Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хил гааль хаасантай холбогдуулан барилгын материалын үнэ огцом өссөн. Үүний үр дүнд улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт зэрэгт тендер авч, барилгын ажлыг эхлүүлсэн 100 гаруй компани дампуурлын ирмэгт хүрчээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал гэх 436 объект барьж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгачдын төлөөллүүд хамтран өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Тэрбээр 2021 онд үүссэн үнийн өсөлтийн зөрүү болох 60 тэрбум төгрөгийг, 2022 оны улсын төсөвт суулгаж өгөхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд, Барилга хот байгуулалтын яам, болоод ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг нарт хандан шаардлага хүргүүлжээ.
Тэдний удаа дараа тавьсан шаардлагын албан хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул өлсгөлөн зарлаж эхлэхээ албан ёсоор өнөөдрийн (2021.11.01) хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ.
Монголын барилгачдын нэгдлийн төлөөлөл “2021 оны барилгын үнийн өсөлтөөс үүссэн 60 тэрбум төгрөгийн хохирлыг 2022 оны улсын төсөвт суулгах шаардлагатай. Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй төсвийн байнгын хороо, С.Чинзориг гишүүнээр ахлуулсан УИХ дахь ажлын дэд хэсэг мөн Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан төсвийн зарлагын хороо шийдэх хэмжээнд хүрээд байна. Бидний шаардлагыг хүлээн авч, ажлын дэд хэсэг байгуулж, барилгачдын нэгдлээс гурван төлөөлөл оролцуулан уулзсан ч, ямар ч шийдвэр гарсангүй. Улсын хөрөнгөөр барилга барьж байгаа 100 гаруй компанийн 5000 орчим ажилчин хийгээд тэдний ар гэр болох 25 мянга гаруй хүн санхүүгийн хүнд байдалд орсон" гэдгийг хэлэв.
Үнийн өсөлт барилгын компаниудад бодитоор нэмэгдэж, барилгын компаниуд өөрсдөөсөө мөнгө гаргаж барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Одоо ажлаа дуусгах эсэх дээр асуудал үүссэн. Цаашдаа ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, барилгын материал авах мөнгөгүй, барилгын гүйцэтгэл дундаа орсон 436 объектын ажил бүрэн зогсоход хүрээд байна.
Иймд холбогдох албан тушаалтнуудад хандан шаардлага хүргүүлнэ. Бидэнд үүссэн хүндхэн нөхцөл байдлыг ойлгож, үнийн зөрүүнээс үүссэн 60 тэрбум төгрөгийн хохирлыг төр барагдуулах ирэх оны улсын төсөвт суулгахыг шаардаж буйгаа илэрхийлж байна” гэв.
Монголын барилгачдын нэгдлээс Сангийн сайдад уг хүсэлтээ удаа дараа тавьсан боловч “Энэ бол түр зуурын үнийн өсөлт, удахгүй шийдэгдэнэ” гэсэн хариултыг өгчээ.
Г.ЭНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ