Их-20 орны чуулганы бүлгийн уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн Ням гаригт Тайваний асуудлаар нүүр тулсан уулзалт хийв.
АНУ, Хятадын хувьд хамгийн эмзэг сэдэв болсон Тайваний асуудлаар талууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж, асуудлыг улам хурцатгахгүй байх талаас анхаарч ажиллахыг харилцан бие биедээ анхааруулжээ.
Ром хотноо нэг цаг гаруй үргэлжилсэн уг уулзалтын үеэр Блинкен ганцхан Бээжингийн үзэмжээр Тайваний статус квод өөрчлөлт оруулах боломжгүй гэдэг Вашингтоны байр суурийг тодорхой илэрхийлжээ.
Мөн Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүсэд сүүлийн үед Хятадын цэргийн сургуулилалт нэмэгдэх болж, өнгөрсөн Ням гаригт гэхэд Бээжин найман удаагийн нислэг үйлдсэнийг буруутгаж, үүнийг цэргийн дарамт гэж үзэж буйгаа мэдэгдсэн аж.
Мөн дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр улс өрсөлдөөнөө хариуцлагатай байдлаар зохицуулах саналыг АНУ-ын талаас дэвшүүлж, нээлттэй харилцаа хамгийн чухал асуудал болохыг хоёр тал хүлээн зөвшөөрчээ.
Харин Ван "АНУ, Хятадын хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаад түгшиж байна" гэв. Энэ нь Хятад, АНУ-ын харилцааг эрүүл хөгжлийн замд оруулах шаардлага тулгарсныг харуулж байна гэжээ.
АНУ-ын хувьд Тайваний статус квог өөрчлөхөөр оролдож байна гэж Хятадыг буруутгах нь томоохон төөрөгдөл болохыг Ван онцлов. Мөн Тайваний тусгаар тогтнох үзлийг өөгшүүлж, дэвэргэж байгаагаараа АНУ буруутай алхам хийж байна гэж мэдэгджээ.
Хятад улс Тайвань арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Тайваний асуудлаарх гадны оролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм. Цаашлаад үүнийг улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэж үзэх болно гэдгээ илэрхийлсэн байна.
Блинкен, Ван нар өнгөрсөн гуравдугаар сард Аляскад болсон хоёр улсын уулзалтаас хойш анх удаа биечлэн уулзсан нь энэ байв. АНУ-ын албанаас тэдний уулзалт илэн далангүй бөгөөд үр дүнтэй болсныг тодотгожээ.
Мөн энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын виртуал уулзалтад тодорхой хэмжээний бэлтгэл ажил болсныг онцлов.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ