажил тааруу хийсэн нь дээрх шалтгаантай холбоотой. Ажлын тариф өссөн нь ажлыг шуурхай хийх боломжийг олгосон гэж харж байна. Салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх судалгаа тооцоо хийж, танилцуулна.
"БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА:
-Үнийн өсөлтөөс хамаарч царцсан ажил 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх төсөлд хамааралтай. Үнийн өсөлтийг шийдвэрлэх шийдвэр гарах юм бол бүх төсөл хөтөлбөр дээр үе шаттай магадлал хийнэ. Төсөл тус бүрийн гэрээг дүгнэнэ. 2019 оноос өмнө ашиглалтад орох ёстой байсан ажил байна. 2019 оноос хойш үнийн өсөлт эхэлсэн гэж үзэж байгаа. Үүнээс өмнө дуусгахаар тусгасан ажлыг дуусгаагүй бол уг компаниас үнэнийн өсөлттэй холбоотой асуудлыг авч хэлэлцэхгүй. Жишээлбэл, Баян-хонгор аймагт “Их наяд”, Дундговь аймагт “Суурь” компани гэх мэт барилгыг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлсэн аж ахуй нэгжүүд бий.
С.ОЮУНГЭРЭЛ
Холбоотой мэдээ