Квальярелла: Би шинээр төрсөн

Хуучирсан мэдээ: 2021.11.01-нд нийтлэгдсэн

Квальярелла: Би шинээр төрсөн

Квальярелла: Би шинээр төрсөн

Сүүлийн жилүүдэд тамирчид өөрсдийн намтар бүхий баримтат киног гаргах болсон билээ. Тэгвэл энэ удаад Италийн Сери А лигийн "Сампдориа" багийн ахмад хөлбөмбөгчдийн нэг Фабио Квальярелла өөрийн баримтат киног гаргажээ. Энэ бүтээл нь түүний замналын эхэн болон оргил үе гэх мэт цаг хугацааг харуулах хэдий ч хамгийн гол онцлог нь 2010 онд "Наполи" багаас заналт өрсөлдөгчдийн нэг "Ювентус" баг руу яагаад явсан талаар голчилж харуулах ажээ.

Тэрхүү шилжилтийн улмаас "Наполи" баг болон Неаполь хотын иргэдийн уур бухимдлыг ихэд хүргэж байсан юм.

Нэгэн нууцлаг этгээд түүнийг болон гэр бүлийнхнийг нь заналхийлж байсан талаар хэнд ч өмнө дэлгэж байгаагүй нууцыг ил болгосноороо энэ баримтат кино сонирхолтой ажээ. Түүнээс өмнө Италийн домогт хөлбөмбөгчин Роберто Бажо “Il Divin Codino” гэх мөн л өөрийн тухай өгүүлэх баримтат киног гаргаж байсан юм.

Фабио Квальяреллагийн хувьд Сери А лигийн 2009-10 улирал төрөлх хотын баг болох Наполид тоглож байсан боловч өөрт болон гэр бүлийнхэнд нь ирсэн заналхийллээс болж багийнхаа гол өрсөлдөгчийн нэг болох "Ювентус" баг руу шилжиж байсан юм.

Хэрэгтэн анх тоглогчийг зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон тэр ч байтугай өөрөө гэмт хэрэг хийсэн гэх худал мэдээлэл цацаж, үүнийг нь хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэнэ гэж түүнийг сүрдүүлж байжээ. Хэрэг үүгээр дууссангүй хэрэгтэн Квальяреллад өөрийгөө цагдаагийн ажилтан, энэ хэргийг мөрдөж байгаа гэж итгүүлэн мэхэлж байсан аж.

Нэгэн өдөр Квальярелла цагдаагийн газар руу залгаж хэргийн мөрдлөгийн ажил ямар явцтай байгаа талаар асуухад "Тийм нэртэй ажилтан, тийм ямар ч хэрэг бүртгэгдээгүй" гэж хариулж улмаар энэ хэргийг илрүүлж байжээ.

Хэрэгтэн нь 54 настай Раффаэль Пикколо гэх хүн байсан бөгөөд 2019 оны аравдугаар сард шүүхээр түүнд дөрвөн жил 10 сарын хугацаатай ял оногдуулсан юм.

Киноны нээлтийн үеэр Фабио Квальярелла “Хэрэгтэн ял авч шоронд орох үед би дахин төрсөн” гэж нүдэндээ нулимстайгаар яриагаа эхлүүлсэн юм.

Тэрбээр ярихдаа “Одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн. Би илүү тайван амар амгалан байдалтай байна. Өдөр бүр ямар нэг зүйлст сэтгэл шаналахгүй амар тайван өнгөрүүлэх болсон. Хөлбөмбөгтөө анхаарч, гоол оруулж өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж гэр бүлийнхэнтэйгээ цагийг сэтгэл ханамжтайгаар өнгөрүүлэх боломжтой болсон. Би ингэж чадалгүй олон жилийг туулж өнгөрүүлсэн.

Би Неаполитан хөгжөөн дэмжигчдээсээ маш их хайр халамжийг хүлээн авсан. Тэрхүү өдрөөс эхлэн би дахин "Наполи" багийн өмсгөлийг өмсч байгаа мэт мэдрэмж төрсөн. Олон жилийн дараа, хүмүүс надтай уулзахаараа надаас уучлалт гуйж, намайг тэвэрдэг. Гэхдээ тэд ингэх хэрэггүй. Учир нь болсон явдлын талаар тэд угаасаа юу ч мэдэхгүй байсан шүү дээ. Тэр талаар зөвхөн би болон миний гэр бүл л мэднэ” гэжээ.

Хэрэг явдлын үнэн ил гарсны дараагаар Наполи багийн фанатууд 2010 онд Ювентус баг руу явахад нь уурлан бухимдаж байснаасаа уучлалт гуйсан зурвасуудыг түүнд элгээж байсан юм.

Киноны нээлтийн арга хэмжээнд "Сампдориа" багийн андууд болон өмнө нь цуг тоглож явсан хөлбөмбөгчид иржээ.

Т.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж