УИХ дахь Ардчилсан намаас /АН/ мэдээлэл хийж байна.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн/2021.11.01/хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Хоёрдугаарт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд төсвийн тогтвортой байдлын талаарх санал дүгнэлтийг сонслоо. Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор их сайн хангах ёстой талаар гишүүд ярилаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан санал дүгнэлт бодитой болжээ. 2022 оны төсөв энэ сарын 15-аас өмнө УИХ-аар батлагдах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. Бид ярилцаж байна. 2022 оны төсөв бол 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд маш их байна. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн төсөв болсон" гэв.
АН-аас хөөгдсөн Н.Ганибал Ж.Батсуурь нар аравдугаар сарын 18-нд "АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргасан" талаар мэдээлсэн. Үүнийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үгүйсгэн бүлгийн даргаар өөрийгөө ажиллаж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл аравдугаар сарын 18-нд "Д.Ганбат Засгийн газрыг огцруулах албан бичгийг сугандаа хавчуулан МАН-тай хэлцэл хийж, гурван сайдын суудал авах гэрээ хийх гэж оролдсон" гэж мэдэгдсэн. Үүнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Би Засгийн газраас сайдын суудал горьдоогүй. Засгийн газар болон эрх барьж байгаа намтай бид хамтарч ажиллах ёстой. Үүнийг мушгин гуйвуулж байна" гэх хариуг өглөө.
Холбоотой мэдээ